Улиастай нь баруун Монгол төдийгүй Монголын худалдаа эдийн засгийн гол зангилаа хот байв
Тус аймгийн МУИС-ийн Завхан сургуулийн багш нар XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг судалж цахимаар болон хэвлэмлээр хүргэжээ.
Улиастай хотыг эртний түүхт хот гэдгийг хэн хүнгүй мэддэг. Гэхдээ яагаад заавал Улиастай хотын худалдаа эдийн засгийн талаарх судалгааг хийх болов?
/Монгол жинчин эр Хиагтад цай хүргэж байгаа нь/
Аливаа улс орны түүх нь орон нутгийн түүхээс бүрддэг бөгөөд энэ нь түүхийн шинжлэх ухааны хавсарга ухаануудын нэг юм. Орон нутаг судлал нь тодорхой нутаг, дэвсгэрийн хүрээнд тухайлсан ард түмний нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын түүхэн хөгжилтийн асуудлыг улс орны түүхэн хөгжлийн ерөнхий зүй тогтол, чиг хандлагатай нь авч үзэж судалдаг танин мэдэхүйн нэгэн салбар билээ. Тиймээс орон нутгийн түүхийг судлах нь тухайн улс орны түүхийн бүрхэг бүдэг асуудлыг тодруулах, гүнзгийрүүлэн судлахад болон тухайн орны нийгмийн хөгжил орон нутгийн түүхэнд хэрхэн бодитой илэрч буйг танин мэдэж, ойлгон ухаарахад судалгаа шинжилгээ, практик ач холбогдолтой байдаг. Манай улсад энэ чиглэлийн судалгаа харьцангуй бага судлагдаж хоцрогдонгуй явж ирсэн байдаг. Бид энэ удаад XIX-XX зууны эхэн үеийн Улиастай хотын худалдаа, эдийн засгийн түүхэн тойм судалгааг нэгтгэн гаргах зорилго тавьсан. Яагаад гэвэл Улиастай хот бол бидний үүх түүхтэй төрөлх хот. Мөн энэ эртний түүхтэй хотод МУИС-ийн Завхан сургууль эдийн засгийн чиглэлээр боловсрол олгож байна. Тиймээс судалгаа хийх нь бидний үүрэг хариуцлага болоод байна гэж багш нар хэлэв.
/Ардууд бараа бүтээгдэхүүнийг хонь болон, малын арьс ширээр сольж авдаг байв/
Багш нар Улиастай хотын талаар гадаад, дотоодын эрдэмтдийн судалгааг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийх, Улиастайн худалдаа, эдийн засгийн түүхэн тоймыг албан баримт хэрэглэгдэхүүн, архивын баримт, жуулчдын тэмдэглэл, сурвалжид тулгуурлан гаргах. Улиастайн худалдаа наймаанд оролцогч талуудын талаарх дэлгэрэнгүй сонирхолтой мэдээллийг олон нийтэд хүргээд буй юм. Тэд судалгаандаа Улиастай хотын түүхтэй холбоотой түүхэн гэрэл зургуудыг ашигласан бөгөөд эдгээр зургуудыг Оросын Петр хааны нэрэмжит Угсаатны зүй, хүн судлалын музейд хадгалагдаж байгаа 1870-1894 оны үед авсан зургууд, 1872 онд Потаниныг дагаж явсан зурагчин Аделев, Клеменц Оросын нэрт археологич, Чарушин нарын зургууд, Германий жуулчин Хермани Констений авсан гэрэл зургуудыг ашигласан байгаа. Эдгээр гэрэл зургууд нь одоо мэдэгдэж байгаа Монголын түүхэнд холбогдох хамгийн эртний зургууд юм.
/Хятад пүүсийн ажилчид/
Монголын хот суурины түүхнээ өөрийн гэсэн өвөрмөц түүх бүхий эртний түүхийн улбаатай нэгэн хот бол Улиастай хот юм. Улиастай хотын түүхийн судлалаар Л.Дэндэвийн “Улиастай жанжин хөөгдсөн тухай” (Манжаас монголчилсон), Г.Навааннамжилийн 1941 оны Өвгөн бичээчийн яриа ном, М.Санждоржийн “Улиастай хотын байгуулагдсан нь” нэртэй 1963 онд “Этнографийн судлал” сэтгүүл, “Хатанбаатар Магсаржав Улиастай хотыг цагаантнаас чөлөөлсөн нь”, “Түүхийн судлал” сэтгүүл, “Завхан аймгийн түүхэн тойм”сэтгүүл, “Улиастай дахь манжийн засаг захиргааны төв устсан нь” гээд зохиолууд дээр судалгаа шинжилгээний бүтээлүүд туурвисан байдаг. Эдгээр судалгаанаас худалдаа, эдийн засгийн асуудлыг судалсан нь бага байдаг.
Тэгэхээр Улиастай хотын анхны эхлэл Хүннү гүрний үеэс суурь нь тавигдаж, XVIII зууны дунд үед Манж нар хуучин хотын туурийг түшиглэж, сангийн хотын үүсгэн байгуулж түүхэнд Улиастайн цэргийн хүрээ, Цэргийн их хүрээ, Умард замын их цэргийн хүрээ гэх зэргээр нэрлэж байсан байна. Анхандаа цэргийн хүрээ байсан бол аажимдаа цэрэг, иргэн засаг, захиргааны төв болж өргөжсөн байдаг. Манж нар Улиастайд сангийн хотыг байгуулсантай зэрэгцэж түүнийг дагалдаж Хятад худалдаачид орж ирснээр худалдааны ажил эрчимжиж, хүнсний ногоо тарих ажлыг эхлүүлсэн байдаг. Тухайлбал “Зүүн гарыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг” 34-р дэвтэрт “Улиастайн газар дотоод, гадаадад нь мод босгож, дунд нь хөрс шороо тавьж дагтаршуулан хот үйлдэж хотын дотор санхүү байгуулж эсэргэн жил ногоо гарсныг үзэж ...цэргийн зэвсэг, дарийн зэрэг дараа дараагаар зөөн авчирсугай” гэжээ. Эндээс харахад Улиастайд тариа, ногоо тарих ажлыг туршиж үзэж байсан нь харагдаж байгаа юм.
Улиастай хот яагаад худалдааны гол төв болж байсан юм бол?
XVIII-XX зууны Монгол орны худалдаа, жин тээврийн хэд хэдэн гол замтай байсан байгаа юм.
Тухайлбал умард Монголын засаг захиргаа, эдийн засгийн томоохон төвүүдийг холбосон Их Хүрээ–Заяын хүрээ–Улиастай–Ховд чиглэлийн гол төв зам шууд дайран өнгөрч байсан бол Улиастайгаас шууд Хиагт орох замаар гол төлөв үхэр тэргээр жин тээж байжээ. Мөн тухайн үед Манж Чин улстай холбогдсон худалдааны гол замууд мөн л Улиастайгаар заавал дайран гардаг байсан байгаа юм. Тухайлбал, Улиастай-Сайр ус-Хаалганы чиглэлийн 1700 орчим бээр зам юм. Энэ зам бол Монголыг Хятадтай холбосон хамгийн том зам нь байв. Мөн Улиастай–Гун Чений чиглэлийн 800 бээрийн урт зам нь Халхыг Зүүнгарын нутагтай холбосон чухал замд тооцогддог байсан. Энэ хоёр замаас гадна Улиастай-Хөх хот, Улиастай–Бархөл, Улиастай-Цонжийн чиглэлийн замуудаар жингийн цуваа тасардаггүй байжээ. Харин Орос улстай холбогдсон худалдааны гол замууд гэвэл Улиастай–Хангилцаг-Урианхайн хязгаарын Хөшөө модны чиглэлийн зам. Энэ зам нь 600 орчим бээр үргэлжлэх бөгөөд Оросын худалдаанд нэлээн ирээдүйтэй хэмээгдэж байжээ. Мөн Улиастай–Хатгал-Мондын чиглэлийн зам Улиастайг Оросын өмнөд Сибирийн мужуудтай холбосон зам байсан гээд Улиастай бол худалдаа наймааны гол зам дайран өнгөрдөг томоохон төв байсан байдаг.
Улиастайн сууринд худалдааны ажил өргөжсөнтэй холбоотойгоор хоёр байгууллага бий болсон.Юуны түрүүн зохицуулах, хянах татвар хураах үүрэг бүхий Цагдаагийн товчоо байгуулагдаж байсан байгаа юм. Энэ товчоонд нэг түшмэл, хоёр цагдаа ажиллах бөгөөд тэд Сангийн хотын цэргүүдээс гурав, гурван сараар томилогдон ирж ажилладаг. Эрх үүргийн хувьд Улиастай хотод хэв журам сахиулах, жижиг хулгай залилангийн хэргийг шийтгэхээс гадна татварын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгэдэг байсан байгаа юм. Мөн Улиастайд ирж байгаа бараа таваараас татвар хураахдаа, нэг тэмээ ачаа тутмаас хоёр цэн мөнгө татварлан авдаг. Харин хэрэглээний чухал бүтээгдэхүүн болох гурилаас татвар авдаггүй, харин ч монголчуудыг гурил будаагаар хангах явдлыг дэмжиж байсан байгаа юм. Мөн худалдааны ажил эрхлэх байшингаас газрын татвар хураадаг журамтай байжээ тэр үед. Харин нөгөө нэг байгууллага нь гадаадын худалдаа өргөжсөнтэй холбоотойгоор 1904 онд байгуулагдсан Гаалийн хороо юм. Тэрхүү гаалийн хороо нь Оросоос орж ирэх бараа таваар болон Орос руу гарч буй ангийн үс, малын үс ноос зэрэг түүхий эдээс татвар авдаг байжээ. Улиастайн гаалийн хороо нь эхэн үедээ Улиастайн манж жанжны газарт захирагдаж байснаа, 1912 онд Улиастайг чөлөөлсний дараа Улиастайн сайдын газарт харьяалагдах болсон байна.
Энэ үеэс Улиастай хот нь баруун Монгол төдийгүй Монголын худалдаа эдийн засгийн гол зангилаа хот болж хөгжиж байжээ. Хөгжлийн үйл явцтай зэрэгцэн Орос, Хятад болон бусад орны худалдааны пүүсүүд олноор байгуулагдан, наймаачид нь худалдаа, арилжаа эрхэлж байсныг зарим ном хэвлэлд өгүүлсэн байна.
Улиастайд хятадын худалдаа хэрхэн өрнөж байсан бэ?Нүүдэлчин монголчууд эртнээс нааш суурьшмал иргэдийн бараа таваараар дутагдаж, түүнийгээ их төлөв худалдаа арилжаагаар нөхөж байсан. Монголын худалдааны түүхэнд хятадын худалдаа түлхүү байр суурь эзэлж байсан бөгөөд Манжийн төрөөс ч энэ байдлыг харгалзан үзэж монголчуудыг хятадын бараа таваараар хангах үүднээс үе шаттайгаар хатуу хараа хяналтын дор худалдааны ажил эрхлүүлж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Хятадын худалдаачид анх 1697 онд манжийн цэргийг дагалдан цэргийн худалдааны шугамаар Монголд орж ирсэн байдаг. Улиастайд худалдаа хийх болсон он цаг нь ч мөн энэ үед хамаардаг. Тэд Улиастай, Хүрээ, Ховд гэсэн гурван гол газар төвлөрч, мөн хошуудад салбар нээн худалдаа хийж байв./Бараа таваарыг ихэвчлэн жин тээж хүргэдэг байв/
Улиастай хот манжийн засаг захиргааны төв болохын дээр баруун бүс нутаг дахь гол суурин тул хятад худалдааны нэгэн төв болж байжээ. Оросын судлаач И.М.Майскийн судалгаанаас харахад хятадын 15 пүүс Улиастайд ажиллаж байжээ. Худалдааны эргэлт ба цуглардаг хүмүүсийн тоогоороо эхэн үедээ ар монголд нэгдүгээрт байсан бол яваандаа Их Хүрээний дараа бичигдэх болсон ч Ховдоос дээгүүр байсан байгаа юм.
Улиастай дахь нэр нөлөө бүхий, хамгийн том пүүс бол Да Шэн Куйгийн пүүс юм1700-аад оны эхэн үеэс Фэй Ян Гуйгийн удирдсан цэрэг Улиастайд суурьшихад, Ван Сян Циний хуучин танил Жан Зе, Ши Да Сюэ нартай хамтран худалдааны мухлаг нээн ажиллуулсан ажээ. Манжийн эрх баригчдын ивээлд багтсан тэдний худалдаа амжилттай болж, удалгүй хэсэг хятадуудыг нэмэн элсүүлж, хамтарсан пүүс байгуулж, эхлээд Зе Шэн Тан, Та Мин гэх зэргээр уг пүүсээ нэрлэж байгаад, хожим нь Да Шэн Куй гэдэг болжээ. Ингэж Да Шэн Куй пүүс байгуулагдсан түүхтэй. Энэ пүүс нь Улиастайн худгийн аманд төвлөрч үйл ажиллагаагаа явуулдаг байсан байгаа юм. Харин төв дэлгүүр нь Маймаачин хотод байв. Худгийн ам хэмээн нэрлэх болсон нь ч тус пүүсийн үйл ажиллагаатай холбоотой гэдэг. Пүүсийн хашаан дотор нэлээн том худаг байсан, түүгээр нэрлэгдсэн байна. Да Шэн Куйгийн төв анхандаа Улиастайд байрлаж байснаа, хожим түүний үйл ажиллагааны хүрээ тэлж ирэх үед Хөх хотод шилжин төвлөрсөн байдаг.
Хөсөг тэргээр бараа зөөж Улиастайд пүүсүүд байгуулагдав
/XIX-XX зууны эхэн үед томоохон гол мөрний хөвөөг бараадан ноос угаах үйлдвэрлэл явуулж байжээ. Улиастай, Ховд/
Энэ үед хөсөг тэрэг, тэмээн жингээр бараа таваараа зөөвөрлөдөг байсан. Да Шэн Куйгийн пүүс Улиастай хотын ойролцоо 1500-гаас дээш тэмээтэй байж түүгээрээ жин тээдэг байсан юм билээ. Харин Да Шэн Куйгийн удаад орж байсан Юань Шэн Да, Тянь И Дэ хэмээх хоёр пүүс ч мөн л дээрхийн адил замаар байгуулагдаж 1000-аас дээш тэмээгээр жин тээдэг байсан түүх бий.
Юань Шэн Дэ пүүсийг үндэслэгч нь Шаньси мужийн Цун Дуань Цинь гэгч хүн юм. Тэр мөн л 1700-аад оны үед Манжийн цэргийн хүнсний албанд орж, халхад иржээ. Анхандаа жин тээн, Хөх хотоос тэмээгээр бараа, хүнсний зүйл авчран, Ховд хотын ойролцоо худалдаалж, нэлээд ашиг олоод дараа нь пүүс нээсэн түүхтэй юм билээ. Юань Шэн Дэ Ховдод төвлөрч байсан бөгөөд монгол нэр нь Аршаан гэдэг. Улиастайд нэгэн салбар нь л байсан. Юань Шэн Дэ пүүс Хөх хот-Улиастайн хооронд 900 орчим тэмээгээр жин тээдэг байсан байгаа юм. Харин Тянь И Дэ пүүсийг үндэслэгчид нь Го, Фан, Ма овогтон таван хүн байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тэд мөн л Шаньси мужийнхан. Анхандаа тавуулаа ажиллаж байснаа удалгүй Юань Шэн Дэ пүүсийн хоёр хувь нийлүүлэгчийг элсүүлэн долуулаа болжээ. Энэ пүүсийг үндэслэгчийн монгол нэр нь Наст бөгөөд Настын пүүс хэмээн иргэд нэрлэж заншсан байдаг. Энэ пүүсийн халх дахь төв нь мөн л Улиастайд байсан байна.
Хятад худалдаачдаас гадна цөөн монгол иргэд худалдаа наймаа эрхэлдэг байжээЦөөхөн тооны монголчууд хятад иргэдтэй хамтарч худалдаа наймаа хийж байсан байгаа юм. Тухайлбал Содномдаржаа, Бээжин Билэгт, Баян боов, Бүдүүн луусаан, Хонхооюуны, Чотонхууны, Шил дов гэх зэрэг монголжсон нэртэй хамтарсан пүүсүүдээс гадна Америк, Английн салбар пүүсүүд ч Улиастайд байжээ. Энэ талаар Зүүн гарыг түвшитгэн тогтоосон бодлогын бичиг. 34-р дэвтэрт/Даашинхүү пүүсийн сүүлчийн ерөнхий захирал Дуань Лиү Жуань/
дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Эдгээр пүүсүүд эхнээсээ шургуу зүтгэж нэг, хоёрхон жилийн дотор арваад дэлгүүр, мухлаг нээж Монголын зах зээлд түргэн нэвтэрсэн байдаг.
/Монгол худалдаачид/
Мөнгө, ембүү гэхээсээ илүүтэй авчирсан бараагаа хонь, ямаа, хурганы арьс, үхрийн шир, ноос ноолуур зэрэг Монголын малын гаралтай түүхий эд болгон борлуулж, түүнийгээ Сайр ус буюу Их Хүрээгээр дамжуулан Бээжинд хөлсний тэмээн жингээр хүргүүлдэг байсан байгаа юм. Хөх хотын болон Бээжингийн худалдаачид малын түүхий эдээс гадна мал, ялангуяа хонийг олон тоогоор худалдан авч мянга мянгаар суурилан Хөх хот, Хаалган руу тууварлан аваачдаг. Мөн хангай, хөвчийн Монголчууд, Урианхайчуудаас хэрэмний арьс олноор нь авч, жилд 30 мянга орчмыг худалдан авдаг байжээ.
Мөн Да Шен Куй болон Настын пүүсүүд аливаа албан ба амины хэрэгцээнд мөнгө хүүтэй зээлж монголчуудыг хүүлж байсан тухай баримт олон бий.
Улиастайд бөөний худалдаа ч байвУлиастай дахь Хятадын худалдаа нь жижиглэнгийн мухлаг, бөөний худалдааны дэлгүүр, агуулах, контор гэсэн хэсгүүдээс бүрдэж байжээ. Зарах бараа олон төрөл байх авч тэр дундаа цай хүндтэй байр суурийг эзэлдэг байсан байгаа юм. Учир нь Монголчууд түүхий ус уухыг цээрлэдэг. Муу хоолноос сайн цай дээр гэж үздэг байсан байгаа юм. Тиймээс ч хятадуудын зардаг гол бараа нь цай байжээ. Хаалганаас Хүрээ, Хүрээнээс Улиастай гэсэн замаар намраас эхлэн хавар хүртэл жин тээн цай тээвэрлэн авчирдаг байжээ. Мөн түүнчлэн торго, дурдан, хоргой, элдэв зүйл амттан зэрэг чамин тансаг барааг олноор нь зардаг байсан. 1900-ээд оны мэдээгээр Улиастайд Хөх хотын 12 орчим худалдааны пүүсээр зузаан цай, дайланбуу, төрөл бүрийн бүс, даавуу, гурил будаа, гахайн мах, загас, архи дарс, амны болон хамрын тамхи зэргийг борлуулж байжээ.
Үргэлжлэл бий.