"Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглахыг түдгэлзүүлэв

47

Тус аймгийн Дөрвөлжин сумын нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

-“Өнөөдөр Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлаар Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн уурхайд натрийн цианид алдсан осол болон түүнд холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Манай улсын уул уурхайн салбарт натрийн цианид ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу таван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгийн нэг нь “Баян айраг эксплорэйшн” ХХК юм. Энэ сарын 11-ний өдөр тус компанийн боловсруулах үйлдвэрт натрийн цианидын сулруулсан уусмалыг 813 м2 талбайд алдсан осол гарсан. Үүнтэй холбоотой аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд, нутгийн иргэд, холбогдох байгууллагуудаас тус компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, цианит ашиглахгүй байх талаарх хүсэлтийг холбогдох газруудад уламжилсан билээ. Ингээд химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөл хуралдсан.

Натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна гэв

Энэхүү хурлын үеэр БОАЖ-ын сайд, ХХБАББЗАЭҮЗ-ийн дарга Д.Сарангэрэл: - “Баян айраг эксплорэйшн" компанийн хувьд маш хариуцлагагүй алдааг удаа дараа давтан гаргаж байгаа. Хэдийгээр энэ удаагийн осол нь хүний эрүүл мэнд, амийг хохироогоогүй ч цаашид ийм эрсдэл гарахгүй гэх баталгаа алга. Өмнөх ослуудад нь холбогдох газрууд хамтран ажлын баг байгуулж, алдаа дутагдлуудыг залруулах байдлаар хариуцлага тооцож ирсэн байна. Миний хувьд энэ удаа натрийн цианид ашиглах дүгнэлтийг цуцлах арга хэмжээ авах саналтай байна. Нэг талаараа 430 гаруй хүний амьжиргаа, ажлын байрны асуудлыг бодолцох хэрэгтэй боловч нөгөө талаараа бүхэл аймаг, сумаараа хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг мөн зайлшгүй тооцох хэрэгтэй. Тиймээс Монгол Улсад ашиглах хязгаарласан химийн хорт болон аюултай бодис болох натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар цуцалж, МХЕГ-аас өгсөн 12 үүрэг, даалгаврыг биелүүлж, дахин ийм осол гаргахгүй байх нөхцөлийг бүрэн дүүрэн хангасан үед натрийн цианид ашиглах дүгнэлтийн асуудлыг дахин хэлэлцэх саналыг гаргаж байна.” гэлээ.

Үндэсний зөвлөлийн гишүүд дээрх саналыг бүрэлдэхүүнээрээ бүрэн дэмжиж, "Баян айраг эксплорэйшн" ХХК-ийн боловсруулах үйлдвэрт натрийн цианид ашиглах тухай дүгнэлтийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа” гэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn