Балбад зорчигч тээврийн нисэх онгоц осолджээ

287


Ням гарагт Балбын агаарын тээврийн “Yeti Airlines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, онгоцонд сууж явсан 72 хүн бүгд амиа алдсан байна.  “Kathmandu Post” сонинд мэдээлснээр, «АTR 72» зорчигч тээврийн онгоц Катманду–Покхар чиглэлд нислэг үйлдэж байжээ. Багийн дөрвөн гишүүнээс гадна, 68 зорчигч сууж явсан уг онгоц Сети голын хавцлын орчимд осолдсон байна. Балбын Каски мужийн засаг захиргааны төлөөлөгчдийн мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагааны явцад 68 хүний цогцсыг олжээ. 
 
Зорчигчдын дунд Энэтхэг, ОХУ, БНСУ, Ирланд, Австрали, Аргентин болон Францын иргэд байсан гэж Балбын Иргэний нисэхийн удирдах газраас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. 
 
Балбын Ерөнхий сайд Пушла Камал аюулгүй байдлын хүчнийхэн болон орон нутгийн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Эмгэнэлт явдалтай холбогдуулан нэгдүгээр сарын 16-ны даваа гарагт үндэсний хэмжээний гашуудал зарласан байна. Ослын шалтгааныг тогтоох комисс байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд комиссын бүрэлдэхүүнд Балбын цэрэг, нисэхийн салбарын төлөөлөл болох таван хүн оржээ.
Энэ нь 1992 оны есдүгээр сарын 8-наас хойш Балбын нутаг дэвсгэрт болсон нисэх онгоцны томоохон осол юм. Тухайн үед өмнөд Катмандуд “Airbus A300” зорчигч тээврийн нисэх онгоц уул мөргөж, эмгэнэлт явдлын улмаас 167 хүн амиа алдаж байжээ. 
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn