МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ БАЙНА

768

Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д өргөн барьсан Хүний эрх, эрх чөлөөний тухай 19 дэх илтгэлд малчин эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөж байгаа асуудлыг авч үзсэн байна.
Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдээс хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтоо хэрхэн үнэлж байгааг тодруулахад 40.5 хувь нь “дунд”, 37.5 хувь нь “сайн”, 13.5 хувь нь “маш сайн”, 7 хувь нь “муу”, 1.5 хувь нь “маш муу” гэжээ. Тэдний 14 хувь нь алгадаж, цохих, өшиглөх, гарт таарсан зүйлсээ шийдэх, 13 хувь нь хэл амаар доромжлох, дайрч давшлах, 10 хувь нь айлган сүрдүүлэх, гэрээс хөөх, 8 хувь нь хутга, мэсний зүйлс барьж, айлган сүрдүүлэх, 6.8 хувь нь үснээс зулгаах, хоолой боох зэрэг үйлдэл бүхий хүчирхийллийн хэлбэр нийтлэг гардаг гэжээ.
Малчин эмэгтэйчүүдээс хүчирхийллийг таньж мэдэх, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, зөвлөгөөг хаанаас авах боломжтой талаар тодруулахад 58.1 хувь нь телевиз, 11.1 хувь нь нийгмийн сүлжээ, бусад нь радио, сонин, нийгмийн ажилтан, найз нөхөд, өрхийн эмч, баг, хорооны Засаг дарга зэргийг дурджээ.
Тохиолдол 1.21
Өдөр тутам хүчирхийлэлд өртдөг ч түүндээ дасан зохицож амьдардаг эмэгтэйчүүд олон. Би ч тэдний нэг. Өөрийгөө хүчирхийлэлд өртөж байна гэж бодоогүй явсан. Та бүхний өгсөн мэдээллээс л энэ тухай мэдлээ. Эмэгтэйчүүд бидэнд сургалт, мэдээлэл маш их хэрэгтэй байна. Тиймээс дараагийн удаа сургалтад суумаар байна...
 (Хөвсгөл аймгийн Тариалан сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Хүснэгт 1.15Хүчирхийлэлд өртөж буй шалтгаан, нөхцөл
Хүчирхийлэл үйлдсэн шалтгаан, нөхцөл
Хариулт
Хувь
1
Архидан, согтуурсан үедээ
186
45.6
2
Хардалтын улмаас
73
18
3
Мөнгө, санхүүгийн гачигдлаас
44
10.8
4
Үгэнд орсонгүй, зөрлөө гэж
25
6.1
5
Боловсролгүйгээс
31
7.6
6
Өөрийн болон өргөмөл, дагавар хүүхдийн асуудлаас
20
5
7
Дарамтлах, хүчирхийлэх нь байдаг л зүйл хэмээн хүлээн зөвшөөрсөн хандлага байдаг учраас
11
2.6
8
Мал аж ахуй, гэрийн ажлаа зэрэг амжуулсангүй гэж
10
2.4
9
Бэлгийн харилцаанд орохоос татгалзсанаас
5
1.2
10
Хадам, хамаатан садны хов живээс
2
0.5
11
Нөхөр/хамтран амьдрагч гэр бүлээс гадуур харилцаатай болсноос
1
0.2

Нийт
408
100
Тохиолдол 1.22
2009 онооснөхөртэйгээ хамт амьдарч, 3 хүүхэдтэй болсон. Анх нэг гэрт орохдоо өөрийн өмчийн 20 бог малтай очиж байсан. Өнгөрсөн хугацаанд малын ашиг шимийг хүртэж санхүүгээ өөрөө захиран зарцуулах эрх мэдэлгүй амьдарч ирлээ. Тэр ч бүү хэл хүүхдийн мөнгө, амаржихын өмнөх болон дараа өгдөг мөнгө зэргийг зарцуулж үзээгүй. Хоол унд, угаалгын нунтаг, саван гэх мэт зүйлс дэлгүүрээс зээлээр авахаар бөөн хэрүүл маргаан болдог байв.Хүүхдүүдээ ойрхон төрүүлсэн болохоор багийн эмч дээр очиж жирэмслэлтээс сэргийлэх хамгаалалт тавиулах гэтэл “Хадам ээж чинь битгий тавьж өгөөрэй гэсэн, хадам ээжид чинь загнуулна” гээд тавьж өгөөгүй. Хамтын амьдралын 8 жилийн хугацаанд би энэ айлд мал маллаж, өөрийн болон хадмынхаа гэр барааг нь янзалж тусалж ирсэн. Нөхөр намайг байнга хэл үгээр доромжилж хардаж сэрддэг. Ээж нь “Гар л битгий хүрээрэй. Хууль нь чанга юм билээ” гэдэг болохоор зоддоггүй, гэхдээ үг хэлээр доромжилж, сэтгэл санааны болон эдийн засгийн байнгын хараат байдалд байлгах төдийгүй гадагш хүнтэй харилцуулахгүй, өөрсдийнхөө эрхшээлд байлгаснаас энэ бүгдийг тэсэх аргагүй болсон. Бага хүүхдээ аваад замын унаанд дайгдаж, Улаанбаатар хотод ирсэн... Хүүхдүүдээ өөр дээрээ авч, гэр бүлээ цуцлуулмаар байна...
(Баянхонгор аймгийн Жинст сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан малчин эмэгтэйчүүдээс жилд дунджаар хэдэн удаа хүчирхийлэлд өртдөг талаар тодруулахад 25.4 хувь нь “1-2 удаа”, 27.1 хувь “3-5 удаа”, 33.9 хувь нь “байнга” гэж хариулжээ.Хүчирхийлэлд өртсөн малчин эмэгтэйчүүд дахин хүчирхийлэлд өртсөн тохиолдолд аль болох гэрээсээ дайжин зугтахыг хичээдэг бөгөөд хэрвээ зугатсан бол хөдөө хээр хонох, эсхүл танил айлаар хоног төөрүүлдэг талаараа ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үед хэлж байв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүчирхийлэлд өртсөн, эсхүл өртөж болзошгүй хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах, эсхүл эмнэлгийн тусламж, сэтгэл зүй, нийгмийн халамж, хүүхэд хамгаалал, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр хуульчилжээ. 2019 оны байдлаар улсын хэмжээнд түр хамгаалах байр 14, нэг цэгийн үйлчилгээний төв 15 тус тус ажиллаж байна. Үүнээс төрийн харьяаны 13 түр хамгаалах байр,14нэг цэгийн үйлчилгээний төв,төрийн бус байгууллагын харьяаны түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв тус бүр1байнаF20F Улсын хэмжээнд 2018, 2019 онд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийн статистик мэдээлэлтэй танилцахад дараах байдалтай байна21F21F
Хүснэгт 1.16 Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэгчдийн статистик мэдээлэл(2018,2019он)

Иргэн
Үүнээс малчин
1
Түр хамгаалах байр
2018
2019
2018
2019
529
596
23
45
2
Нэг цэгийн үйлчилгээний төв
1,210
1,821
6
6
Гэвчсудалгаанд хамрагдсан 6 аймагт түр хамгаалах байр, Сүхбаатар аймагт нэг цэгийн үйлчилгээний төв алга байна.
Тохиолдол 1.23
Нөхөртэйгөө амьдраад 27 жил болсон, хоёр хүүхэдтэй, гэрлэлтээ батлуулаагүй болохоор гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Нөхөртөө олон удаа зодуулж, ах дүү нарт нь хэлэх хэлэхгүйгээр доромжлуулж, зодуулж, дарамтлуулж байна. Нөхөртөө зодуулаад харааны бэрхшээлтэй болсон. Хараа 70 хувийн алдагдалтай. Миний нүдийг униар хатгаж ийм болгосон. Тухайн үед айсандаа мориноос унаад нүдээ гэмтээчихлээ гэж эмчид худлаа хэлсэн. Энэ хүнийг хэрэг төвөгт оруулаад яахав гээд уучлаад өнгөрөөдөг байсан. Нөхөр бид хоёр хамт амьдарсан цагаасаа 1993-2012 он хүртэл ахынх нь малыг ямар ч хөлсгүй маллаж ирсэн. Ах нь хүртэл намайг зодож, үг хэлээр доромжилдог. Хадам ах нь бидний талаар ярих юм бол гишгэх газаргүй болгоно, чамайг нөхөртэй чинь 27 жил тэжээсэн, чамд юу ч өгөхгүй гэж дарамталж гэрээс минь хөөсөн. Үнэндээ хөлсөлж байгаа байрныхаа түрээсийг ч төлж чадахгүй тийм л нөхцөл байдалтай байна. Группын мөнгөөрөө зээл авчихсан. Надад ах, дүү хамаатан садан гэж байхгүй. Би аргаа бараад танай байгууллагад эрхээ хамгаалуулахаар хандаж байна...
(Хүчирхийлэлд өртсөн малчинэмэгтэйд хамтарсан баг эрсдэлийн зэргийн үнэлгээ хийх явцад эмэгтэй дахин зодуулсан байна.)Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв байхгүй учраас дахин хүчирхийлэлд өртөх шалтгаан болсон...(Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн зөвлөгөөний тэмдэглэлээс)
Энэ мэт малчин эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж байгааг харуулсан олон жишээг дурдсан байна.
ЭХ СУРВАЛЖ: URUG.MN
https://www.urug.mn/news/1960?fbclid=IwAR2o1y5DYF_WK9dkanjpifj0jFZXpasi0j91zMBDjFKwCzxGBG72pGZiFewскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn