Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг сунгалаа

58

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, хэсэгчилсэн байдлаар зарласан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан тухай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэв.


Дэлхийн 26 оронд өнөөдрийн байдлаар, 73 мянга гаруй хүн шинэ коронавирусээр өвчилсөн бөгөөд 1873 хүн амиа алджээ. БНХАУ-д өргөн тэмдэглэсэн хаврын баярын үеэр халдварын голомт Ухань хотоос иргэд орон даяар шилжих хөдөлгөөн хийснээс вирусний тархалтыг нэмэгдүүлсэн гэж шинжээчид дүгнэж байна. Тус баяраар БНХАУ-ын хэмжээнд 84 сая хүн шилжих хөдөлгөөн хийсэн байна. Олон улсын судлаачдид дөрөвдүгээр сараас халдварын тархалт багасах таамаглал дэвшүүлсэн хэмээн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээллийн үеэр тэмдэглэв. Тэрбээр, “Нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын 60 дугаар тогтоолоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Халдварын тархац багасахгүй байгаа тул дээрх тогтоолын хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгахаар боллоо. Одоогоор УОК болон Засгийн газраас Цагаан сарын баярын үеэр хот хоорондын хөдөлгөөнийг хорих тухай асуудлыг хэлэлцээгүй. Гэхдээ Цагаан сарын баяр хүртэл ойр ойрхон нөхцөл байдлыг дүгнэж шийдвэр гаргана. Зарим аймаг хөдөлгөөн хорих шийдвэр гаргасан гэх мэдээлэл аваад байна. Уг шийдвэрийг гаргахдаа Зам тээврийн сайдтай харилцан зөвшилцөж гаргах ёстой. Тиймээс энэ асуудлыг цааш нь лавлана” хэмээв. Мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг гуравдугаар сарын 2 хүртэл зогсоосон шийдвэрийг гуравдугаар сарын 30-наар тогтож сунгасан байна.


Ташрамд дурдахад, БНХАУ-д аяласан, тэнд ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн Монгол  Улсын 179 иргэнийг тусгаарлан шинжилгээ авчээ. Одоогоор Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний халдвар илрээгүй. УОК-ын шийдвэрээр байгуулагдсан ажлын багийн дүгнэлтээр манай улс халдвар тархах эрсдэл ихтэй гэж тодорхойлжээ. ДЭМБ-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, авсан арга хэмжээгээ сулруулахгүй байхыг улс орнуудад зөвлөж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn