Д.Трамп Өмнөд Солонгост хүрэлцэн иржээ

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 29 /BBC/. Умард Солонгосын тал газар-агаар ангиллын далавчит пуужингуудыг харваснаас хэдхэн цагийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ.
Энэхүү туршилт нь Умард Солонгосын цөмийн зэвсэглэлийг зөвтгөх гэсэн дохио байж магадгүй гэж BBC телевизийн Сөүл дэх сурвалжлагч Жэйк Квон хэлжээ.
Төрийн мэдлийн хэвлэлүүдэд мэдээлснээр, пуужингуудыг босоо чиглэлд харвасан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзах сонирхолтой байгаагаа Д.Трамп өмнө нь илэрхийлсэн боловч одоогоор ийм уулзалт болох шинж тэмдэг алга байна. Д.Трамп худалдааны хэлэлцээрийг эцэслэн байгуулах шахалтанд ороод буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтой уулзана.
Өмнөд Солонгосын тал 25 хувийн татварыг 15 хувь болгон бууруулахын тулд АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцоод байгаа юм.
Өмнөд Солонгост айлчлах хугацаандаа Д.Трамп Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын /АПЕК/ дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, АНУ-Хятадын худалдааны асуудлыг хэлэлцэнэ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг