Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ

566

Долоон улаан мэнгэтэй, төмөр суудалтай, өтлөхүй, үхэхүй шүтэн барилдлагатай, амь ус, бие шороо, эрхтэн төмөр, хийморь мод, сүлд төмөр махбодьтой.Хотол төгс хэмээх төмөр хулгана жил нь 60 жил дотор нэг л давтагдана. Монголын хүрээ хамба номунхан, Ламын гэгээний анхдугаар дүр Лувсанданзанжанжанцаны ”Үрийн зурхай сайтар номлосон бүхний хураангуй” хэмээх сударт жаран жилийн өнгийг айлдахдаа; Хотол төгс хэмээх төмөр хулгана жилд “Зарим газар алаг цоог хур буусан ч үр тариа чухаг болж, зуд турхан болмуй” хэмээн тодорхойлжээ.
Гарч буй жилийг сонжихдоо тухайн жилийн байр байдлаас гадна тэр жилд тодорхой нөлөө үзүүлдэг гараг эрхсийн хөдөлгөөнийг тооцоолон бодож тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг. Хамгийн нөлөөтэй эрхсийг тэр жилийн эзэн од гэдэг. Таван гарагийн хөдөлгөөнийг тооцоолон бодоод тэр дундаа пүрэв гарагийн байрлалыг тухайн жилийн хонины ордонд орж буй өдөр ямар одтой тохиож байгааг тогтоож, тухайн тохиож буй одыг жилийн эзэн од гэдэг. Энэ жил Яруу эгшигт од нэртэй эзэн од тохиосон.
Жилийн эзэн Яруу эгшигт одны үр нь; Жилийн байр байц нийтдээ тэгш сайн боловч морь, малдаа анхаарамжтай хандууштай гэжээ. Дараагийн нэг нөлөөтэй эрхэс бол хаан гараг. Энэ жилийн хувьд хаан гараг нь Адьяа гараг байгаа. Гал махбодтой гараг учраас түймэр, галаас өдөөгдсөн өвчин, ер нь галын шинж чанартай сөрөг зүйлс гарч магадгүй тул анхаарах хэрэгтэй.
Жилийн хаан гараг Адьяагийн [Ням] үр нь; Үр чухаг, ой цэцэрлэг хийгээд ус мөрөн хатна. Могой тэргүүтэн хороор амьтныг хөнөөнө. Халуун өвчин тэргүүтэн хүмүүний өвчин дэлгэрнэ. Эм хүчгүй болно. Хатуужлыг үйлдэгчид дэвжинэ. Орон гүрний дотор хямрал гарч болзошгүй.
Жилийн эзэн гараг Ангарагийн [ Мягмар] үр; Галын хүчин арвижих ба аливаа үйлс дэлгэрнэ. Сэтгэл муутнаас сэрэмжлүүштэй. Газар тариалангийн үйлд онцгой анхаарах шаардлагатай. Шараас болсон өвчин дэлгэрэх магадлалтай тул хянамгайлууштай. Төрийн өндөр суудалтнууд, сайд дарга нар ард иргэдээ амгалан тайван байлгах арга ухаанд шамдах хэрэгтэй. Мөн Гал махбодтой гараг бөгөөд монголчууд хүчтэй зүйлийг галаар дүрсэлдэг. Тиймээс дэлхий дахины хүрээнд цэрэг хөдлөх, хямрал тохиох зэрэг зүйлс гарч болзошгүй. Хаан гараг байгаатай адил түшмэл гараг гэж бий. Энэ жилийн хувьд хаан гарагаа дагадаг, түшмэл гараг нь Буд гараг.
Жилийн түшмэл гараг Будын [Лхагва] үр; Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр тариа цэцэг жимс дэлгэрнэ. Хүмүүн нүгүүд номын явдлыг эдлэнэ. Номын явдлаар явагч (эрдэмтэн мэргэдүүд) хүмүүн нугууд ард иргэдэд хүндлэгдэнэ. Хаадын хүчин арвижна хэмээжээ. Дараагийн үзүүлэлт нь “Шороон үхрийн шинж” -ээр жилийн өнгийг гаргах ёсон буй. 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་དང་བཅས་པ་བཞུགས་སོ།།)” хэмээх ном зохиож, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхэрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ.
Төмөр хулгана жилийн өнгийг “Шороон үхэр”-ийн зурлагаар тодорхойлбол; Үхрийн тухайд толгойн хэсэг нь цагаан, бие, омруу, өвчүү, туурай, цулбуур хэсэг хөх, эвэр, чих, сүүл хэсэг улаан, дөрвөн шийр, ходоод, ногт хэсэг шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарвасан байдалтай байна. Үхэр хариулаач нь царай хэсэг шар, малгайгаа зүүн гартаа барьсан, дээл ногоон, бүс цагаан, гэзэг үсээ баруун чихний ар, зүүн чихний урдуур сүлжиж унжуулсан. Хөх өнгийн гутлаа өмсөж, мяндсаар томсон, бургасан, улаан шилбүүр барьсан, хүч чадал ихтэй хүүхэд дүртэй. Үхрийн өмнө сандрангуй гүйж байгаагаар дүрслэгдсэн байна.
Нялхаст (түмэн олон) ээлтэй, настанд (өндөр суудалтан) ширүүвтэр, залууст (дунд суудалтан) ширүүн байх нигууртай ажээ. Ард олонд амгалантай, малд харшлах шалтгаантай байж болзошгүй. Төрийн хууль, цаазын хэрэгжилт сайжирч, улс орон амгалан төвшин болох болой. Залуу хүмүүсийн ажил үйлс бүтэмжтэй, үр ач дэлгэрэх маш сайн. Хаваржилт хүндрэх ард иргэдийн аж амьдрал доройтох ч, харин зун, намар, өвлийн улиралд иргэдийн ажил үйлс бүтэмжтэй болж, амьдрал ахуй сайжирна.
Жилийн эхэн, улирлуудын эхэн дунд саруудад цас, хур бороо элбэг буух, эмийн шим төгөлдөржинө. 6, 7 сард хур тунадас жилийн дундажаас бага байх, газар орноо аргадан тахилга хийлгэвэл зохистой.
Өвөлжилт хүндрэх болой (цас бага унах). Өндөр уул, толгод, тал хээрийн бүсэд өвс ногоо, цэцэг навч ихэд дэлгэрэх, хадлан бэлчээр, тариа, ногооны ургац арвин гарна. Ой цэцэрлэгт үр жимс дэлгэрнэ. Хавар, намрын эхэн, дунд сард халуун (хижиг), хүйтэн өвчин, лусын өвчин, бадгана чанарын өвчин гарах магадтай (эрүүл мэндэд илүүтэй анхаар).
Нялхсын цаана нийт зон ард олны боддог болохоор ард түмэн олон нийтэд эерэг нөлөө гарах юм байна. Настанд ширүүн гэдгийн цаана их өндөр суудалд сууж байдаг хүн буюу хуучин ёсоор яривал ноёдыг хэлж байна. Одоогоор бол төрийн гурван өндөрлөг байна. Идэр залуусын цаана буюу их хурлын гишүүд, нутаг хошууны захирагч, дарга нар зэрэг улсад ихээхэн ширүүн байж болзошгүй. Шим ертөнцөөс нь ярих юм бол тачаал, урин, мунхаг гэсэн гурван муу сэтгэлээс үндэс авч ургадаг өвчнүүд бий. Бадган өвчин гэдэг нь мунхаг сэтгэлээс үүссэн өвчин. Тийм өвчин хавар цагт өчүүхэн гарч магадгүй. Тэгэхээр мунхаг сэтгэлээ сайн дарж аливаа зүйлд ухаалаг хандууштай.
Эртний Балбын мэргэдийн “цасан чихрийн амт”, сар шинийн хошигнол болох “боовны үр”-ийн зурлага хэмээх арга, билэгдлээр мөн шинжиж, дүрсэлдэг байна. Ирж буй жилийг “Боовны үр” гэдэг билэгдлээр шинжвэл, энэ жил хур тунадас арвин, газрын шим өгөөж дунд, ургац, үр тариа ногооны гарц бага, хүнсний хангамж бага, төр иргэний хооронд үймээн самуун, хямрал тэмцэл их байхыг илтгэж буй. Энэ жилийн хувьд хумх, хонь, хамтатгах, хилэнцийн ордод нар байрлах үед хур ус цагтаа бууна. Эд агуурс элбэг шинэ, ихэс дээдэс буянаар тэтгэх ба хүмүүсийн сэдсэн аливаа ажил үйлс тэгширч сайхан байна. Загас, үхэр, мэлхий, охин, жинлүүр, нумын ордод байрлаж байгаа үед сайн муугийн ялгал үгүй тул элдэв өвчнөөс болгоомжлох хэрэгтэй. Матрын ордод нар байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул элдэв үйлд сэрэмжтэй байгууштай. Энэ хугацааг өвөл гэж бодвол цасан шуурга шуурах магадлалтай.
Хулгана жилд ямар жилтэй хүмүүс онцгой анхаарвал зохилтой вэ? Монгол зурхайд амьдын, бэрийн, үхэгсдийн гурван зурхай бий. Амьдын зурхай тухайн бодгалийн төрсөн жил, сар, өдөр, цагаас нь хөөгөөд ерөнхий байрыг гаргахаас гадна энэ жил ямар махбодтой, ямар жил морилж ирж байна гэдгийг нь харгалдуулаад цаг цаглабараас ямар засалтай вэ гэдгийг анхааруулдаг.
1. Жил орогсод:
  • 13, 73-ны жил нь төрсөн жилийн “хүү” махбодтой тул хямрах гэмээс сэргийлж Найман гэгээн, Лхамын ганшиг, Банзрагч уншуул.
  • 25, 85-ны жил нь төрсөн жилийн “нөхөр” махбодтой тул жаргал зовлон ээлжлэн, ад зэтгэр босох магадтай учир Догсүн, Доржнамжом, Цэнд уншуулж, Доржнамжомын жавтүй хийлгэнэ.
  • 37, 97-ны жил нь төрсөн жилийн “дайсан” махбодтой тул өвчин болон гарлага гарах нигууртай учир Юмжайвриндүйсүм, Ширнэн, Догсүн, Саа юм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусын балин өргөнө.
  • 49, 109-ний жил нь төрсөн жилийн “эх” бөгөөд хийморь доройтох гэмтэй тул Нити уншуулж, Хийморийн сан уншуул.
  • 61-ний жил нь төрсөн жилтэйгээ ижилхэн махбодтой бөгөөд “өөрийн мөчлөг” хэмээх тул шулмасын хөнөөл гарч болзошгүй хэмээн үзэх тул Ширнэн уншуулж, Сац тавь. Цэдүв, насны бүтээл үйлдвээс сайн.
Жил орсон хүн тэр жилдээ оршуулга, хурим найрын үйл тэргүүтнээс болгоомжлон зайлшгүй оролцох тохиолдолд “Жанаг гагдог”, “Дорж зодов” ном уншуулна. Эр хүн жилээ угтдаг, эм хүн жилээ дагадаг хэмээх тул тэр үед “Нанжад”, “Дашзэвгэ” ном уншуулж, жил гарахын өмнө, хойно заслаа хийлгэнэ.
2. Дүнсэр буюу их харш жилтнүүд. МОРЬ жилтнүүд харш жилтэй учирч байна. Догсүн, Базарсад, Банзрагч, Сэдэд, Дүнсүрийн засал, Чойжилын дүгжү уншуул.
3. Шишид буюу бага харш жилтнүүд. ТУУЛАЙ, ТАХИА жилтнүүд Жадамба, Ногоон дарь эх уншуулж, Амин золиг гаргуул.
4. Түнсүм буюу ивээл жилтнүүд. ЛУУ, БИЧ жилтнүүд түнсүм засалтай. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.
5. Логар буюу цагаан жилтнүүд. ТУУЛАЙ жилтнүүд логар ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй тул Маналын чого, Гурван гүрэм, Сахиусаа тахь.
6. Мэнгэний засал: 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81, 90 настай хүмүүс мэнгэ голлох тул Жанаггагдог, Нанжид, Цагаан шүхэрт, Базарсад уншуулж дом хийнэ.
7. Өнцгийн засал: ҮХЭР, ТУУЛАЙ, МОГОЙ, ХОНЬ, ТАХИА, ГАХАЙ жилтнүүд суудлын өнцгийн засал хийлгэ.
8. 33-ны мөчлөг: 1988 оны ЛУУ жилтэн мөчлөг засах дом хиилгэ. Заслын найман ном, Догсүн уншуул.
9. Мэнгэ голлох; Энэ жил долоон улаан мэнгэтэй жил орж байгаа тул мэнгэ голлож байгаа хүмүүс заслаа хийлгэх хэрэгтэй. Жанаггагдог, Догсүн, Гурван гүрэм, Юмжайбриндүйсүм уншуул.
10. Хөршийн ширүүн; 1961 онд төрсөн төмөр үхэр жилтэн хүмүүс огторгуйн жилтэй эрхтэн махбод давхцах тул хөршийн ширүүн хэмээх засалтай. Эд таваарт хорлолтой тул Гомбо, Гонгор, Намсрай тахиул. Алтангэрэлийн даллага авахуул.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn