Цагаан сартай холбоотой түлшний үнэ нэмэгджээ

535

 Улиастайд түлшний үнэ өсжээ. Тухайлбал түлээний мод гэхэд өнгөрсөн намраас 15-20 мянган төгрөгөөр, харин нүүрс нэг кг тутамдаа 300 төгрөгөөр өссөн байна.

Улиастай сум таван мянга гаруй айл өрхтэй. Түлшний мод, нүүрс хэрэглэхгүй ААН байгууллага гэж нэг ч үгүй. Тийм ч учраас түлшний үнийг зах зээлийн жамаар бизнес эрхлэгчдийн хэлсэн үнээр худалдан авахаас аргагүйд хүрдэг ажээ. Түлшний үнийн хөөрөгдлийг шийдэх хөнгөлөлттэй үнээр зардаг түлшний захыг дөрвөн жилийн өмнө албан ёсоор нээсэн. Гэтэл энд ямар ч түлш зардаггүй хоосон хашаа байсаар хэдэн жилийн нүүрийг үзжээ. Хотын төвдөө шахуу мод, нүүрсээ ил зарах бизнес эрхлэгчдийн хүрээ тэлсээр байгаа. Хувиараа машин дээрээ түлш зарсан иргэд зам дагуу зогссоор дуртай үнээ хэлж борлуулдаг байна. Энд түлшний үнийн хяналт ч байхгүй. Зах зээлийн жамаар л иргэд түлшний үнийг хэлснээр нь худалдаж авдаг байна. Түлшний ченжүүд удахгүй болох цагаан сарыг угтаж түлш ховордсон үеэр далимдуулан намар зарж байсан үнээс даруй 30 мянган төгрөгөөр түлшний үнээ нэмжээ. Өнгөрсөн намар ЗИЛ 130 машин мод 700-800 мянга төгрөг,  нэг  портер мод 450-500 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол одоо тус бүр 20-30 мянган төгрөгөөр нэмэгджээ. 

Хууль бус мод бэлтгэлийн 25 хэрэг гарчээ

Завхан аймгийн хэмжээнд2019 оны жилийн эцсийн байдлаар ойгоос ойн цэвэрлэгээгээр хэрэглээний мод 27048,56 м3, түлээний мод 47346,96 м3–ийг тус тус бэлтгэжээ. Харин орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд ашиглах зориулалтаар арчилгааны огтлолтоор 200 м3 нойтон мод, нийт 74595 м3 модыг бэлтгэж ойгоос 206.9 сая төгрөгийн орлогыг татварт төвлөрүүлсэн мэдээллийг аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.
Ташрамд өнгөрсөн онд хууль бус мод бэлтгэлийн талаарх хяналт шалгалтын ажлыг 197 удаа хийж 25 удаагийн зөрчил илрүүлжээ. Шалгалтаар аймгийн хэмжээнд 228 м куб мод бэлтгэснийг хурааж, экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоон 7.5 сая төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийг төвлөрүүлсэн байна.
Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газрын ойн цэвэрлэгээ үндэсний хөтөлбөрийн хүрээнд Завхан аймаг өнгөрсөн онд505,5 га талбайд мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын ажил хийжээ. Энэ ажилд 47 ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдийн 235 иргэн оролцсон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/299 дугаар тушаал, Завхан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 56 дугаар тогтоолоор 2019 онд Завхан аймгийн хэмжээнд ойгоос хэрэглээний мод 36760 м3, түлээ 111610 м3 нийт 148370 м3мод бэлтгэх модны дээд хэмжээг 2019 онд баталжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn