Д.Тунгалагтуяа: Орчин үед сав баглаа боодол нь доторх бүтээгдэхүүний шинж чанарыг бүрэн илэрхийлдэг

260


Тус аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд аймгийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгод стандартыг мөрдүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа. Энэ талаарх тодруулгыг Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтуяагаас авлаа.

-Завхан аймаг үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгын стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүлсэн. Ялангуяа цаасан савлагааг дэмжих. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Тиймээ. Завхан аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой ирэх 2023 онд тохиож байгаа. Энэ ойг тохиолдуулан аймагт үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг Монгол улсад мөрдөж буй“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтонд тавигдах шаардлага”MNS6648:2016 стандартын шаардлагад нийцсэн сав баглаа боодол,шошготой болгох ажлыг хийж байна. Энэ сард тэмдэглэн өнгөрүүлсэн дэлхийн чанарын өдөр хүнс үйлдвэрлэгчидтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодол, шошгыг стандартын шаардлагад нийцүүлэх талаарх төлөвлөгөө гарган ажиллаж байна. Бид цаасан уутыг сав баглаа боодолд түлхүү хэрэглэх түүн дээрх шошгололтыг стандартын шаардлагад нийцүүлэхээр уриалаад буй юм.
Яагаад гэвэл шаардлага хангахгүй сав баглаа боодол хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд нөлөөлдөг бол шошгон дээрх мэдээлэл бүрэн гүйцэт бичигдээгүй нь хэрэглэгчдэд хор уршигтай. Орчин үед сав баглаа боодол нь доторх бүтээгдэхүүний шинж чанарыг бүрэн илэрхийлэхээс гадна дуугүй хэрэглэгчийн үүрэг гүйцэтгэж худалдан авагчийн бараа авах хүсэлд нөлөөдөг гэж үздэг. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол, шошгололт чухал үүрэгтэй байдаг.


-Манай аймагт үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгод стандартын шаардлагын зөрчлүүд хэр байдаг вэ?
-Ер нь хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлоор дамжуулан хэрэглэгчдэд тухайн бүтээгдэхүүний талаар цэгцтэй, үнэн зөв, бодитой мэдээлэл тэр бүр хүрэхгүй байна. Аймгийн хэмжээнд үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүн сав баглаа, боодлын хувьд, бас монгол улсад мөрдөх нийлэг хальсан уутны стандартын шаардлагад нийцээгүй бүтээгдэхүүнүүд зах зээлд борлуулагдаж байна. Мөн шошгололт гэхэд бүтээгдэхүүний нэр, орц бүрдүүлэгч, хадгалах нөхцөл, хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн газрын нэр, үйлдвэрлэсэн он сар өдөр тодорхойгүй, шимт бодис, илчлэгийг хэмжээг тооцож тусгаагүй, яаж хэрэглэх  зэрэг хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгын стандартад заасан мэдээллийг бүрэн гүйцэт бичээгүй зэрэг зөрчилүүд нэлээдгүй байдаг.

-Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн сав баглаа, шошгийн стандартыг хэрэгжүүлэхэд танайхаас ямар ажил зохион байгуулдаг вэ?
-Манай байгууллагын зүгээс хүнс үйлдвэрлэгчдэд уг стандартыг батлагдсан оноос нь эхлээд стандартыг хэрэгжүүлэх хугацаанд, “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтонд тавигдах шаардлага”MNS6648:2016 стандартын талаар 24 сумын хүнс үйлдвэрлэгчдэд үе шаттайгаар стандартын талаар мэдээлэх, сургалт зохион байгуулдаг. Мөн шошгололтод мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, стандартаар ханган ажилладаг.

Чанарын өдрөөр л гэхэд хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгололтын стандартын шаардлагын хэрэгжилтийг сайжруулах, нийцүүлэх зорилгоор хүнс үйлдвэрлэгчдийн дунд "Хүнсний чанар-сав баглаа боодол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Улиастай сумын 33 хүнс үйлдвэрлэгч,  аймгийн ЗДТГ, ХХААГ, МХГ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хүнсчдийн холбоо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллагууд оролцлоо.
Хэлэлцүүлэгээс гарсан шийдвэр нь аймгийн 100 жилийн ойгоос өмнө 2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр гэхэд бүтээгдэхүүний сав баглаа боодлоо стандартын шаардлагад нийцүүлэе гэсэн уриалга гаргасан юм.

-Ер нь чанарыг эрхэмлэгч байгууллагын гол шалгуур нь юу вэ?
-Жилийн хугацаанд үйлдвэрлэл, үйлчилгээндээ дэвшилтэт техник технологи, олон улсын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, орон нутгийн үйлдвэр, үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх. Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд манлайлан санаачлага гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн аж ахуйн нэгж, байгууллага, менежерийг шалгаруулдаг уламжлалтай юм. Дээрх шаардлагуудад нийцсэн аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэгчдийг аймгийн Засаг даргын нэрэмжит “Чанарыг эрхэмлэгч байгууллага”, Чанарыг эрхэмлэгч Шилдэг менежер”-ээр шалгаруулж, шагнаж урамшуулдаг. Мөн тэргүүн туршлагыг нь нийтийн хүртээл болгох зорилгоор өргөмжилдөг арга хэмжээг  2016 оноос хойш зохион байгуулж байна.
Энэ жилийн тухайд, 2022 оны “Чанар эрхэмлэгч байгууллагаар аймгийн Онцгой байдлын газар, Чанарыг эрхэмлэгч шилдэг менежерээр Тосонцэнгэл сумын “Мөнх өвөгдий” ХХК-ний захирал С.Оюунсувд нар шалгарч аймгийн Засаг даргын нэрэмжит чанарын шагналаар шагнуулсан.
-Дэлхийн чанарын өдрийн талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11-р сарын хоёр дахь долоо хоногт дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн чанарын өдрийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан нь онцлог юм.Дэлхийн чанарын өдрийн гол зорилго нь чанарын асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд хандуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэдчиглэгддэг.Бүтээгдэхүүний чанар дэлхийн улс орнуудын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг төдийгүй туйлын чухал асуудал юм. Өнөөдөр чанар нь зах зээлд өрсөлдөж буй бүх аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн амжилтад хүрэх түлхүүр болсон.Тиймээс энэ өдрийг аймагт үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлж, түүхэн ойг угтаж хийж хэрэгжүүлэх ажлуудын нэг хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлыг стандартын шаардлагад нийцүүлэе хэмээн уриалаад байгаа юм.
-Энэ жил дэлхийн чанарын өдрийг ямар уриан дор тэмдэглэсэн бэ?
-Энэ жилийн дэлхийн чанарын өдрийг “Чанар-стандартын хэрэгжилт” гэсэн уриан дортэмдэглэж өнгөрүүлэх ажлын хүрээнд Чанарын менежментийн тогтолцооISO9001олон улсын стандарт, байгууллагын стандарт, баримт бичгийн стандарт, монгол бичгийн хэвлэмэл хуудас түүний бүрдэлд тавих стандартын талаар төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа. Мөн Улиастай сумд үйлдвэрлэгдэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, шошгололтыг стандартын шаардлагад нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Улиастай сумын хүнс үйлдвэрлэгч болон төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлийг оролцуулан “Хүнсний бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодол, шошгололт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
-Ер нь шошго баглаа боодлын ямар стандартыг монгол улсад мөрддөг юм бол?
-Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтонд тавигдах шаардлагын стандартыг Монгол улс 2016 онд баталсан. Стандартын нэр, дугаар нь “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодлын шошгололтонд тавигдах шаардлага”MNS6648:2016 стандарт юм. Энэхүү стандарт нь 2018 оноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөж байгаа.
Ер нь хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгололтон дээр тавигдах мэдээллүүдийг уг стандартаар тогтоож өгсөн.

Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошго нь дараах мэдээллийг агуулна. Үүнд, хамгийн эхлээд хүнсний бүтээгдэхүүний нэр, орц бүрдүүлэгчийн жагсаалт, цэвэр ба хуурай жин, нэр хаяг, үйлдвэрлэсэн орон, цувралын дугаарыг тавьдаг. Мөн үйлдвэрлэсэн он сар, өдрийн  тэмдэглэгээ, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний  гаж нөлөө, хэрэглэх заавар, шимт бодисын мэдээлэл, шимт бодисын  агууламж, шимт бодисын мэдэгдэл, эрүүл мэндийн мэдэгдэл, органик хүнсний мэдээллүүдийг шошгод заавал оруулахыг стандарт шаарддаг юм.

-Энэ жил бүтээгдэхүүний шинэ болон шинэчлэгдсэн стандартууд байгаа юу?
-Хүнсний бүтээгдээхүүн болох манайхны өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг авч үзвэл гурилан бүтээгдэхүүний чиглэлээр гэхэд Хүнсний бүтээгдэхүүнийЖигнэмэл гурилан бүтээгдэхүүн түүнд тавих шаардлагаMNS2488:2021, Чанамал гурилан бүтээгдэхүүнд тавих шаардлага MNS4578:2021, манайхны хэлээд заншсан хэрчсэн гурилын стандарт шинэчлэгдээд Хагас боловсруулсан гурилын бэлдэц. Техникийн шаардлага MNS5760:2020, Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт энэ онд шинээр батлагдан гарцан байх жишээтэй нэлээдгүй стандартууд шинэчлэгдсэн байна.

-Танайхаас баталгаажуулалт хийгддэг? Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн байгууллага аж ахуйн нэгжийн баталгаажуулалт хийгдсэн бэ?
-Манай байгууллагын үйл ажиллагааны нэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээг стандартын шаардлагад нийцсэн байдлыг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгодог.
2022 оны байдлаар гэхэд 8 аж ахуйн нэгжийн 17 нэрийн бүтээгдэхүүн тохирлын баталгаажуулалтад хамрагдаж тохирлын гэрчилгээ авсан байгаа.

-Монгол улсад ер нь хэчнээн стандарт бүртгэлтэй байдаг вэ?

-Манай улс 2022 оны 11 дүгээр сарын байдлаар гэхэд 6525 стандарт байгаас үндэсний стандарт 57 хувь буюу 3716, үндэсний болгон баталсан ОУ-ын стандарт 2364 буюу 36 хувь, үүнээс бүтээгдэхүүний стандарт гэхэд 647 байдгаас MNS409, ISO242, шинжилгээний аргачлалын 303 стандартууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа судалгаа байдаг.

-Танд баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn