Б.Өлзийбаяр: Хүмүүнлэгийн тусламжийг жинхэнэ эздэд нь хүргэж өгөх л чухал санагдсан

624
Тус аймгийн манлайлагч залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл “Юу байна түүгээрээ” уриатайгаар Улиастай сумын сургууль, цэцэрлэг, тус сумын зургаан багийн 15 өрхөд тусламжийн гараа сунгажээ. Энэ талаарх мэдээллийг “Юу байна түүгээрээ” аяныг санаачлагч “Цогт” фитнес клубийн багш, дасгалжуулагч Б.Өлзийбаяртай уулзаж тодрууллаа.

-Сайн байна уу? Юу байна түүгээрээ нэртэй аяныг Улиастайд анх удаа амжилттай явууллаа.
Аяны зорилго юу байв?
-Бидний хэдэн бүсгүйчүүд санаа нэгдэж энэхүү аяныг амжилттай явууллаа. Тухайлбал “Спининг” клуб, Цогт фитнес клубийн багш, дасгалжуулагч, идэвхтэй тамирчид болох С.Сэтэвсүрэн, Л.Мөнхтуул, Г.Гэрэлтзул, А.Хонгорзул нар хамтраад үндэсний өгөх өдрийг угтаж сайн үйлсийн аяныг маш богино хугацаанд зохион байгуулсан.
Бидний зохион байгуулсан аян амьдралын төлөө өөрсдийн чадлаар хичээж яваа олон хүүхэдтэй айл өрх, бүтэн болон хагас өнчин, асран халамжлах хүнгүй ахмад настнуудад урам зориг, итгэл найдвар, хайр энэрэл түгээх зорилготой юм.
Бидний уриалгыг олон хүн дэмжиж богино хугацаанд өөрт ашиглагдахгүй ч бусдад хэрэг болох эд зүйлсийг хэрэгтэй нэгэнд өгөхөөр хандив дэмжлэг, эд материалын зүйлийг өгсөн байгаа.
Тухайлбал аймгийн Онцгой байдлын газрын хамт олон, Завхан их сургуулийн оюутнууд, Алтан гадас одонт Политехник коллежийн оюутнууд, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Улиастай зах, Ундрам зах, Ургамал зах, Худалдааны төв, Оргил худалдааны төвийнхөн маш сайн дэмжиж оролцсон байна. Мөн Тансаг Мода дэлгүүр, Баруун бүсийн худалдааны төвийн худалдаачид, Завхан хүнс групп, PC Mall цахилгаан барааны дэлгүүр, Завхан хүнс атар ХХК, Загасан нүд-Загастай ХХК, Их мянганы хишиг ХХК, Идэр мянган нэрийн дэлгүүр, Нутгийн үйлс ХХК,СУИС-ийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн хамт олон, Баянбүрд худалдааны төвийн хүүхдийн хувцасны тасаг, Орос хүнсний дэлгүүр, болон хувь хүмүүс сайн дураараа нэгдэж, бэлэн бараа материал, хүнсний бүтээгдэхүүн, мөнгөн тусламжийг хандивласан байна.
Ер нь иргэд маань юу байна түүгээрээ туслахад хэзээд бэлэн байдаг юм билээ. Гагцхүү тэднийг зөв уриалж, хүмүүнлэгийн тусламжийг жинхэнэ эздэд нь хүргэж өгөх нь л чухал санагдсан. Мөн бусдад сэтгэлээсээ тусалж буй хүмүүсийг олон нийтэд алдаршуулах нь ч тэдэнд урам өгдөг юм билээ.
-Хандивт цугларсан эд материал, мөнгөн тусламжийг зорилтот иргэддээ яаж хүргэсэн бэ?
-Мэдээж бид Улиастай сумын зургаан багтай хамтран ажиллаж зорилтот өрхүүдээ сонгосон байгаа. Ингэхдээ бид харж хандах хүнгүй ахмад настнууд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аавуудтай гэр бүлүүдийг сонгосон байгаа. Бусдад сайхан сэтгэлээрээ тусалж дэмжсэн олон хүний итгэлийн хандивыг арваннэгдүгээр сарын 1, 2- ний өдрүүдэд нэгтгэн хүргэж өгсөн. Энэ өдрүүд нь Үндэсний өгөх өдөр юм билээ. Улиастай сумын 6 р цэцэрлэг, Жавхлант цогцолбор сургууль, Улиастай сумын зургаан багийн 15 өрх айлаар орж, зорилтот иргэддээ хандив, тусламжаа хүргэж өгсөн.
Энэ удаагийн хандив дэмжлэгт иргэд, бизнес эрхлэгчид, албан байгууллагууд маань жинхэнэ сэтгэл гаргаж нэгдсэнд талархаж байна. Тэдний хандивласан цоо шинэхэн шошго бүхий бэлэн хувцас, эд материал, хүнсний бараа бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа материал, бичиг хэргийн эд зүйлсийг зорилтот айл өрхүүддээ хүргэж өгөхөд үнэхээр бахархам байлаа. Хандивлагчид маань ёстой л юу байна түүгээрээ бусдадаа сэтгэлийн өглөг, дэмжлэгээ өгсөн нь харагдаж байсан шүү.
-“Үндэсний өгөх өдөр”-ийг угтаж зохион байгуулсан аян гэлээ? Үндэсний өгөх өдрийн талаарх мэдээллээ хуваалцаач?
-Тэгэлгүй яах вэ. “Үндэсний өгөх өдөр” хэмээн нэрлэгдсэн ийм сайхан өдрийг 10 жилийн өмнө манай аймгийн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санаачилж маш олон хүнлэг үйлсийг зохион байгуулж байгаа нь бахархмаар санагдсан. Тиймээс бидний хэдэн бүсгүйчүүд ярилцаад их хурлын гишүүний санаачилж хэрэгжүүлж буй ажлыг орон нутагтаа зохион явуулахаар санал солилцсоноор энэ арга хэмжээ аймагт анх удаа боллоо.




Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэсээр энэ онд 10 дахь жилтэйгээ золгож байгаа юм билээ. Тухайлбал, анх 2010 онд хүнд өвчтэй, онош нь тогтоогдохгүй байсан нэг ой гаруй настай Удвал хэмээх охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад “Том болоорой Удвал аа” төслийг хэрэгжүүлж, охины эмчилгээнд хэрэгтэй байсан 25 сая төгрөгийг 10 хоногийн дотор цуглуулж өгсөн юм билээ. Түүнээс хойш жаахан хичээхэд хүний амь ч аврах боломжтой юм байна хэмээн урамшиж, үндэсний өгөх өдөртэй болохоор шийдсэн байна.







Түүнээс хойш жил бүр хэн нэгэн, хэсэг бүлэг, нийт ард иргэдийнхээ төлөө, сайн сайхан, урам зориг, эв нэгдэл, энэрэл хайрыг түгээсэн үндэсний өгөх өдрийг тасралтгүй нийгмийн сайн сайхан, итгэл найдварыг бий болгох 36 томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн юм билээ.
Эдгээр төслийн хүрээнд Монгол Улсын болон дэлхийн 35 улсад амьдарч буй 300,000 гаруй монгол иргэдийг оролцуулан, хувь хүн, хүмүүнлэгийн байгууллагуудад нийтдээ хагас тэрбум төгрөг босгох аян амжилттай өрнүүлж, таван хүнд амьдралд бэлэглэж, эрүүл саруул болоход нь тусалсан байна.
Энэ жил 11 дүгээр сарын 01-ний өдөр. “Үндэсний өгөх өдөр”-ийн 10 жилийн ой буюу “Талархлын жил” тохиосон. Энэ талархлын жилд Завхан аймагтаа анх удаа “Үндэсний өгөх өдөр”-ийг зохион байгуулсан нь ч амжилттай болсонд талархаж байгаа. Ирэх жилийн “Үндэсний өгөх өдөр” илүү их цар хүрээтэйгээр Завхан нутагт минь дэлгэрэх болтугай гэж ерөөмөөр байна. Энэ удаагийн хүмүүнлэгийн арга хэмжээг минь дэмжиж, иргэдэд сурталчилж, олон хүний бусдад буян болгож илгээсэн хайрыг түгээсэн иргэддээ баярлалаа. Албан байгууллагууддаа баярлалаа. Завхан аймгийн иргэдийг төлөөлөн УИХ-д суугаа эрхэм гишүүн Балжиннямын Баярсайхан гишүүнд талархал илэрхийлж байна. Та бүгдийн бусдад түгээсэн сайн үйлс ТҮМ БУМ БОЛОН ҮРЖИХ болтугай. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn