“Баян-Айраг эксплорэйшн” компанийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаагаар зогсоолоо

339
Энэ сарын 11-ний өдөр Завхан аймгийн “Баян-Айраг эксплорэйшн” компанийн баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч цианид натри агуулсан уусмал асгарсан осол гарсан. Осол гарсан мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг шуурхай ажиллаж асгарсан уусмалыг соруулан хөрс хуулалт хийж, саармагжуулах арга хэмжээг авсан. Уг осолтой холбогдуулан УОК-ийн даргын тушаалаар Шуурхай бүлэг томилогдон Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг эксплорэйшн” компанид ажиллалаа. Шуурхай бүлгийг МХЕГ-ын БОГУУХГ-ын дарга Н.Батбаяр ахлаж, бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцсон бөгөөд энэ сарын 15-20-ны өдрүүдэд газар дээр нь шалгаж, ослын шалтгаан нөхцлийг тогтоох, хүн амь, мал амьтан, байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийг тогтоох, эрсдэлийг бууруулах зэрэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллав.
Тухайн осол нь баяжуулах үйлдвэрийн уусмалын танкнаас боловсруулах үйлдвэрийн хооронд угсарсан, ядуу уусмал /цианит натрийн 63-70 ppm концентрацтай/ дамжуулах зориулалттай 110 мм –ийн диаметртай HDPE хуванцар хоолойн наалт, гагнуураараа задарч 20-25 тн уусмал бетонон хучилттай болон нягтруулалт хийсэн хөрсөн талбайд асгарчээ. Аймгаас томилогдон ажилласан Ажлын хэсэг 260 м2 бетонон хучилттай талбайд тунасан уусмалыг насосоор соруулан уусмалын сав руу шахаж, 553 м2 хөрсөн талбайн өнгөн хэсгийг 20-50 см гүнтэй хуулалт хийж нуруулдан уусгалтын овоолгод буулгуулан 813 м2 талбайд саармагжуулалт хийж ариутгасан байна. Завхан аймгийн Цагдаагийн газраас осолтой холбогдуулан тус компанид эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Шалгалтаар уусмал дамжуулах хоолойг усралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдох зураг төсөл, норм дүрэм, стандартын шаардлага хангуулаагүй, зураг төслийг иж бүрэн хийж гүйцэтгээгүй, захиалагч байгууллагаас хяналт хангалттай тавиагүйг илрүүлжээ. Түүнчлэн ашиглалтын явцад урсгал болон их засвар, үйлчилгээний ажил хийгдээгүй, технологийн хэвийн ажиллагааны горим баримтлаагүйгээс хоолойд эвдрэл үүссэн нь тогтоогдлоо.
Уусмал асгарсан талбайд саармагжуулалт хийсний дараа хөрс, гүний усны цооногуудаас дээж авч МХЕГ-ын харъяа ХАБҮЛЛ-т хүнд металлийн шинжилгээнд хамруулахад цианит натрийн агууламж илрээгүй байна. Лабораторийн шинжилгээгээр цианит натри илрээгүй хэдий ч холбогдох журмын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох эрх бүхий байгууллагуудаар байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоолгож, зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгов.
Мөн нутгийн иргэдээс “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уул уурхайн үйл ажиллагаанаас шалтгаалан малын амьсгалын замын болон хоол боловсруулах дотор эрхтэнд толбо, нөсөө үүссэн гэх гомдлыг гаргаж байгаа тул аймгийн Мал эмнэлгийн газраар нөлөөллийн бүсэд нутагладаг иргэдийн малаас дээж авахуулан шинжилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэж, нөлөөллийн бүсэд ан амьтан, шувуудын зүй бус хорогдол байгаа эсэхэд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар судалгаа хийж үнэлгээ, дүгнэлт гаргуулах чиглэл өгөв.
Шалгалтын явцад “Баян-Айраг эксплорэйшн” компани нь технологийн ус дамжуулах шугам HDPE хоолойн угсралтыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгээгүй, технологийн алдаа гаргасан, тусгай зөвшөөрөлгүй компаниар угсралтын ажил гүйцэтгүүлсэн, Шугам хоолойд урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээ, их урсгал засварыг дүрмэнд заасан хугацаанд чанартай хийгээгүй, Байгууллагын дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, технологийн шугам хоолойд үүсч болзошгүй осол аваараас урьдчилан сэргийлж ажиллаагүй, техник ашиглалтын заавар, дүрэм, журмыг боловсруулаагүй, мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн.
Иймд Ашигт малтмалтын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг үндэслэн тус компанийн үйл ажиллагааг Улсын байцаагчийн актаар хоёр сарын хугацаанд зогсоож, зөрчлийн шалтгаан, нөхцлийг арилгуулах үүрэг өглөө. Энэ хугацаанд зөрчлийг засахгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn