Хорины Коронагийн жил

605

Хорины Коронагийн жил
-Хорин хоёрны эсэргүүний жил "эрхулаан" анх үзсэн тухайгаа эмээ маань ярьдагсан. 1932 онд, коммунист хүчирхийллийг эсэргүүцсэн бослогын жил, аэроплан хэмээх нисэх онгоц харснаа ярьж байгаа хэрэг. 1911 оноос эхтэй Монгол улсын он тоолол тэр үед мөрдөгдөж байсан учраас өнөөгийн календариас10 жилээр зөрж байна.
Нүүдэлч малчин Монголчууд он жилийг тохиолдсон үйл явдлаар нь баримжаалан “Гамингийн жил”, “Мичин жилийн зудны хойтон” хэмээн огноолдог байсан нь энэ хуучаас харагдана. Сүүлдээ оныг нь нэмж “22 оны эсэргүүний жил”, “66 оны үерийн зун” “Жаран есөн оны зудын хавар” болгон хоршуулж ярих болсон нь он тоололд нь хувьсгал гарч эхэлснийг гэрчлэн үлдэж.
Ах дүүс, нэг голынхон болохлоор өөрсдийн мэдэх нэг үйл явдлаар баримжаалан “Доржийн агсам тавьж, морио алддаг жил төрсөн”, “Сандагийг гэрлэсний хойтон намар”, “Ахыг сургуульд ордог жилийн унага” гэхчлэнгийн цолтой дотоод тоолол гаргана. 
Харин энэ жилийг хожмоо “Хорины Хорооноогийн жил", "Хорин оны коронагийн жил” хэмээн баримжаалах болов уу? Хэрвээ сонгууль болж амждаг юмаа гэхэд депутатууд нь “Коронагийн жил сонгогддог нөхөр” болж үлдэх нь л дээ. 
Коронагийн сүрд дарагдсан жил олон чухал үйл явдал өрнөжээ. Сүүлийн хориод жилд Улаанбаатар анх удаагаа бараг утаагүй өвөлжив. Үүнийг “салхи их гарсан”, “угаасаа дулаан өвөл болсон учраас гал бага түлсэн”, “ерөөсөө Засгийн газарт аз таарсан” гэхчлэнгээр эс тоомсорлож болох ч Улаанбаатар “бараг цэлмэг” өвөлжсөн нь бол баримт л даа.
Гэхдээ, урд өмнөх жилүүдийн туршлага биш юмаа гэхэд сургамж дээр хотын тэнгэр цэлмэж эхэлсэн гэдгийг бас хэлмээр байна. Гэрийг нь дулаалах, зуухыг нь сайжруулах гээд олон төсөл явсны эцэст түлштэй нь ноцолдсон нь энэ. 
Яг нарийндаа, үгүйлэгдэж байсан зүйл бол хоёр талын хариуцлага. Нийслэлийн иргэн осгож үхэхгүй өвөлжих эрхтэй, бас бусдыгаа угаартуулж алахгүй байх ч үүрэгтэй билээ. Гэтэл дулаан өвөлжих эрх нь давамгайлаад явчихсан юм. Утаатай тэмцэх ажил “Та энийг түлэх ажаамуу”, “Түүгээр гэрээ дулаалж хайрлана уу” гэсэн гуйлгын аястай. 
Утаа гаргагч тал ихээхэн пээдгэр “Зуухыг чинь зарчихсан, тэгээд яахын та нар”, “Бүрээс чинь урагдсан, тэгээд яалгах гээв” гэж ам асуух маягтай. Ямар ч хамаагүй аргаар санал авч төрд гардаг намчин, улс төрчингүүд нь “аргалж байгаад саналыг нь авчихвал утааны нэрээр мөнгө завших боломж олоод авчихна” гэсэн арга барилтай явж ирчээ. Энэ бол нэг тал нь. 
Сүүлдээ, улс төрчид нь агаарын бохирдол дээр менежмэнт хийж мөнгө цохисоор байгаад “Утаа бол манай эдийн засгийн чухал хэсэг” гэхээр байв. Утаа арилах юм бол маш олон хүний “орлогын үүд хаагдах” нигууртай болчихсон хэрэг. 
Олон улсын зарим ажиглагчийн хэлдэгчлэн, бүс нутгийн хямрал арилахгүй байгаагийн шалтгаан нь тэнд маш том мөнгөний эргэлт, бизнесийн орчин үүдсэнтэй холбоотой болсон гэдэг шиг үзэгдэл болж. Сирийн хямрал, Афганистаны дотоод дажин нь тэнд хүмүүнлэгийн алхмыг зохицуулах болон тусламжийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбоотой бизнесийг хамгаалах сонирхолтой уягдаад ужгирсан гэж тэд хэлдэг.
Яг түүн шиг, утаатай тэмцэхийн хамгийн хэцүү нь утаа өөрөө биш, түүгээр бизнес хийдэг бүлэглэлийн эрх ашигтай зөрчилдөх явдал болж хувирсан гэсэн үг. Бэрхшээлийн нөгөө тал нь энэ. Нөгөөх “өвчин, өвчтөн хоёр нэг тал болчихвол эмч ялагдахад хүрдэг” гэдэг шиг “утаа гаргагч ба ямар ч аргаар хамаагүй утаатай байлгахыг сонирхогч” хоёрын эрх ашиг нэгдээд байсан хэрэг. Ийм юм руу нэг сэлэм барьсан сэнтэгтэй гар л давхиж орно уу гэхээс бусад нь хулчиймаар л даа. Хачирхалтай нь тэр сэлэм барьсан сэнтэгтэй гар нь засаг тэргүүлж таардаг нь бас юу ч билээ.
За тэр, түүхий нүүрс хориглосон, сайжруулсан түлш хийсэн зэргийг орхиод ярихад намрын сүүлээр хэд хэдэн хүн угаартаж нас барсан хэрэг явдал олон юмыг өөрчилсөн санагддаг. Урьд нь жил бүр 50 орчим хүн угаартаж нас бардаг байсан ч төдий тоодоггүй байж. Гэтэл өнгөрөгч намар “Шинэ маягийн түлш хортой эсэх”-тэй зэрэгцэн угаартаж нас барсан хэрэг явдал олны анхааралд өртлөө. Сөрөг талын “Засгийн газраас сайжруулан түлш нэрээр ард түмнийг хордуулах ажиллагааг илчлэх” кампани санамсаргүйгээр нөгөө талдаа нь ашигтай тусав. Өмнө нь хээв нэг бусдыгаа угаартуулж явсан хүмүүс өөрчлөгдөж, өөрөө угаартахаас хамгаалах сэдэл эрмэлзэл “утаа гаргагч тал”-аас гарах болов. (Утааны дохиолол тавьж өгөөд байхад, ажиллаж сигнал өгөөд байхад унтраагаад угаартсан явдал гарсан нь хотын агаар бүрэн цэлмэтэл өдий гэдгийг хэлээд өгч байна) 
Ийнхүү анх удаагаа утаанд хохирогч болон утаа гаргагч талын сонирхол ойртож эхэлсэн. Утаатай холбоотой бизнес сонирхлуудыг яаж зохицуулсныг мэдэхгүй. Ямар ч байсан дээр өгүүлж буй угаартаж нас барснаас үүдсэн нийгмийн сэхээрэл нь хотын утааг шийдэх нэг чухал нөхцөл болсон санагддаг.
Хэрвээ Коронагийн дарангуйлалд бүдгэрээгүй бол 2019-2020 он бол “ЖДҮ хагарсан жил” байлаа. ЖДҮ хулгай энэ жил үүсээгүй, арав, магадгүй хориод жилийн тэртээгээс бугласан хатги ажгуу. Харин энэ өвөл бол ЖДҮ хагарсан байлаа. Монголчууд нийгмийнхээ хатгийг харж, идээ бээрийг нь үнэртэн огив. Төрөө байн байн угааж арчиж, ариун цэврийг нь сахиулжбайхгүй бол ийм яр, идээ бээрэнд баригддаг гэдгийг мэдсэн хэрэг. 
Бид ардчиллыг ихээхэн коммунист маягаар төсөөлж байснаа ухаарч эхэлсэн танин мэдэхүйн цаг үе. Социалист үзэл суртлаар бол “Чардайж байгаад коммунист нийгэмд орчихвол жаргаж үхнэ. Тэнд ямар ч проблем байхгүй, хүн бүр нийгмийн баялгаас хэрэгцээнийхээ хэрээр хүртэнэ” хэмээн номлон итгүүлсэн.  Сонин шүү. Тэд шашныг нэг нүдээрээ үздэггүй, "Хүнийг энэ төрөлдөө зовохын хэрээр хойт насандаа жаргана хэмээн мунхруулдаг" хэмээн шүүмжилдэг байсан юм. Тэгсэн атлаа "Социализм байгуулах гэж хичнээн их зовно, коммунизмд ороод тэр хэрээрээ жаргана" гэж сурталддаг байж.
Бид коммунизмаасаа салсан ч коммунист маягийн сэтгэлгээ нь өвлөгдөн үлджээ. Тэгээд “Яаж ийж байгаад л ардчилчихвал яг коммунизмд орох мэт хамаг юм өөрөө болж бүтээд, шударга ёс хар аяндаа тогтоод явчихна” гэж найдсан байна. Тийм болоод өнөөдөр “Ардчилалаад байхад цалин яагаад бага байна”, “Хулгай гараад байгаа учраас ардчилахаа болих эсэх” гэхчлэнгийн уянгын асуулт тавьж байгаа юм.
Бас л “Нэг сайн удирдагч, аврагч гарч ирээд л хүний төрөлхтөн хийгээд ард түмнээ хайрлаад явдаг ба жишээ нь Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал дарга...Гол нь тэрийгээ л олох учиртай” гэсэн социалист номлолоосоо салж чадаагүй өнөө хүрчээ. Тэгээд л сонгууль болгоноор өөрийн гэсэн Ленин, Сүхбаатараа олж тавиад санаа зовох юмгүй жаргачих санаатай явсаар энд хүрсэн байх юм.
Ардчилал бол хувь заяандаа эзэн байх боломж л ажгуу. Хэн ч чиний зовлонг өмнөөс чинь үүрэх үүрэггүй, бас хэн ч чиний аз жаргалыг булаах эрхгүй. Ямар ч Ленин, Сүхбаатар олдохгүй. Чи өөрөө Ленин, өөртөө Сүхбаатар. Харин төр нийгмээ хатигнаас сэргийлж, засагтаа байн байн эрүүл мэндийн үзлэг хийж, байхгүй бол ардчилсны хэрэг гарахгүй гэдгийг ухаарсан. “ЖДҮ хагарсан” жилийн өгөөж энэ. 
Цаашдаа “Коранагийн жил” юугаар дурсагдан үлдэхийг таашгүй. Хэн түүнийг арга чадамжаа бататгах боломж болгох, хэн өөрийн завшаан болгон хувиргахыг ч төсөөлшгүй.
Одоохондоо бол, аюулт хижгийг тогтоон барих тал дээр бол тун дажгүй байна. Гэхдээ цаашдаа яахыг бүү мэд. Эрх баригчид болохлоор, утаа арилж байгааг иргэд мартаагүй байхад, коронаг хазаарлаж амжиж байгаа дээрээ сонгууль явуулаад үзэх сонирхолтой байх шиг байна. 
Монгол хүнд дундаж сэтгэгдэл гэж бараг байхгүй, дээш доошоо савлаж байдаг хойно. Онгирсон дээр нь сонгуульд оруулбал “жидүү бол үхсэн баас” гэж ч мэднэ. Монголын анхны корона вирус илэрсэн франц эрийг газар дээр нь багалзуурдах, ажилладаг уурхайг шатаах юм болж байсан даа, манайхан. Маргааш нөгөөдөр нь санаа эргээд бараг л ээлж ээлжээр эргэлт оруулж, хөөрхий франц өвчтөн юугаа оочероор сахихдаа тулсныг бодоход тэдний тооцоо бодитой юм. 
Улмаар энэ өвөл хаврын “харинтийн” дундуур шинэ нам, шинэ хүмүүс өөрсдийгээ таниулах боломж бараг гарахгүй учраас сонгогчид хууччуулаас өөр сонголтгүй болж мухардахыг ч тэд мэдэж байгаа. Ийм учраас бусдыг, ялангуяа шинээр гарч ирсэн эвсэл нам, бие даагчдийг карантийлж байгаад сонгууль явуулах нь “МАН,АН”-д үнэхээр ашигтай.
Нөгөө талаас зарим нь юмыг яаж мэдэхэв, жаахан хүлээзнээдэхвэл “Ковид-19” хяналтаас гараад, улсын нөөц нь хомсдоод ирвэл бас учиртай хэмээн тооцоолоод бооцоогоо тавьж байх шиг. Улмаар, нийгмийг хамарсан хямралаас болоод засгийн эрх гудамжинд унавал шүүрээд авч болно ч гэсэн санаархал ч байна.
Бүх юм сайхнаараа явлаа ч гэсэн иргэдийн дунд утаа багатай өвөл, коронагаас хамгаалсан ажиллагаа зэрэг нь байдаг л нэг зүйл болоод мартагдана. Цаашлах тутам нийгмийн сэтгэл зүйн савлуур нөгөө тийшээ унаж, сонголт ч шинэчлэгдэнэ гэдгийг бас талууд харж байгаа. 
-Санаснаар болдоггүй хорвоо юу даа хө гэж нийтийн дуу байдаг шиг “Коронагийн жил” хэний ямар итгэл найдвар, горьдлогоос хороохийг одоо төсөөлөхөд амаргүй байнам.
2020.04.08
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn