Бидний амьдралд хүчтэй нөлөө үзүүлэгч

12

Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ыг 1960 онд Сирийн нийслэл Багдадад болсон бага хурлаар үүсгэн байгуулжээ. Өнгөрсөн 65 жилд тус байгууллагын гишүүн орнууд манай гаргийн нефтийн нөө¬цийн 80, олборлосон нефтийн 64 хувийг хянаж байдаг дэлхийн томоохон нэгдэл болоод байна.
ОПЕК-ийг Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл улс анх байгуулж, сүүлд нь Катар (1975), Индонез (1962), Ливан (1962), Арабын нэгдсэн Эмират (1967), Алжир (1969), Нигер (1971), Габон (1975), Ангол (2007), Экваторын Гвиней (2017), Конго (2018) улс элсэн оржээ. 2024 оны эхээр Азербайжан, Бахрейн, Бруней, Бразил, Казахстан, Малайз, Мексик, Оман, Орос, Судан, Өмнөд Судан улс эгнээнд нь орсон байна. Төв байр нь Женевт байсныг 1965 оны намар Австрийн Вена хотод шилжүүлсэн аж. Гишүүн хийгээд холбоонд ороогүй нефть экспортолдог 10 улс нэгдэж нефтийн зах зээлийг сэргээх зорилгоор 2016 онд Хамтран ажиллах тухай тунхаглалд гарын үсэг зурсан байна. Одоо тус байгууллагад 12 улс нэгдэж, 11 орон түүний дотор ОХУ үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож буй юм байна. 2023 онтой харьцуулбал 2024 онд дэлхийн нефть олборлосон хэмжээ хоногт 0.77 баррель буюу нэг хувиар буурчээ. Энэ нь 2020 оноос дунджаар хоногт 72.58 сая баррель олборлож байснаас хойш анх удаа ихээхэн буурсан үзүүлэлт юм.
1980-аад оны эхнээс нефтийн эрэлт эрс унаснаар 1986 онд түүхий эдийн зах зээл нь сүйрэхэд хүрсэн байна. Үүнээс болж борлуулалтаас олох орлого ч мэдээж буурчээ. Энэ нь гишүүн олон орны эдийн засгийг тогтворгүй болгов. Ингээд ОПЕК нефть олборлох хэмжээнд гишүүн орнуудынхаа дунд квот тогтоожээ. 1990- ээд онд Зүүн өмнөд Азид эдийн засгийн байдал унаснаас үүдэлтэй ер бусын тогтворгүй нөхцөл үргэлжилснээр тухайн 10 жилийн эцэс рүү зах зээл өмнөх 10 жилийнхээ дунд үеийн түвшин рүү дөхөж очсон байна. 2000-аад онд зах зээлийн гол өдөөгч нь дэлхийн санхүүгийн хямрал байсан бол 2010-аад оны үед макро эдийн засгийг хамарсан тодорхой бус байдал, үнийн өсөлт байв. Цар тахал дэгдсэн нь нефть олборлох ажлыг ч, түүхий эдийн үнийг ч эрс унагав. Энэ бүхний эцэст 2020 онд ОПЕК-ийн гишүүн орнуудын эдийн засгийн уналт дэлхийн дундажтай харьцуулбал их, 2021 оны сэргээн боссон хэмжээ бага байжээ.
Дэлхийн нефтийн батлагдсан нөөцийг 1.6 их наяд баррель гэж тооцоолж байгаа. Үүний 55 хувь нь Ойрхи Дорнодын, 22 хувь нь Латин Америкийн орнуудад байгаа аж. Латин Америкийн нефтийн бараг 90 хувь нь ганц Венесуэлийн газар нутагт байдаг юм байна. Африкт нефтийн нөөцийн 7.6, Умард Америкт ердөө 3.5 хувь нь байдаг. Нефтийн нөөцөөр тэргүүлдэг эхний таван улсад Венесуэл 303.2 тэрбум баррель буюу дэлхийн нөөцийн 19.3 хувийг эзэлдэг хэмжээгээр, Саудын Араб 267.2 тэрбум баррель буюу 17 хувийг эзэлдэг нөөцөөрөө, Иран 208.6 тэрбум баррель буюу 13.3 хувийг эзэлдгээрээ, Ирак 145 тэрбум баррель буюу 9.2 хувийг эзлэх нөөцөөрөө, Арабын нэгдсэн Эмират улс 113 тэрбум баррель буюу 7.2 хувийг эзэлдгээрээ ордог аж. Венесуэл, Иранд АНУ хорио тавиад байгаа. ОХУ эдгээр үзүүлэлтээр (80 тэрбум баррель, 5.1 хувь) долоодугаар, Хятад (28.2 тэрбум баррель, 1.8 хувь) 11 дүгээр байрт орж байна.
2024 оны байдлаар 2023 онтой харьцуулбал нефтийн эрэлт дэлхий дахинд хоногт 1.49 сая баррелиар нэмэгдэж дунджаар 103.8 сая болж байжээ. Түүхий эдийн эрэлт бараг бүх бүс нутагт, ялангуяа Хятад, Энэтхэг, Ойрхи Дорнод, Африк, Латин Америкт өссөнийг ОПЕК тэмдэглэсэн байх юм. Гишүүн орнуудын хувьд өсөлт 1.3 хувь байна. Эрэлт хэрэгцээний өсөлтийн 36 шахам хувь нь Хятад, Америкт ногдож буй. Тэдний ард Энэтхэг (5.3 хувь), Орос (3.8), Бразил (3.3 хувь) оржээ.
2024 онд нефтийн түүхий эд олборлосон хэмжээ ОПЕК-ийн гишүүн орнуудад 0.57 сая барреллиар буурчээ. Өргөтгөсөн бүрэлдэхүүнд оролцогч 11 улсад энэ үзүүлэлт 0.78 сая баррель байв. Бүхэлд нь авч үзвэл 2020-2024 онд дэлхийн хэмжээнд олборлосон нефтэд ОПЕК-ийн гишүүн орнуудын эзлэх хэмжээ 35.4-36.2 хувиар нэмэгдсэн байхад оролцогчдынх 19.6-21.7 хувиар хасагджээ. Дэлхий дахинд олборлож буй нефтийн 55.7 хувь нь ОПЕК-ийн гишүүн болон оролцогч 23 улсад ногдож байна. Үүний дотор 31 хувь нь Ойрхи Дорнодын, 22 нь Умард Америкийн, долоо нь Латин Америкийн орнуудынх байгаа бол Африкт 6.1 хувь, Европт 4.9 хувь ногдож буй аж. Нефть үйлдвэрлэлээр АНУ (хоногт 19.5 сая баррель), Хятад (14.2 сая баррель), Энэтхэг (6 сая баррель), Орос (5.8 сая баррель), Өмнөд Солонгос (3.4 сая баррель) тэргүүлж явна.
2024 онд ОПЕК-ийн гишүүн орнуудын олборлосон нефть буурснаас экспортын түвшин нь ч доошилжээ. Эдгээр улс дунджаар хоногт 19.01 сая баррель нефть нийлүүлсэн нь 2023 онтой харьцуулбал 0.7 сая баррелиэр багассан гэсэн үг юм байна. Үүнийхээ 71.9 хувийг Азийн, 24.4 хувийг нь Европын орнууд руу гаргажээ. Өнгөрсөн онд нийлүүлсэн нийт нефтийн хэмжээ 43.2 сая баррель хүрсний 44 хувь нь ОПЕК-ийн орнуудынх байв. Сүүлийн таван жилд гишүүн улсуудын экспортолсон нефтийн хэмжээ 1.5 сая баррелиэр нэмэгдсэн байхад оролцогчдынх
0.3 сая-аар хорогдсон байна. ОПЕК-ийн гишүүн бус орнуудынх энэ хугацаанд 1.36 сая баррелиэр ахисан байж. Экспортолсон нефтийн хэмжээгээр Саудын Араб (6.0 сая баррель), Орос (4.5 сая баррель), АНУ (4.1 сая баррель), Канад (3.6 сая баррель), Ирак (3.4 сая баррель) улс толгой цохиж, гаднаас нефть авснаараа Хятад (11 сая баррель), АНУ (2.3 сая баррель), Энэтхэг (4.8 сая баррель), Өмнөд Солонгос (2.7 сая баррель), Япон (2.3 сая баррель) тэргүүлдэг юм байна. Импортын нийт нефтийн 60 хувийг эдгээр улс авчээ.
ОПЕК хэмээх байгууллага гишүүн хийгээд оролцогч орнуудынхаа үйл ажиллагаа, улс төрийн бодлогыг уялдуулах, салбартаа оруулах хөрөнгөөс өгөөж хүртэх ажлыг зохицуулах гол үүрэгтэй. Гишүүн орнуудын Эрчим хүчний сайд нар жилд хоёр удаа уулзаж, нефтийн олон улсын зах зээлд үнэлгээ өгч, хөгжлийн хэтийн төлвийг нь урьдчилан төлөвлөж байдаг. Зах зээлийг тогтвортой байлгахад чиглэсэн шийдвэрүүдийг энэ уулзалтаас гаргадаг. Зах зээл дэх эрэлт хэрэгцээтэй уялдаж нефть олборлох хэмжээг өөрчлөх тухай шийдвэрийг ОПЕК-ийн бага хурлаас гаргана. Тус байгууллагын дээд эрхийг жилд хоёр удаа болдог оролцогч орнуудын бага хурал барина. Шинэ гишүүн элсүүлэх шийдвэрийг бага хурал гаргаж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, төсөв, санхүүгийн тайланг хэлэлцэн баталж, Зөвлөлийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, түүний орлогч, байцаагчдыг томилно.
Түүх сонирхвол 1960-аад онд колоничлолыг халах, шинээр тусгаар тогтносон улсуудыг бий болгох ажил зонхилж, дэлхийн нефть олборлох үйл ажиллагаанд “Долоон эгч дүүс” хэмээгдсэн “Exxon”, “Royal Duteh shell”, “Texaco”, “Chevron”, “Mobil”, “Guts oil”, “British petroleum” гэсэн үндэстэн дамнасан томоохон компани ноёрхож байж. Шинээр тусгаар тогтносон улсууд нөөц баялгаа хяналт тавьж, тэдгээрийг улсынхаа эрх ашгийн төлөө ашиглах сонирхол ихтэй байсан нь ОПЕК-ийг үүсгэн байгуулахад ихээхэн нөлөөлсөн гэж үздэг. Энэ үед гишүүдийн нь тоо хоёр дахин нэмэгджээ. ОПЕК-ийг 1962 онд НҮБ-ын Засгийн газар хоорондын бүрэн эрхт байгууллагаар бүртгэж авсан байна.
Гишүүн орнуудынх нь Засгийн газар өөрийн нутаг дэвсгэрт байгаа нефтийн үйлдвэрүүдийг хяналтдаа авснаар 1970-аад онд ОПЕК-ийн нөлөө дэлхийн зах зээлд үлэмж өсжээ. Түүний бодлогоос хуурай нефтийн үнэ ихээхэн хамаарах болов. Нефть нийлүүлэлтэд Арабын орнууд 1973 онд хориг тавьж, 1979 онд Иранд хувьсгал эхэлсэн нь үүнд нөлөөлжээ. Энэ үед гишүүд нь 13 болсон юм.
1980-аад оны эхээр нефтийн үнэ дээд түвшиндээ хүрснээ 1986 онд нэг баррель нефть доод тал нь 10 ам.доллар болж унасан байна. Нефтийн үйлдвэрлэлд гишүүн орнуудын эзлэх хувь хэмжээ эрс доошилж, эдийн засагт нь айхтар сөрөг нөлөө үзүүлэв.
Өмнөхтэй нь харьцуулбал 1990-ээд онд Ойрхи Дорнод дахь цэрэг, дайнтай (1990-1991) холбоотойгоор нефть нийлүүлэлтэд учрах хямралд ОПЕК цаг алдалгүй авсан арга хэмжээний ачаар өртөлгүй өнгөрч чадав. Энэ он жилүүдэд Габон тус байгууллагаас гарч, Эквадор гишүүнчлэлээ түр зогсоов. 2000-аад онд нефтийн үнэ тогтворжиж, 2004 онд үнэ өсөж, 2008 оны дундаас дээд түвшинд хүрэв. 2000, 2007 онд Каракас, Эр-Риядад болсон дээд хэмжээний хоёр, гуравдугаар уулзалтаас гаргасан шийдвэрийн үр дүнд эрчим хүчний тогтвортой зах зээл бий болж, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал хөндөгдөж эхлэв. 2007 онд Ангол гишүүнээр элсэж, Индонез 2009 оны эхнээс гишүүнчлэлээ түдгэлзүүлж, нефть импортлогч улс болов. 2016 онд Габон ОПЕК-т эргэн ирж, Эквадорын Гвиней 2017 онд гишүүн нь болж, Катар 2018 онд ОПЕК-оос гарч байгалийн хий олборлох чиглэлээр ажиллахаар шийдэв. 2025 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар ОПЕК-т 12 улс элсээд буй.
Р.Жаргалант
https://www.unuudur.mn/a/277692
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn