Ам.долларын түүхэн уналт: 2008 оноос хойш харагдаагүй муу үзүүлэлт

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эдийн засаг болон гадаад бодлого нь тогтворгүй, урьдчилж таамаглах боломжгүй байгаа нь ам.долларт нөлөөлж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон АНУ-ын сонгуульд Трамп ялалт байгуулсны дараа ам.долларын ханш, АНУ-ын хөрөнгийн зах зээл өсөлт үзүүлсэн. Хөрөнгө оруулагчид Трамп эдийн засгийн өсөлтийг тогтвортой барина гэж таамагласан тул ам.доллар болон хөрөнгийн зах зээл нь өсөлт үзүүлж байсан юм.
Гэвч ажлаа хүлээн авснаас хойш Трамп тогтворгүй алхмууд хийсэн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг уналтад оруулж, ам.долларын ханшийг буурахад хүргэв. Тухайлбал АНУ-ын хөрөнгийн зах зээлээс дөрвөн их наяд ам.доллар арчигдаад байгаа юм. Харин ам.долларын индекс энэ он гарснаас хойш 4.6 хувиар унав. Энэ нь 2008 оны Дэлхийн санхүүгийн хямралаас хойш харагдаагүй муу үзүүлэлт юм. 2008 онд ам.долларын индекс үүнтэй ижил хугацаанд 4.8 хувиар буурсан.
Ам.доллар индекс бол долларыг гадаад валютуудтай харьцуулсан үнийн хэмжүүр юм. Долларын ханш тэдгээр валютуудын эсрэг чангарах үед индекс өсөж, буурах үед багасдаг. Ам.долларын индекс нь долларын ханшийг европ, иен, фунт стерлинг, канад доллар, швед крон, швейцар франктай харьцуулдаг юм.
Долларын ханш сулралтын ихэнх нь сүүлийн хэдэн долоо хоногт явагдсан. Трамп энэ хугацаанд Канад, Мексикийн эсрэг татвар тавихаар төлөвлөж байснаасаа хэд хэдэн удаа буцсан. Онолын хувьд канад доллар, мексик песо ам.доллартой харьцах ханш буурах ёстой ч нэмэгдэж буй.


Цагаан ордон эдийн засаг, улс төрийн чиг баримжаагаа өөрчилснөөс хамгийн их хожсон нь евро байв. Өнгөрсөн сарын хугацаанд ервогийн ханш ам.долларын эсрэг 4.02 хувиар чангарчээ. АНУ Европын холбоотой харилцаагаа хөндийрүүлж буйн улмаас Европын удирдагчид батлан хамгаалахын салбартаа төсөвлөдөг мөнгийг нэмж, эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэх бодлого танилцуулсан. Еврогийн ханш чангаралтад энэ нь нөлөөлжээ.

“Capital Economics” фирмийн Жонас Голтерманн “Өнгөрсөн жил АНУ сайн өсөлт үзүүлсэн бол Европ саарч байсан. Харин одоо Европт шинэ өөдрөг үзэл дэлгэрлээ. Нөхцөл байдал ёроолдоо тулсан тул одоо үүнээс цааш эдийн засгийн салбарт сайн өөрчлөлт гарна гэх найдлага үүссэн” хэмээсэн байна.
АНУ ам.долларын ханшийг хүчтэй байлгах хүсэлтэй гэдгээ мэдэгдсэн ч ам.долларын ханш буурсаар. Тус улсын Сангийн сайд Скотт Бессент энэ сарын долоонд “CNBC” агентлагтай ярилцахдаа “Энэ захиргаа болон Ерөнхийлөгч Трамп ам.долларыг хүчирхэгжүүлэх бодлогыг тууштай баримталж байгаа” гэсэн юм.
Яагаад ам.долларын ханш унаж байна вэ?
АНУ гаалийн татвар нэмэгдэхэд доллар сулрах нь хачирхалтай санагдаж магадгүй. Онолын хувьд гаалийн татвар нь бусад валютын эрэлтийг бууруулж, тэдгээрийн ханшийг унагах ёстой. Гэвч долларын ханшийг зөвхөн худалдааны тэнцэл бус, олон хүчин зүйл тодорхойлдог. Тэдгээрийн дотроос хамгийн чухал нь АНУ-ын бодлогын хүүгийн түвшин болон бусад орнуудын хүүгийн зөрүү юм.
Өөрөөр хэлбэл, хэрэв АНУ-ын бодлогын хүүгийн түвшин бусад ижил төстэй эдийн засгуудтай харьцуулахад өндөр байвал долларын ханш бусад валютын эсрэг өсөх хандлагатай байдаг. Учир нь өндөр хүү нь АНУ-ын бондыг илүү ашигтай харагдуулж, хөрөнгө оруулагчдыг татдаг. АНУ-ын бонд доллароор илэрхийлэгддэг тул бондын эрэлт өсөхөд долларын эрэлт дагаад өснө.
“U.S. Bank Asset Management” фирмийн хөрөнгө оруулалтын стратегийн ахлах захирал Роб Хаворт “Доллар чангарах үед гадаадын мөнгө АНУ руу илүү их орж ирж байна гэсэн үг” хэмээсэн юм.
2024 оны сүүлийн улиралд доллар болон АНУ-ын засгийн газрын бондын өгөөж тогтмол өссөн. Үүний шалтгаан нь инфляцын бууралт удааширч, хөдөлмөрийн зах зээл хүлээгдэж байснаас илүү тогтвортой байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчид ирээдүйд бодлогыг хүү буурна гэх хүлээлтээ багасгасантай холбоотой. Харин дэлхийн бусад эдийн засаг, ялангуяа Европт, эсрэг хандлага ажиглагдаж эхэлсэн. Европын Төв банк хүүгээ үргэлжлүүлэн бууруулах төлөвтэй байсан нь еврогийн ханшид дарамт болж байв.
Сүүлийн хэдэн долоо хоногт Вашингтоны гаргасан шийдвэрүүд, тухайлбал гаалийн татвар, холбооны засгийн газрын төсөв, төрийн албаны ажлын байрыг их хэмжээгээр танах оролдлогууд геополитикийн тогтворгүй байдал үүсгэж АНУ-ын эдийн засгийн хүчийг сулруулж эхэллээ. Зарим эдийн засагчид эдгээр гаалийн татвар нь удаан өсөлт, өндөр инфляц бүхий стагфляц бий болгох эрсдэлтэй гэж анхааруулж байна.
“Peterson Institute for International Economics”-ийн Жозеф Гагнон “Их тодорхойгүй байдал үүссэн. Гаалийн татварууд маш их хор нөлөөтэй тул хүмүүс зардлаа танаж эхэллээ. Ялангуяа бизнесүүд томоохон хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хойшлуулж байна. Энэ нь эдийн засгийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлж, зах зээлийг айлгаж буй. Мөн Холбооны нөөцийн сан бодлогын хүү бууруулахыг урилах нь нэмэгдэнэ” гэжээ.
АНУ-д эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид бодлогын хүүг бууруулна гэж дахин хүлээж эхэллээ. Хоёрдугаар сарын дунд үе хүртэл ихэнх хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн сан энэ онд дээд тал нь нэг удаа хүү бууруулна гэж тооцоолж байсан бол одоо тэд оны эцэс гэхэд гурван удаа бууруулна гэж үзэж буй.
Эх сурвалж: Investopedia, Marketplace