Малтай өрхийн тоо өсжээ
Тус аймгийн малчдын нийгэм ахуйн зарим үзүүлэлтийг судлахад малчин өрхийн 89.2 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.
-Нийт малчин өрхийн 83.6 хувь нь телевизортой, 81.4 хувь нь сансрын антентай байна. Харин 62.2 хувь нь авто машинтай, 58.9 хувь нь мотоциклтой байна. Манай аймагт 16.2 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Үүнээс 25.5 хувь нь 15-34 насны залуучууд, 60.7 хувь нь 35-59 насны хүмүүс байна. Харин 14 орчим хувь нь тэтгэврийн насны хүмүүс байна. Энэ онд 13769 малтай өрх тоологдлоо. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэн авч үзвэл, аймгийн дүнгээр нийт амины малтай өрхийн 3.6 хувь нь 10 хүртэл малтай байна. Харин 15 орчим хувь нь 51-100 малтай, 45.2 хувь нь 200 толгой малтай байгаа бол, 30 орчим хувь нь 500 хүртэлх толгой малтай байна. Мянгаас дээш малтай өрх зургаа орчим хувийг нь эзэлж байна. Малтай өрхийн тоо өнгөрсөн оноос 377-оор, малчин өрхийн тоо 434-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна. Бүсийн хэмжээнд малтай өрхийн тоогоор 21.1 хувь, малчин өрхийн тоогоор 21.4 хувь, малчдын тоогоор 22.0 хувийг тус тус эзэлж байна гэв.