Сулейменж мэтийн үл таних шашнуудад үр хүүхдүүдээ даатгаад орхицгоох уу?

0

Шашны байгууллагынхныг хянаж шалгах нь байтугай хэд байдгийг ч мэддэггүй төртэй улс билээ бид. Хэдийгээр шашин шүтэх, эс шүтэх нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх хэдий ч үүнийг далимдуулж ямарваа нэгэн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа далд хэлбэрээр явагддаг байхыг үгүйсгэдэггүй нийгмийн хардлага улам бүр гүнзгийрсээр байгааг эрх биш анзаардаг баймаар. Ялангуяа үүнд хүүхдийн эрхийн асуудал гүн гүнзгий холбоотой гэдгийг мэддэг байлтай.
Манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэх сулейменж жамаат гэх шашны урсгалын талаар polit.mn сайт нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн нэг л жишээ дурдъя. Уг нийтлэлд, сулейменж бүлэглэл одоогоор Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Говь-Алтай аймгууд болон нийслэл хотод 30 орчим дотуур байр байгуулж, бага болон өсвөр насны 1200-1500 хүүхдэд шашны мэдлэг олгох нэрийдлээр тахин шүтэх үйлийг тогтмол, тасралтгүй явуулж байж болзошгүй тухай мэдээлсэн. Гэтэл шашны энэ урсгалыг олон улсад дараах байдлаар тайлбарлан сэрэмжлүүлсэн байдаг аж. Тодруулбал, хүүхдүүдийг сургуульд сурахгүй байхыг ятгах, Сулейманыг шүтвэл их дээд сургуулиудад сурч төгссөн мэт гэгээрнэ хэмээн мунхруулах, номлогч багш нарыг хоорондоо гэр бүл болохыг шаардах, гэр бүлийн гишүүдийг төрийн албанд ажиллахыг эсэргүүцэх, эрэгтэй хүүхдийг живэр сахал ургуулах, цэнхэр өнгийн тоорцог малгай өмсөх, охид эмэгтэйчүүд зүүж буй алчуураа мөр давуулан дэлгэж зүүх зэрэг шаардлагуудыг тавьж хүний эрх зөрчиж, чимээгүй хүчирхийлж байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлдэг байна.  
БНТУ-аас гаралтай энэ урсгалын ислам шашны бусад урсгал, чиглэлээс ялгарах гол онцлог нь “аллах”-ыг бус тус урсгалыг үндэслэгчийг тахин шүтэх явдал бөгөөд пантуркизмын үзлийг дэлгэрүүлж, бүлэглэлийн цар хүрээгээ өргөтгөх зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд дэлхий даяар өнчин, ядуу иргэдийн хүүхдүүдэд амьдрах орчин, сурах нөхцлийг нь хангаж өдгөө сурагчийн болон оюутны 3000 гаруй дотуур байр байгуулжээ. Үүнээс 30 нь манай улсад бий гэхээр бид үүнийг хэдийнэ анхаарах цаг болсныг харуулж байна.
Нийтлэлд дурдсан бас нэг ноцтой мэдээлэл бол тэд БНТУ, Казахстан улсаас их хэмжээний хандив тусламж авах байдлаар, мөн Рамазан, Курбан айт гэдэг баяраа тэмдэглэхдээ дотуур байранд байрладаг өсвөр насныхныг гуйлгачин, үгээгүй ядуу айлын хүүхдүүд болгон иргэдээс хандив цуглуулах замаар их хэмжээний ашиг хонжоо олдог гэнэ.
Энэ бол нэг л жишээ. Ийм учраас бидэнд шашны байгууллагуудад хийх хяналт шалгалтыг байнгын идэвхжүүлэх шаардлага үүсээд буйг онцлон сануулмаар байна.
Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Хүүхдийн эрхийн нэгдсэн аян”-ы хүрээнд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тодорхой хугацаанд анх удаа шашны байгууллагуудад хяналт шалгалт хийсэн байдаг. Уг шалгалтад нийслэлд бүртгэлтэй 229 шашны байгууллагыг хамруулсан бөгөөд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой зөрчлүүд түгээмэл илэрчээ. Гэхдээ энэ бол нийслэлийн нийт шашны байгууллагыг шалгасан гэсэн үг биш. Энэ удаагийн шалгалтад дээрх шашны урсгалын нэр дурдагдаагүйг харвал нуугдаж хоцорсон байх магадлалтай. Энэ мэтчилэн үүнээс гадна нийслэлд төдийгүй орон нутагт төрийн хараа хяналтаас гадуур шашны хэчнээн байгууллага нууцлагдмал, тодорхойгүй ажиллагаагаа явуулсаар байгаа бол?
Өнгөрсөн хугацаанд шашны байгууллагатай холбоотой гомдол мэдээлэл төрийн байгууллагад ирж байгаагүй нь бүр илүү анхаарал татахгүй байна гэж үү?
Эх сурвалж: BOLOD.MN
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn