Хөвсгөл, Завхан аймагт гарсан ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 6700 гаруй га талбай шатжээ

284

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр болон есдүгээр сарын 20-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Сүхбаатар, Завхан аймагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж, цурамд оруулаад байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 9-нд бүртгэгдсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан цурам доторхыг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртсөн бөгөөд Ням гарагийн 17:00 цагт цурамд оруулсан байна.
Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт ойн түймэр гарсан дуудлага энэ сарын 12-нд бүртгэгдэж, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, Мягмар гарагийн 19:00 цагт түймрийг цурамд оруулжээ. Түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай өртөөд байгаа аж.
Завхан аймгийн Баянтэс сумын нутагт газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 8-нд бүртгэгдэж, Мягмар гарагт 18:00 цурамд оруулсан бөгөөд өчигдрийн байдлаар Онцгой байдлын газар, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Увс аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цэргийн дүйцүүлэх албаны алба хаагчид, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Цагаан голын-Ам гэдэг газрын Шар халзангийн-Эх гэдэг газарт унтраах ажиллагаа зохион байгуулж байна. Урьдчилсан байдлаар 6,700 га талбай шатсан байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хээрийн түймэр гарсан мэдээлэл өчигдөр 16:20 цагт бүртгэгдсэний дагуу тус аймгийн болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж өнөөдрийн 05:50 цагт бүрэн унтраажээ.
Иймд,
  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn