Хүнс тээврийн жолооч нар нэг цэгээс түгээлт хийнэ

393

Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу энэ сарын 31-ний өдөр хүртэл хязгаарласан. Гэхдээ хэд хэдэн тохиолдолд хөдөлгөөн хязгаарлахгүйгээр зорчуулж буй. Энэ талаарх тодруулгыг аймгийн Шуурхай штабаас авлаа.


-Улаанбаатар хотод өдөр бүр коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Зарим аймаг голомтот бүсээс орж ирэх хөдөлгөөнөө хязгаарлаад байгаа. Манай аймгийн тухайд ямар журмыг мөрдөн ажиллаж байна вэ?

-Улаанбаатар хотод коронавирусний халдварын хэд хэдэн голомт хяналтгүй болсонтой холбогдуулан Завхан аймгийн нутаг дэвсгэрт халдвар зөөвөрлөгдөн ирэх магадлал өндөр байна. Тиймээс аймгийн Онцгой комисс, шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуустал буюу энэ сарын 31-ний өдөр хүртэл хязгаарласан байгаа.

Гэхдээ Завхан аймаг дотроо зөвхөн Шилүүстэй сумаас бусад сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин гаднаас орж ирж буй иргэдэд өндөр хяналт тавьж байна. Хөдөлгөөн хязгаарласан байгаа.  

-Завхан аймгаас бусад аймаг, хот руу зорчуулахгүй байгаа гэсэн үг үү?

-Улаанбаатар хот болон голомт бүхий бусад аймаг руу зорчих тохиолдолд зөвхөн таван тонноос дээш хүнс тээвэр, шатахуун тээвэр, буяны ажлаар нэвтрүүлнэ. Мөн хүнс тээврийн жолооч нар туслах жолоочтойгоо зорчих бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан нэг цэгээс түгээлт хийнэ. Онош тодруулах болон яаралтай түргэн тусламжаар нэвтрэх тохиолдолд аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын зөвшөөрөлтэй байна. Харин эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тохиолдолд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвшөөрөлтэй байна. Улаанбаатар хот болон бусад аймаг руу харьяаллынх нь дагуу нэвтрүүлэх бөгөөд Завхан аймгаас гарч буй иргэд улсын хэмжээнд бүрэн хүн тун вакцин хийж дуустал буцаж ирэхгүй байхаар өөрийн хүсэлтээ гаргасан байх. Буяны ажлаар ирж буй нэг тээврийн хэрэгсэл таваас ихгүй зорчигчтой байна гэж хурлаар шийдвэрлэжээ.

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслийг 2021 оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн 23.00-09.00 цагийн хооронд Улаанбаатар хот руу нэвтрүүлэхгүй болсон тул иргэдийг цаг хугацаагаа тохируулж зорчихыг дахин анхааруулж байна. Улсын Онцгой комиссоос 2021 оны 3-р сарын 28-ны өдөр хүртэл хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа.

-Тэгвэл Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж буй иргэдэд ямар шаардлага тавьж байгаа юм бол?

-Улаанбаатар хот болон голомт бүхий бусад аймгаас ирэх тохиолдолд хэд хэдэн шаардлагыг аймгийн Онцгой комиссоос тавьж байгаа.

Тухайлбал Улаанбаатар хот болон голомт бүхий бусад аймгаас зөвхөн Завхан аймагт ажиллаж, амьдардаг байнгын оршин суугч иргэдийг иргэний үнэмлэх болон багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хүлээн авна. Түүнээс бус өөр иргэдийг хүлээн авахгүй. Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн иргэд шууд гэрийн тусгаарлалтад шилжиж журмаа чанд мөрдөнө. Улсын онцгой комиссын 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолын дагуу тухайн сумын Шуурхай штабаас иргэн бүрт баталгаажуулалтын хуудас, холбогдох мэдээллийг өгч хатуу хяналт тавин ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад буй иргэд дүрэм журмаа чанд мөрдөх нь зүйтэй. Харин голомтот бүсээс ирж буй хүнс тээврийн жолооч нар халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж нэг цэгээс түгээлт хийсний дараа гэрийн тусгаарлалтын журмыг мөрдөнө. 

-Шинжилгээний хариу гараагүй тохиолдолд түргэвчилсэн шинжилгээг заавал өгнө гэсэн үнэн үү?

-Тийм ээ. Голомтот бүсээс ирж буй иргэд PCR шинжилгээний хариу гарснаас хойш 72 цагийн дотор Их-Уул сумын пост дээр ирээгүй. Бусад зөрчилтэй тохиолдолд иргэд заавал түргэвчилсэн оношлуураар төлбөртэй шинжилгээ өгнө. Учир нь шинжилгээний хариу гараагүй байхад тухайн аймгийн бүсийг давж орж ирснээс хойш халдвар тараасан хэд хэдэн тохиолдол улсын хэмжээнд гарлаа. Тиймээс хаана хаанаа анхаарал болгоомжтой байх. Иргэд маань дүрэм журмаа баримталж хөдөлгөөнд оролцох нь зүйтэй байна. Хэнэггүй үйлдлээс болж маш олон хүнийг цар тахлын эрсдэлд оруулж буйг бид харж байна шүү дээ.  

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд Их-Уул, Нөмрөг, Сонгино, Отгон, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Шилүүстэй суманд хяналтын цэг ажиллаж байна. Иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрсэн. Гэрийн тусгаарлалтын журмыг чанд мөрдөөгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хатуу хариуцлага тооцно. Зөрчил гаргаж буй иргэдийн талаарх мэдээллийг аймгийн Шуурхай штабын 7046-2110, аймгийн Цагдаагийн газрын 7046-102 дугаарын утсаар хүлээн авна. Эцэст нь сануулахад цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүр хичээх хэрэгтэй юм. Бэлэн байдлын зэрэгт ажиллаж буй мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид, төрийн албан хаагчдын шаардлагыг биелүүлж хамтран ажиллах хэрэгтэй. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn