Уяачдын гарт яргалуулж, эрэмдэглүүлэн тамлагдсан монгол адуу
Уяач нэртэй адуу тамласан яргачид хүний санаанд оромгүй үйлдэл хийж байна. Улс бүсийн наадамд л адуу түрүүлгэж, айрагдуулж байвал юу ч хийхээс буцахааргүй болчихжээ, уяач нэртэй яргачингууд. Тэдний нэр алдарт хүрэхийн төлөөх ёроолгүй шунал дэлхийн талыг эзэлж байсан монгол адууны удмыг тасалж байна. Хэрэв энэ янзаараа үргэлжилбэл монгол адуу уяачдаас болж устаж үгүй болох нь. Тэдний хүний ёс жудгаас гажуудсан олон бусармаг үйлдлийг таслан зогсоохын тулд энэхүү сэтгэл эмзэглүүлсэн эмгэнэлт сурвалжилга бүхий тэмдэглэлийг уншигч та бүхэнд хүргэж байна. Хэрэв үнэнийг нь олон нийтэд ил гаргахгүй юм бол дэлхийд гайхагдсан олон адуу тэдний гарт тарчилж эрэмдэглүүлж, байгалийн жамаараа өсч үржиж чадахгүй болоод байна.
Жижигхэн биетэй сав томтой гүүг тамлаж байна
Уяачид нэг хэсэг хурдан адууны эрэлд гардаг байлаа. Машиндаа цүнх дүүрэн мөнгө хийчихсэн. Морь таньдаг гэсэн уяач болгоныг ардаа суулгачхаад зүүн гурван аймгаар хэрэн хэсүүчилж хурдан адууны эрэлд гарцгаадаг байв. Сүүлийн хэдэн жил яагаад ч юм хурдан адууны эрэлд гарахаа больчихсон. Тэдний тийм зүсмийн адууг тэдэн төгрөгөөр үнэ цохиж авсан гэдэг зүйл огт уяачдын дунд яригдахаа больчхоод байгаа. Бүгд л таг дуугүй байцгаадаг болсон. Харин хөдөө орон нутгийн хэдэн малчид л зүүн аймгууд руу “поортер”-той явах болжээ. Гэтэл зөрөөд хил гаалиар араб адуунууд хэдэн зуугаараа ачигдан ирж байна. Улсын наадамд хоёр нас л уралдаж байгаа. Монголчууд сүсэг бишрэл муутай болохоор гадны адуунд дуртай биш. Хэний адуу түрүүлж айрагдах нь хэнд ч хамаагүй болчихсон. Гэтэл яагаад ч юм том гоонойсон өндөр, өвлийн хүйтэн жавар, зуны ширүүн бороо даахгүй нүд аньчихдаг. Жилийн дөрвөн улирал дулаан байранд тэжээгдэж байдаг адуунд уяачид дурлаад байх болжээ. Бүр бие биенээсээ худалдаж аваад байх. Тэгвэл үүний цаана ийм үйл явдал өрнөдөг ажээ.
Энэ талаар туслах уяач Г.Батбилэгтэй цөөн хором ярилцлаа.
-Шинэ цагийн монгол адуу гаргаж авахын тулд уяачид ямар арга хэрэглэдэг вэ?
-Хавар болохоор бөөн л юм болно шүү дээ. Жижиг биетэй, цүдгэр гэдэстэй, сав томтой гүүнүүдээ сонгож авна. Гол нь жижиг биетэй, пагдгар байх ёстой учраас иймэрхүү гүүний эрэлд гардаг. 30-40 гүү олж аваад араб азаргатай эвцэлдүүлдэг. Мэдээж монгол азарга шиг шууд хураагаад үржилд ордоггүй. Тиймээс дөрвөн хөлсөнд нь янгинатал чөдөр зүүж, давхар тушаад, сүүлнийх нь угыг хойш оодойлгон битүү скотчдог. Бүүр ахар сүүлийг нь үсгүй болтол скотчдоод оодойлгоно. Дараа нь том биетэй азаргаа хоёр талаас шанаадаж бариад азаргасуулна. Гайгүй овоо гишгэх нь үү гэтэл монгол гүүг хажиглаад, муухай ааш гаргахад нь л болчихдог. Тиймээс мал, амьтны сэрэл хөдөлгөдөг үржлийн өмнөх эм тариа хэрэглэнэ дээ. Хаврын хаварт л уяачид малын жүчээнд иймэрхүү ажил хийнэ. Гүүнд хээл тогтохоор азарга нь тоохоо больчихдог.
-Яагаад заавал бие жижиг монгол гүү сонгодог юм бэ?
-Гүү аль болох л намхан байх ёстой. Тэгж байж л сэрвээний өндөр нь нам төл гарна шүү дээ. Юуг нь нуух билээ. Гүү төллөхөөр гозойсон өндөр унага гарна. Тиймээс гүүнүүд “Төрхийн хүндрэлээр явчих” гээд байдаг. Тэгээд л унагыг нь амьд гаргаж авахын тулд татна, малын эмч дуудаж хагалгаа хийнэ.
-Хагалгаа хийхээр гүүний аминд эрсдэлтэй биш үү?
-Харамсалтай хэдий ч унага л амьд гарч байвал гүү үхнэ үү, байна уу хамаагүй. Энэ гүүнүүдээс төрсөн унага шандас муутай юм шиг хэрнэ хурд сайтай байдаг. Үүнээс гадна гүүнүүдээс хэд нь үхэж үрэгддэг. Гадаад азарга, монгол азарга шиг нэг дор 20-30 гүү хурааж, хээлтүүлэх чадамж байдаггүй. Хоёр, гурван гүүн дээр гишгээд л болчихно. Мөн эрлийз адуу бол тэсвэр муутай юм билээ. 2018 онд тавдугаар сард аадар бороо ороход Төв аймгийн Баянцогт суманд эрлийз адуу 50, 60-аараа осгож үхэж байсан даа.
-ШИНЭ ЦАГИЙН МОНГОЛ АДУУ-
Төрийн наадамд торгон жолоо өргүүлж түрүү магнайд хурдан хүлгээ уралдуулахыг уяач бүхэн нууцхан хүснэ. Гэвч сүүлийн жилүүдэд ёс, жудгаа алдсан уяач нэртэй нөхдүүд бий болжээ. Тэд шинэ цагийн монгол адуу гаргаж авахын тулд монгол гүүний үйл тамыг үзэж буй нь нууц биш. Мөн гаднаас импортоор оруулж ирдэг азарганууд нь монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хэд хэдэн өвчлөлийг авч ирсэн. Жанжин малгай духдуулж, үнэтэй чулуу зөрүүлж, алтан залаагаа хийсгэж, дангар, дангар алхах уяачид түрүү магнай хүртэхийн тулд хуруу хумсаа хугалан хөдөлмөрлөх замаас хазайжээ. Тэд амар хялбар аргаар нэр хүнд хурдан олохын тулд хоёр нүднийхээ ухархайг ухахад бэлэн байна. Тиймдээ ч хүч хөдөлмөр зориулан хурдан хүлгээ сойх бус үржүүлгийн аргаар гаргаж авсан шинэ цагийн монгол адуугаа бордоо тэжээлээр тэтгэж, нэг ёсондоо допин шахаж уралдуулж буй. Хүчтэй эм тариа хийлгэсэн адуу, адуу биш болж адгууслаг шинж чанартай шилжин өөрийгөө захирах чадамжаа алддаг байна. Араатан шахуу болсон амьтны нуруун дээр нялх үрсээ мордуулж алтан амийг нь зольж буй тохиолдол цөөнгүй гарсан билээ. Энэ мэт удаан үргэлжилбэл төрийн наадамд морь унах хүүхэдгүй, уралдах монгол адуугүй болох вий гэж санаа зовно. Шинэ цагийн монгол адуу гэж чухам юуг хэлэх вэ.
Шинэ цагийн монгол адууг гаргаж авахын тулд уяачид эхлээд Тува, Орос аваргуудыг олноор импортлон оруулж ирсэн байна. Бие том, харахад сүртэй , хүзүү урт аваргуудыг жижиг биетэй пагдгар монгол гүүтэй эвцэлдүүлэн гаргаж авсан төлөө шинэ цагийн монгол адуу гэж нэрлээд буй. Энэ монгол тэнэглэл, мөнгөтэй хүмүүсийн хийж буй дур сонирхлын ажил хэмээн зарим уяачид хүчтэй эсэргүүцэж байгаа. Гэвч мөнгө улаан гэгчээр энэ нь улам газар авч Араб, Америк, Англи аварга, гүүг олноор оруулж ирсэн. Мэдээж оруулж ирсэн азаргаа төрийн наадамд уралдуулах боломжгүй тул хэрэглэж буй арга нь шинэ цагийн монгол адуу. Энэхүү адууг гаргаж авахын тулд монгол гүүнүүд амиа ээлж дараалан зольж буй нь харамсалтай.
-ТЭД ЯАГААД БИЕ ЖИЖИГ МОНГОЛ ГҮҮГ СОНГОЖ БАЙНА-
Төрийн наадамд уралдах хурдан морины тухай хуулинд монгол адууг биеийн болон сэрвээний өндрөөр хэмжинэ гэж заасан байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор хурдан морины уралдаанд томоохон өөрчлөлтүүд орсон. Нэгдүгээрт баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах хурдан морины уралдааныг “азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн ангиллаар зохион байгуулна” хэмээн заасан байдаг. Тэгвэл энэ зургаан насны ангиллаар ямар морь уралдахыг нарийвчилж заагаагүй байв. Ямар морь уралдахыг зааж өгөөгүй учраас “Морьдыг ялгахгүй уралдуулах юм биш үү” гэх ойлголт өмнө уяачдын дунд байсан. Тиймээс шинэчлэсэн хуулиар “Монгол наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан зохион байгуулна” гэж тодорхой хуульчилсан байдаг. Энэ нь ёс заншил гэдэг зүйлд тулгуурлаад үзвэл зөвхөн монгол морь уралдах ёстой гэсэн үг.
Тиймээс уяачид төрийн наадмын түрүү авахын тулд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүйгээр башир аргуудыг хэрэглэх болсон. Үүнийг дагаад хэдэн жилийн өмнө Эрлийз гүү хүүхэд хазаад зогсохгүй мал, амьтанд халдаж, хүнд гэмтээсэн тохиолдол Хан-Уул дүүргийн Туул тосгонд гарч байлаа. Энэ тухай Мал, амьтны гоц халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинжилгээгээр "галзуу” өвчний вирус илэрсэн” гэсэн дүгнэлт гарсан байдаг. Морь уралдуулж төрийн наадмын торгон жолоо өргөх сонирхолтой уяачид эрлийз адууг гаднаас оруулж ирэх, улмаар “шинэ монгол адуу гаргана” хэмээн яриад нэлээд хэдэн жил боллоо. Энэхүү ажлаа үржил селекцийн шинжлэх ухаанд суурилсан онолоор бус өөрсдийн дур зоргоор явуулах болсны үр дагаврын нэг нь энэ болов уу. Эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулдаг болсноор төрийн наадмаа хүндлэхээ больж, ёс заншлаа гээж байгаа тухай монголчууд олон жил ярьж байна. Бие томтой, сэрвээ өндөртэй, эрлийз морьдын нуруун дээр нялх үрсээ тавьж явуулаад уралдуулах нэрээр эрүүл мэнд, алтан амиар нь хохирсон явдал олон гарсаныг дээр дурдсан билээ. Харин жинхэнэ монгол адууны нуруун дээрээс унасан хүүхэд “гэмтэх нь бага, гэмтлээ гэхэд хөнгөн гэмтдэг. Монгол адуу дэлээ дэвсдэг. Тиймээс хүүхэд зөөлөн унадаг” гэж ярьдаг. Мөн монгол адуу биеэр жижиг ч гэсэн байгалиасаа заяасан онцлог чанар нь хүйтэнд тэсвэртэй, уналгаа эдэлгээ даах чадвартай байдаг. Харин эрлийз адуу хүйтэнд тэсвэргүй, эдэлгээ даахгүйгээгээс гадна гүүг олноор нь хурааж хээлтүүлэх чадамж муутай. Тиймээс ёс заншлаа уландаа гишгэсэн уяач нар эрлийз азаргыг хэдэн гүүтэй хашиж, гүүний сүүлийг угт нь хүртэл оодойлгон сойж, годон сүүлийнх нь уг хүртэл скотчдоод хээлтүүлэх аргах хэрэглэдэг байна. Харин монгол азарга шиг байгалиасаа гүү хурааж, эвцэлдэх чадвар муутай эрлийз аварга гишгэх аядаад больдог. Тиймээс туслах уяач нар үйл, тамаа үзэн хээлтүүлдэг байна. Ингэхдээ жижиг, пагдгар гүүг сонгодог аж. Үүний шалтгаан нь баяр наадмын тухай хуульд заасан хурдан морины уралдаад тохирох адууг гаргаж авахын тулд юм.
Төрийн бодлого сул байгаагийнх уу, хараа хяналт сул байгаагийнх уу. Эрлийз адууг Алтанбулагийн боомт, зүүн тийш Дорнод аймгийн нутаг Хавиргын боомтоор эрлийз адууг олноор оруулж ирдэг байна. Их төлөв үүлдэр, угсаа нь тодорхойгүй гэсэн бичиг дагалддаг аж. Эрлийз адууг амьдралын боломж бага, жирийн нэгэн малчин тэжээж, уралдуулах ямар ч боломжгүй. Яагаад гэхээр өвс тэжээл, жилийн дөрвөн улиралд хэрэглэх бордоо гээд зардал, мөнгө нь тэнгэрт тулсан өндөр байдаг. Тиймээс зөвхөн уяж уралдуулах зорилгоор ирдэг нь ойлгомжтой. Тэр дундаа уяач нэртэй УИХ-ын гишүүн, сайд, дарга нар хийдэг ажил нь болоод байна.
-ШИНЭ ЦАГИЙН МОНГОЛ АДУУНЫ ТУХАЙ-
Шинэ цагийн монгол адууны талаар уяачид өөрийн байр суурийг илэрхийлдэг байгаа. МУТМ уяач Ц.ДУЛАМСҮРЭН: Эрийн гурван наадмын гол асуудал болсон морин уралдаан маань эрлийз, монгол адуу гэх мэтээр хуваагдах боллоо. Уг нь бол Монгол төрийн наадамд зураан насны монгол адуу л уралдах ёстой. Гэтэл эрлийз гурван нас гэж хууль зөрчин тусдаа уралдаж байна. Уяачдын холбооноос эрлийз, монгол адуу хоёроо ялгаж уралдана гэдэг шийдвэр гарсан боловч 50 хувьтай буюу англи азарга болон монгол гүүнээс гарсан төл уралдаж, наадам будлиантуулж байгаа юм. Үүнээс болоод орон нутагт морь уяж байгаа залуучууд наадам оролцох бодол нь мөхөс болж байна. Монгол морийг эрлийз адуунаас ялгаж төрийн наадам уралдуулах ёстой. Гэхдээ өндөр нам, сэрвээний хэмжилтээр биш үүлдэртэй буюу генетик байдлаар ялгах хэрэгтэй. Тухайлбал, өндөр, намаар нь хараад хятад монгол гэж ялгаж болохгүй. Үүнтэй адилхан адууг ч гэсэн ялгаж болохгүй юм. Ингэж ялгадгаас нь болоод уяачдын ёс зүй, жудаг алдагдсан. Яагаад гэхээр эрлийз морьтой уралдах адууг монгол адуутай уралдуулчихдаг. Монгол гүү, англи азарга хоёрын дундаас гарсан төлийг шинэ цагийн монгол адуу гэж нэрлээд бас болоогүй хөгжил гэж яриад байна. Тэгэхээр хаашаа юм би хятад, юм уу, герман хүнтэй сууж шинэ монгол хүн үүсгэж улс орноо хөгжүүлэх ёстой юм уу. Энэ хөгжил мөн үү. Яаж ч бодсон хөгжил биш, энгийн амьдрал л байхгүй. Үүнтэй адилхан шинэ цагийн монгол адуу гэж ерөөсөө байхгүй” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн.
-ТУРШУУЛ АЗАРГА-
Мөн эрлийз адууг импортоор оруулж ирж гүүг хээлтүүлэхдээ маш харгис үйлдэл хийдэг байна. Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь тайраад авчихдаг. Ингээд импортоор оруулж ирсэн цэвэр цусны буюу эрлийз азаргандаа гүүг нь хураалгаж, хээл авахуулдаг аж. Тухайн эрлийз азарга монгол адуу шиг байгалиасаа гүүгээ хамгаалж, хурааж бэлчээрлэх чадамжгүй байдаг. Тийм учраас зөвхөн гүүг хээлтүүлэх л үүрэгтэй хүлээдэг байна. Харин гүү хээлтсэний дараа эрлийз азаргаа авчихна. Үүний дараа гүүг буцаагаад ижил, сүрэгт нь нийлүүлж монгол азарганд гишгүүлэхгүй байх үүднээс сэлдийг нь тайрдаг байна. Зүй бус энэхүү үйлдэл нь амьтны эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. Мөн сэлдийг нь тайрсан монгол азаргаа туршуул азарга хэмээн нэрийдээд буй. Мөн сүүлийн үед цахим хуудсаар туршуул азарга зарна гэх зар нэлээд үзэгдэх боллоо.
-ИМПОРТЫН АДУУГААР ДАМЖИН МОНГОЛД ОРЖ ИРСЭН ӨВЧИН-
“Биологи, зоологийн ангиллаараа сүүн тэжээлтний анги, туурайтны дээд баг, битүү туурайтны баг, адууны язгуур, адууны төрөлд хамрагдах гэрийн тэжээвэр адууг монгол адуу гэнэ” гэж дэлхийн үүлдэр омгийн малын бүртгэлд 1991 онд бүртгэгдсэн байна. Тэгвэл монгол адуу гэх бүртгэлтэй үүлдрийн адууг гарал угсаа нь үл мэдэгдэх адуутай эвцэлдүүлснээр өвчин эмгэг тусаж байна.
Эрлийз адууг Алтанбулагийн боомт, зүүн тийш Дорнод аймгийн нутаг Хавиргын боомтоор эрлийз адууг олноор оруулж ирдэг байна. Их төлөв үүлдэр, угсаа нь тодорхойгүй гэсэн бичиг дагалддаг аж. Иймэрхүү гарал угсаа нь тодорхойгүй адуунууд орж ирснээр монголд өмнө нь огт байгаагүй 5-6 төрлийн адууны өвчин бүртгэгдэх болсон байна.Тухайлбал, адууны цусны паразит, нийлүүлгийн өвчин буюу бэлгийн замын өвчин, вирусийн өвчин дийлэнх хувийг эзэлдэг байна. Энэ нь монгол адууны удмын санд муугаар нөлөөлж буй.
-АДУУГАА УСТГАЖ БУЙ МОНГОЛ УЯАЧИД-
Нэг хэсэг мөнгөтэй, бэлтэй уяач нар араб адуу гэж шуурсан. Тэгээд сайн нутагшихгүй байхаар англи адуу хэмээн эхэлсэн. Кабардин адуу гэж бас нэг хэсэг хошуурсан билээ. Нэгнийхээ сайн гэснийг л дагаж халиураад мөнгө, эрх мэдлээ гайхуулж, цэц булаалдах зуур монгол адууны удмын сан устаж үгүй болоход ойрхон байна. Монгол адууны эрлэг нь уяач нэртэй хэдэн нөхдүүд буй. Тэд үржүүлгийн бизнес хийн, монгол адууг эрэмдэглэж дууслаа. Мөн монгол адуугаа зэрлэг аргаар үржилд оруулж буй эмгэнэлтэй. Мэдээж энэ бүгдийг жирийн нэгэн малчин, уяач хийхгүй. Харин хэтэвч зузаан, эрх мэдэлтэй хүмүүс төрийн наадмын түрүү авахын тулд бусдын эрх ашгийг үл тоон өөрсдийн эрх ашгийг илүүд үзэж буйтай холбоотой. Тиймээс уяач нэртэй нөхдүүд монгол адууны эрлэг нь юм биш үү.
https://ergelt.mn/news/65/single/19855