1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал малчдад олгох тогтоолын төслийг өргөн барилаа
УИХ-ын нэр бүхий гишүүд ноолуурын салбарыг дэмжих чиглэлд засгийн газар нэмэлтээр авч хэрэгжүүлэх тогтоолын төслийг боловсруулан өргөн барилаа. Уг тогтоолд ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдыг дэмжихийн тулд нэмэлтээр 200 тэрбум төгрөгийг гаргах шаардлагатай гэж тусгасан байна. Мөн малчдаас ноолуур тушаасан суурь үнэ дээр кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгохоор төсөл боловсруулжээ.
БНХАУ-ын зах зээлээс шууд хамааралтай ноолуурын салбарыг хил хаасан өнөөгийн нөхцөлд дэмжих засгийн газрын нөөц боломж нь нийт борлуулалтын 30 хувийг санхүүжүүлж байгаа юм. Тиймээс үлдсэн 70 хувийг борлуулахад 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцолсон. Өнөөдөр өргөн барьж байгаа тогтоолын төсөлд ч уг асуудлыг тусгажээ.Ингэснээр малчид ноолуураа зохистой үнээр борлуулж үйлдвэрлэгчид хямд үнээр ноолуур авна гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн байдлаар малчид 182 тэрбум төгрөгийн зээлтэй байна гэлээ. Гэвч гол орлогын эх үүсвэр болсон ноолуураа борлуулж чадахгүй байгаа нь зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн байна. Харин үйлдвэрлэгчдийн тухайд банкны шалгуурт нийцэх аж ахуй нэгж ховор байгааг онцоллоо. Тиймээс уг салбарыг дэмжих нэгдсэн бодлого яаралтай хэрэгтэй гэдгийг хэллээ.
Гадны худалдан авагчдыг оруулах эсэх асуудлыг нэн яаралтай зохицуулах хэрэгтэйг онцоллоо.