“Бадрах энержи” ХХК-тай нийлж иргэдээ туршилтанд оруулж байгаа төрдөө малчид гомдолтой байна

642
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын экологийн асуудал сүүлийн жилүүдэд эрс доройтож, мал амьтны гаж төрөлт, үхэл хорогдол эрс ихсэж байсан бол эцэстээ ард иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор хохирол учрах болжээ. Үүнийг нутгийн иргэд Бадрах энержи ХХК-ийн уран олборлолтын үйл ажиллагаатай холбон ярьдаг юм. Яг л ураны хор хохирлоос үүдсэн гамшгийг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг дээр гардаг шиг зүйл бидэнд тохиолдож байна гэж нутгийнхан учирлаж яриад олон жилийн нүүрийг үзсэн байдаг. 
Гэвч тэдний нөхцөл байдлыг нүдээр үзэх байтугай зовлонг тоож сонсох албан тушаалтан, эрх баригчид ч олддоггүй гэнэ. Малчдын гомдлын сургаар “Бадрах энержи” ХХК дээр очиж баахан ажилласан “нэр зүүгээд” буцдаг бололтой. Дүр эсгэсэн хяналт шалгалтын дүн бүрхэг гарах нь тодорхой. Ийм дүр зурагтайгаар олон жилийг үдсэн улаанбадрахчуудад уранаас өөр хардах зүйл байхгүй. Тиймээс тэд гадныхантай нийлж иргэдээ туршилтанд оруулж байна гэсэн гомдлыг төр засагтаа дайж байна.
Учир нь ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг бөгөөд өөрөө хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юм аа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг. Уран олборлолтын үед хамгийн ихээр хордож, хамгийн ихээр хохирдог нь жирэмсэн эхчүүд ба нярай хүүхдүүд гэх мэт олон улсын олон талын мэдээллүүд байна. 
Эрдэмтдийн анх тооцоолсноор Монгол Улсын газрын дор 1.5 сая орчим тонн ураны нөөц байгаа хэмээн таамаг дэвшүүлсэн байдаг аж. Нийт ураны нөөцөөр тооцвол 70.8 их наяд ам.доллар олох боломжтой, цаашид дэлхийд ураны ханш өсөх тусам энэхүү ашиг нэмэгдэнэ гэж тооцоолсон гэдэг. Тэгвэл ашгаас гадна эрсдлийг хэрхэн тооцсон бэ? Ялангуяа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эрсдлийн талаарх судалгаа, мэдээлэл, баримт байгаа бол нутгийн иргэдэд яагаад тайлбарлаж танилцуулдаггүй, тэдэнтэй бүр нүүр тулахыг ч хүсдэггүй юм бэ? Уран малчдын амьдралд нөлөөлөөгүй гэдгийг яагаад нотолж, зоригтой дуугарч чадахгүй байна вэ?
Арева компанийн 40 жилийн турш уран олборлолт явуулж буй Нигер улсын туршлагаас үзэхэд, тус улсад хамгийн ихээр түгсэн хүүхдийн өвчин эмгэг нь удамшлын гаж төрөлт, цус багадалт, төрөл бүрийн хорт хавдар болон амьсгалын замын архаг өвчин байдаг бөгөөд үүнийг уран олборлолттой холбож үздэг байна.
Тэгвэл манайд ч үүний эхлэл байж мэдэх үйл явдал болоод байна. Цувралын өмнөх хэсгүүдэд бид ундны ус, мал амьтан, эрүүл мэндийн байгууллага зэрэг асуудлыг хөндсөн. Харин энэ удаад уран урагт нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг онцоллоо. Хэвлий дэх үрд нь тохиолдсон хүнд асуудал бэрхшээлийг өөрийн биеэр мэдэрч яваа залуу малчин бүсгүйн яриаг товч тоймлон хүргэж байна.
Цуврал№8

Эх сурвалж: BOLOD.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn