Политехникийн коллежийг 173 суралцагч 10 мэргэжлээр төгсөж байна
Тус аймгийн Политехникийн коллежийн нэг жилийн ангийг төгсөх суралцагчид зургаадугаар сарын 11 хүртэл мэргэжлийн дадлага хийнэ.
-“Энэ жил манай сургуулийн нэг жилийн ангийг нийт 173 суралцагч 10 мэргэжлээр төгсөх юм. Улиастай суманд тогтоосон хөл хориог энэ сарын 22-ны өдөр сулруулсан тохиолдолд суралцагчдаа мэргэжлийн дадлагад гаргана. Мэргэжлийн дадлагыг зургаадугаар сарын 11 хүртэл чиглэл чиглэлээрээ хийнэ. Ингээд дадлага дууссаны дараа зургаадугаар сарын 14-нөөс эхлэн танхимаар шалгалтыг авч төгсгөнө. Хэрэв хөл хорио хатуу хэвээр байх шийдвэр гарвал гэрээр дадлага хийсэн баримтыг үндэслэн дүнг тавьж, шалгалтаа онлайнаар авч төгсгөх үйл ажиллагааг авахаар төлөвлөөд байна. Ер нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы шийдвэртэй уялдуулан суралцагчдыг төгсгөнө. Суралцагчид одоогоор цахимаар хичээллэж байгаа бөгөөд ирц 75 хувиас дээш байгаа тохиолдолд сар бүрийн тэтгэмжээ авч байгаа” гэж Политехникийн коллежийн сургалтын менежер Л.Амарзаяа мэдээлэв.