Оршихуйн мөн чанарт хөтлөх “Хүн дүүрэн тал” үзэсгэлэн нээгдлээ

0

Хүний дотор орших сүнсэн бие нь өөрийн болоод бусдын сайн сайхны тусын тулд тасралтгүй хичээн, сав шим ертөнцөөр эрэл хайгуул хийн, дахин давтагдашгүй зам мөр гарган буйг дүрслэх хүмүүсийн амьдрал... Бодгаль бүхэн өөрийн хүсэл тэмүүлэл, зорилгод хөтлөгдөн эрэл хайгуул хийх ч төгс биелэх аргагүй, хязгааргүй орон зайд оршин буйгаа үл мэднэ...

Хүмүүний оршихуйн мөн чанарыг таних далд ухамсрын эрэл хайгуулыг сүнсэн биеийн аяллаар төлөөлүүлж, хулдаасан барын арга техник ашиглан дүрсэлсэн сюрреалист уран бүтээлч С.Ихбаяр, Э.Билигт нарын хамтарсан “ХҮН ДҮҮРЭН ТАЛ” үзэсгэлэн ХААН галерейд нээгдээд удаагүй байна.

Тус үзэсгэлэн нь уран бүтээлч С.Ихбаярын 2017 онд бичсэн “Хүн дүүрэн талд” богино хэмжээний өгүүллэгээс сэдэвлэсэн бөгөөд хоёр уран бүтээлч өөр өөрсдийн  уран бүтээлийн онцлог, арга зүйг тусган, сюрреалист урсгалаар дүрслэн харуулснаараа өвөрмөц юм. Сюрреализм нь 100 жилийн өмнө Франц улсад үүссэн, аливаа юмс үзэгдлийн өнгөн талыг бус түүний цаана орших далд мөн чанарыг амьдрал дээр үл оршин байх, зөвхөн зүүд нойрны эсвэл оюун санааны төсөөллийн ертөнцөд учирч болох хийсвэр үзэгдэл, мэдрэмж, төсөөллийг уран сэтгэмжээр бодит болгон үзүүлдэг урлагийн төрөл юм.

Уран бүтээлч С.Ихбаярын хувьд хүүхэд байхаасаа богино хэмжээний өгүүллэг бичиж эхэлсэн бөгөөд сүүлийн 6 жилийн хугацаанд хийсэн ажиглалт, түүнээс төрсөн мэдрэмж болон төсөөлөл, зүүд ба зөн совин, бодлын тэмдэглэлүүдээс бүтсэн "ЭРГЭМЭЭР" нэрт богино хэмжээний өгүүллэгийн түүвэр номоо ийнхүү дэлгэн танилцуулж байгаа билээ.

Уран бүтээлч Э.Билигтийн хувьд үзэсгэлэнгээр дэлгэн танилцуулсан бүтээлүүдээ зураасан зургийн техник ашиглан ХУЛДААС БАРЛАХ  аргаар бүтээсэн байна. Ингэхдээ хүмүүсийн дүрсийг сийлбэрлэн зурж, улмаар хэвлэн барлаж, танхимын орон зайд байрлуулсан нь уран бүтээлчийн зүгээс өндөр мэдрэмжтэйгээр чадварлаг гүйцэтгэсэн, хийцлэлийн хувьд цоо шинэ өнгө төрхийг агуулсан бүтээл болжээ.

“ХҮН ДҮҮРЭН ТАЛ” үзэсгэлэн 2023 оны 2-р сарын 28-ны өдрийг дуустал ХААН галерейд үзэгч олны хүртээл болно.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn