ТӨРИЙН МӨНГӨӨР УГЖУУЛСАН БӨХЧҮҮДЭЭС САЛЖ, ТӨСВӨӨ ХЭМНЭЕ, ЕРӨНХИЙ САЙД АА

216

Нэр алдарт хүрсэн бөхчүүд төсвийн мөнгийг хонхойтол “залгиж” байна. Тэд төрөөс цалинжиж, бас шахааны бизнес цэцэглүүлж, төсөл, тендерүүдийг өөрийн нэр дээрх компаниараа дамжуулан  хуу хамдаг болжээ.  Үүнээс гадна  2-5 газраас нэгэн зэрэг цалин авч байна. Тэдний сарын орлого 4.5-6 сая төгрөгт хүрчээ.  Тэд  өөрийнхөө амжилтыг ахиулахын тулд  өдөржин зааланд бэлтгэл хийснийхээ төлөө төрийн байгууллагаас  сар бүр цалинжиж байна. Шуудхан хэлэхэд, ямар ч гавьяа байгуулаагүй мөртлөө цалин авч байна гэсэн үг юм.  Төрийн байгууллагад цагаа бүртгүүлэхгүй. Тухайн байгууллагын өдөр тутмын ажилд огт оролцохгүй. Тэгсэн мөртлөө хамгийн өндөр цалинг нь авч,  сар бүр нэмэгдэл авах. Гэтэл төрд нэг насаараа ажиллаж, ухамсарт амьдралынхаа 30 жилийг зориулсан мөртлөө бөхчүүдээс бага цалин авдаг төрийн жинхэнэ алба хаагчид  хэдэн мянгаараа байна. Тэд өглөөнөөс орой болтол бүр заримдаа  хонон  өнжин ажиллаж, нуруугаа бөгтийтөл, нүднийхээ харааг муудтал ажилладаг. Ингээд орон сууцныхаа зээлэнд авсан цалингаа өгчхөөд  өлөн хоосон өдөр хоногуудыг өнгөрүүлж байгаа нь гунигтай. Гэтэл өөрийнхөө л төлөө бэлтгэл хийсэн бөхчүүд үнэтэй машин унан хаахалзаж өнгөрөх нь бүр ч гунигтай. Бөхчүүд аль газраас хэдэн төгрөгийн цалин авч байгаа талаарх баримтыг уншигч танд хүргэж байна.

 Орлого нь овоорсон бөхчүүдийн мөрөнд гялалзах цэргийн цол

              Үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуус нутаг,усныхаа төрийн түшээдийн ивээлд багтаж хоёр, гурван компанийн нэрийн өмнөөс барилдаж сул цалин сугсарч байна. Амжилт үзүүлж улс, аймгийн цол хүртээд ирэхээрээ аль болж бүтэхгүй уул, уурхайн компанийн өмнөөс ажиллаж, иргэдтэй уулзаж, бөхөд хайртай ард түмнийхээ толгойг эргүүлдэг нь нууц биш.  Мөн нэг ч удаа халуун гал руу амь биеэ үл хайрлан орж хүний амь аварсан нь үгүй. Гэтэл гал түймэртэй нүүр тулж, байгалийн гамшгаас сэргийлж, хүний амь аварсан онцгой байдлын ажилчид цалин нь нэмэгдэхгүй, тушаал ахихгүй явж байна. Харин төрөөр тэжээлгэсэн бөхчүүд нэр алдар хүртэхийн сацуу, цалин өндөр, том албан тушаалд сууж буй. Төрөөр угжуулсан бөхчүүд нэг ч болов гал түймэр унтрааж, хүн амь, малийн хулгайг илрүүлж яваагүй л болов уу. Нэмээд боловсрол нимгэн барилдахаас өөр ид шидгүй тэд даргын суудалд заларч төр түшилцэж явна. Тиймээс төр үндэсний бөхчүүдэд өгдөг халамжаа зогсоож олимп, дэлхийн аваргад оролцдог тамирчдадаа зориулбал илүү нүдээ олох болов уу.
             Түүнчлэн 14 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Улаанбаатар хотоос “Ми-8” нисдэг тэргээр ниссэн 22 алба хаагчын 15-ыг нь алдаж байсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрхүү аймшигт түймэрт явж амьд үлдсэн болон амь үрэгдсэн залуустаа төр засаг хэрхэн хандсан бэ. Ямар ч байсан цол олгож, шан харамж лав өгөөгүй. Амьд үлдсэн залуусаас зарим нь гадаад байгаа бол зарим эх орондоо албан ажлаа хийж, лизинг төлөөд амьдарч байна. Уг нь эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэж амь биеэ дээсэн дөрөөн дээрээс авч үлдсэн залуустаа хурандаа цол олгож, өндөр цалин өгвөл зохистой билээ. Гэтэл бөх сонирхож эхэлсэн цагаасаа тухайн нутгийнхаа баян ахын ивээлт багтаж, өмнөөс нь барилдаж буй бөхчүүд Монголын Улсын цэрэг, цагдаа, онцгой байдлын газарт шургалж хамаг л том цол хэргэмүүдийг хүртэж байна.
        Иймд төр угжныхаа боловсрол нимгэн бөхчүүдээс татгалзаж илүү нүдээ олсон зүйлд хангамж хүртээвэл дээрсэн. Иймд төрийн хангамжаар явсаар байгаад хурандаа цол хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна.

ДАРХАН АВАРГА Г.ӨСӨХБАЯР

            Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байсан О.Балжинням аварга үндэсний жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажилд томилогдож даргын суудал эзгүйрсэн. Ийм Г.Өсөхбаяр “Алдар” спорт хорооны даргаар ажиллах болсон бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилсон байдаг. Дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр “Алдарт” спорт хороог 2011 оноос хойш удирдаж байна. Түүнийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай нэг нутаг, Архангайнх гэдгээрээ энэхүү албан тушаалд суусаар байгаа хэмээн юмны учир мэдэх хүмүүс ярилцдаг аж.
Цалин авдаг байгууллагууд:
  • Алдар спорт хороо
  • Бридж групп

СҮЛД” СПОРТ ХОРООНЫ ДАРГА, ХУРАНДАА Н.БАТСУУРЬ

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх "Сүлд спорт" хорооны даргаар улсын аварга Н.Батсуурь 2019 онд томилогдсон. . Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай гэгддэг Н.Батсуурь улсын наадамд дөрвөн шөвгөрсөн бөгөөд 2014, 2018 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсныг бөх сонирхогчид андахгүй биз. Тэрбээр Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан билээ.
Цалин авдаг байгууллагууд:
  • Увс нуур дэвжээ
  • Сүлд спорт хороо
  • "Хемон констракшн" ХХК

"АВРАГЧ" СПОРТ ХОРООНЫ ДАРГААР П.БҮРЭНТӨГС

            Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цолны хүртсэн Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс ОБЕГ-ын харьяа Аврагч Биеийн тамир техник – Спортын хорооны даргаар томилогдсон. П.Бүрэнтөгс аваргаас өмнө тус хороог Монгол Улсын аварга дэд хурандаа Г.Эрхэмбаяр удирдаж байсан юм.
Цалин авдаг байгууллагууд:
  • Увс нуур дэвжээ
  • “ХҮЧ” спорт хороо
  • Гацуурт групп
 

Ergelt.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn