Ноолуур үнэ хүрэхийг хүлээж, хав дарсаар байх уу, Ч.Улаан сайд аа?

477


  • “Ноолуур 60 мянга байхад нь зараагүй юм. Сайд 100 мянга хүрнэ гэсэн болохоор хүлээгээд л байлаа. Гэтэл одоо бүр 48 мянга болчихлоо. Яахаа мэдэхээ больчихоод байна” хэмээн малчид хэлж байв
  • Баян-Өлгийд гуравдугаар сард ноолуурын ханш 58 мянгад хүрч байсан бол өдгөө уруудсаар 30 мянга болтлоо унажээ
“Малчид ноолуурын үнэ битгий унаасай гэж хамгийн их хүсэн хүлээж байна. Тиймээс төрийн дэмжлэг, зохион байгуулалт хийж, малчдын бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх зорилт тавьж байна. Хэдийгээр энэ жил гадаад орчин нөхцөл байдал таагүй байгаа ч бид дотооддоо энэ ажлыг зохион байгуулъя гэж төлөвлөсөн”. Самнасан ноолуураа ямар ч байсан 100 мянгаар зарчих юм байна гэж тэнэг хүнд ч ойлгогдохоор энэхүү мэдэгдлийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хийснээс хойш сар гаруй хугацаанд чамгүй олон үйл явдал болж өнгөрлөө. Өнөөх ноолуурын үнэ нь 100 мянга хүрэхгүй сандаргаж, Улаан сайдын улаан нүүрийг мөн ч их улалзуулах шив. Тэрбээр “Бүх ноолуурыг 100 мянган төгрөг хүргэх юм шиг битгий гуйвуул. Ноолуурын чанараас хамаарч дундаж үнэ нь 100 мянган төгрөгт хүрнэ. Энэ жил доод үнийг нь 85 мянган төгрөгөөр тогтоосон” гэж мэлзээд ч нэмэр байсангүй. 
Ичсэн хүн хүн ална гэгчээр эцэст нь малчдын зарсан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийг улс төлж, үүний хүрээнд төсвөөс 200 сая төгрөг гаргахаар болов. Гэвч нэгэнт оройтжээ. Эрхэм сайдын тооцоо судалгаагүй, болчимгүй мэдэгдэл жамаараа тогтож байсан ноолуурын зах зээлийг нэгэнт доргиож, орвонгоор нь хөмөрлөө. Жишээ дурдъя. Булган аймагт хоёр долоо хоногийн өмнө ноолуур 60 мянган төгрөг байв. Харин үүнээс хойш бага багаар уруудсаар өчигдөр 48 мянга боллоо. “Ноолуур 60 мянга байхад нь зараагүй юм. Сайд 100 мянга хүрнэ гэсэн болохоор хүлээгээд л байлаа. Гэтэл одоо бүр 48 мянга болчихлоо. Зарах эсэхээ шийдэж чадахгүй, яахаа мэдэхээ больчихоод байна” хэмээн тус аймгийн малчин Б.Бадамдорж хэлэв. Үнэнийг хэлэхэд үүнд малчдын буруу байхгүй ээ. Учир нь салбарын сайд хэдхэн хоногийн өмнө хийсэн ээлжит мэдэгдэлдээ “Ноолуурын дийлэнхийг худалдаж авдаг гаднын хүмүүс орж ирээгүй. Цаг хугацааны хувьд л удаашралттай байна. Тиймээс малчид маань яарч, сандран ноолуураа битгий хямд үнээр зараарай, зарж болохгүй” хэмээн тов тодорхой хэлчихсэн. Сайдын үгэнд итгээд ноолуураа хав дараад суух уу, бүр хямдрахаас нь өмнө зарах уу гэдгээ малчид мэдэхгүй тээнэгэлзэж сууна.
Говь-Алтай аймагтай харьцуулахад Булганд харин ч өндөр үнэтэй байгаа нь энэ. Өдгөө Алтайд ноолуур аймгийн төвдөө 40 мянга, хөдөө сумдад 30 мянга болтлоо буурчээ. Түүнчлэн Баянхонгорт 50 мянгаар авч байгаа бол Өвөрхангайд бүр 45 мянга болтлоо үнэ нь унасан байна. Эх орны баруун хязгаар Баян-Өлгийд гуравдугаар сард ноолуурын ханш 58 мянгад хүрч байсан бол өдгөө уруудсаар 30 мянга болтлоо навс унажээ. Ч.Улаан сайдын сонгогдсон тойрог Сүхбаатарт мэдээж харьцангуй өндөр буюу 105 мянгатай байгаа. Гэхдээ л жилийн өмнөхтэй харьцуулалтгүй. Ер нь ноолуур дөнгөж гарч эхэлдэг хаврын эхэн сард олдоц бага болохоор үнэ өндөр байдаг. Үүнээс хойш малчид ноолуураа самнаж, элбэгшихийн хэрээр үнэ хямдардаг. Энэ жилийн хувьд коронавирусийн цар тахлын онцгой нөхцөл тохиож, бүхий л үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдсан тул ноолуурын эрэлт багасаж, үнэ унах нь угаас тодорхой байсан. 2009 оны эдийн засгийн хямрал, 2015-2016 оны эдийн засгийн хүндрэлийн үед түүхий ноолуурын үнэ 24-25 хувь, самнасан ноолуурын экспортын дундаж үнэ 30-31 хувиар буурч байсан статистик бий. 
Нэгэнт эрэлт, хэрэгцээнд тулгуурласан зах зээлийнхээ зарчмаар явж байгаа ханшинд бид нөлөөлөх боломжгүй. Тиймээс салбарын яам бодит байдлыг хүлээн зөвшөөрч, зөвөөр тайлбарласан бол бухын доодохыг харж турж үхнэ гэдэг шиг тодорхойгүй байдал үүсэхгүй байлаа. Гэвч яаран сандран голорч 100 мянга гэх үг амнаасаа унагаснаас нь болоод байдал бүр орвонгоороо эргэж, сонгуульд оноо авах байтугай сөрөг сурталчилгаа болчихлоо. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ноолуур 100 мянгаар авсан аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй зээлүүлнэ гэх шийдвэр ч бодит амьдралд нийцэхгүй болох нь алхам тутамд батлагдсаар байна. Энэ талаар Ноос ноолуурын зөвлөлийн дарга Ч.Түмэнбаяр “50 мянгын үнэтэй ноолуурыг 100 мянгаар авч, жилийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдана гэдэг хэнд ч ашиггүй. Үүний оронд банкнаас 20 хувийн хүүтэй зээл авах нь хамаагүй ашигтай” хэмээн товчхон бөгөөд ойлгомжтой тайлбарласан юм.
Ноолуурын үнийн цаашдын төлөв ямар байхыг таамаглахын тулд заавал зөнч, үзмэрч, эсвэл ноолуурын мундаг мэргэжилтэн байх шаардлагагүй. Энэ жил нэгэнт ноолуурын үйлдвэрүүдийн ихэнх нь үүд хаалгаа барьж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнгүй. Коронавирусийн хямралын үед иргэд тансаг эдлэлд тооцогдох ноолууран хувцас авахтай манатай байгаа нь тодорхой. Ингэж явсаар дараа жилтэй золгоно. Тэр үед малчид мөн л ноолуураа самнана, 10 мянган тонн ноолуур дахиад зах зээлд нийлүүлэгдэнэ. Харин тэр үед энэ жилийн хуримтлагдсантайгаа нийлээд илүүдэл үүсэх нь нэгэнт тодорхой байна. Илүүдэл үүсвэл үнэ хямдардаг нь зах зээлийн зарчим. Өмнөх хямралуудын үед ч ноолуурын үнэ эргэн сэргэхдээ дор хаяж 18 сар болж байсан удаатай. Цаашдын ирээдүй ийм сөрөг байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Эцэст нь Ч.Улаан сайдаас дахин асууя. Малчид ноолуураа зарах нь зөв үү, эсвэл таны үгэнд итгээд хав дарсаар суух уу. Хэрэв үнэ өсөх биш, эсрэгээрээ буурсаар байвал зөрүү мөнгийг нь сайд та халааснаасаа гаргаж хохирол барагдуулж чадах уу?.
Засгийн газрын мэдээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn