Үндсэн хуулийн өөрчлөлтийн “сүнс” нь босго, жагсаалт хоёр
Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...УИХ нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасныг УИХ-аас 2023 оны тавдугаар сарын 31-нд “УИХ нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчиллөө. Ингэснээр 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явахаар болж байгаа юм.
Ер нь бол “...Монголд дан ганц мажоритар буюу олныг төлөөлөх тогтолцоо зохихгүй” гэдгийг олон жилийн өмнөөс хэлж ярьцгаасан улстөрчид олон бий. Нам намд л байсан. Гэхдээ хүч, зориг хоёр нь хүрэлгүй өнөөг хүрсэн юм.
Жишээ нь, 1990-ээд оны дундуур С.Зориг тогтолцооны талаар маш тодорхой хэлж л байсан байна. Тэрээр “...Манай улс парламентын тогтолцоотой улс учраас Ерөнхийлөгч хэн байх нь нэг их хамаагүй. Хамгийн гол нь УИХ яаж бүрдэхээс хамаарна. Эрх мэдлийн ихэнх нь манай Үндсэн хуулиар парламентад байгаа. Тийм учраас Ерөнхийлөгчөөсөө илүү чухал асуудал бол УИХ-ын Сонгуулийн хууль. Өчигдөр Хувьсгалт намын нарийн бичгийн дарга Сонгуулийн хуулийн талаар ярьсан байна л даа. Их сонин тогтолцоо сонгож байгаа юм. 52-ыг нь можаритараар, үлдсэн 24-ийг нь зургаан том тойрог болгоод дөрөв дөрвөн суудал гэсэн. Энэ нь мөн чанартаа яг ижил маягийн системийг л өөр нэрээр хийж байгаа хэрэг. Үүнийг 1940-өөд оны сүүлчээр Хятадад хэрэглэж байсан юм байна. Дараа нь Тайваньд Чан Кай Ши-гийн үед хэрэглэсэн. Одоо ч Тайваньд тэр депутатууд нь сууж байгаа шүү дээ. Тайванийн шинэ намууд бүх насаараа парламентад суучихсан тэр нөхдүүдийг “Хэдэн хөгшин хулгайч нар” гэж нэрлэдэг юм байна. Сүүлд нь Япон, Өмнөд Солонгост үүнийг хэрэглэж байсан. Тэр нь дампуураад пропорциональ систем рүү шилжсэн. Яагаад гэвэл энэ систем авлига бий болгодог.
Тэр нь Япон дээр харагдлаа. Баахан авлигын хэрэг гарсан. Сая Солонгос дээр харагдлаа. Тайваньд харагдаж байна. Эцэст нь бүгдээрээ тэр сонгуулийн системээ өөрчлөөд пропорциональ руу шилжсэн. Гэтэл манайд яг тэр систем нь байна. Яг энэ системээр явбал зүгээр нэг тухайн нутгийн нөхрийг л гаргаж ирнэ. Дээрээс нь намуудын дотор өрсөлдөөн гарч, бүлэглэлүүд нь хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Энэ талаараа их уршигтай систем байгаа юм. Аюултай. Сүүлд нь засахад хэцүү болоод ирэхээр эд нарыгаа дагах юм байлгүй. Үгүй бол заавал зовлон туулж байж гэдэг шиг Хятад, Тайвань, Япон, Солонгосын системийг давж байж цаашаа явах ёстой гэдэг ойлголт байдаг юм уу” гэж байжээ. Ингэж ярьж байснаас нь хойш 20 хол илүү жил өнгөрсөн байна. С.Зоригийн хэлж байснаар мажоритар тогтолцооны “зовлон”-г туулаад иржээ. Тэр зовлонгийн илрэл нь өнөөдрийн Монголын байж байгаа царай л даа.
Ямартай ч Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулаад авлаа. Янз бүрээр л үзэж байна. Тогтолцооноос илүү тоог нь тойроод ярьж байна.
Нэгэнт Үндсэн хуулийг өөрчилсөн болохоор үүнд нийцүүлэх хуваарийн дагуу УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Байнгын хороодоор хэлэлцээд эхэллээ.
Энэ өөрчлөлтийн үнэ цэнийг баталгаажуулах, үр дүн хүлээх “үүд” нь ердөө хоёрхон асуудал дээр голлохоор байна.
Нэгдүгээрт, “...Намууд УИХ-д суудалтай болохын тулд хэдэн хувийн босго давах вэ” гэдэгтэй холбогдоно. Үндсэн хууль батлагдсан өдрөөс хойш жижиг намуудын эрэлт нэмэгдэж байгаа нь анзаарагдаж байна. Олон жил улс төрөөс хол явсан улстөрчид ийм намуудын хаяа түшээд эхэлжээ. Удахгүй том намуудын жагсаалт, тойрог хоёроос мултрах нь тодорхой болсон нөхдүүд ч жижиг намуудыг бараадах сураг нэлээд гарч байна. Гэхдээ нөгөөх намууд нь хуулиар тогтоосон босгыг давж УИХ-д орж ирж чадах уу. Тийм хэмжээний дэмжлэгийг олон нийтээс авах уу. Иймэрхүү асуудлууд жижиг намуудын хоолой дээр тээглэсэн яс болоод байгаа юм. Одоо яригдаж байгаа “...Гурван хувь” бол боломжийн босго болно. Босго үүнээс “намхан” болсон ч жижиг намуудын хүсэл, эрх баригчдын анх тавьсан “..Бүх төлөөллийг оруулах боломжийг нээх” зорилгод нийцнэ. Гэвч Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийн гол “түнш” АН-ын хувьд “...Босгыг улам намхан болгох”-ыг зөвшөөрөхгүй. Учир нь АН-д ашиггүй. Хэрвээ “...Босгыг хоёр хувиар тогтоолоо” л гэвэл АН-ын томоохон фракцууд халааснаасаа нэг нэг нам гаргаж ирээд л алга болно. Гол нь тэр жижиг намууд нь УИХ-д орж чадахгүй ч АН-ын саналыг зулгаана. Яг үнэндээ босго өндөр байх нь АН-д хэрэгтэй. Тиймээс хэрэлдээд ч гэсэн хүчтэй харагдах нь хэрэгтэй байгаа юм, энэ намд. Бас олон жил гудамжинд яваа жижиг намууд “...Одоо л боломж ирлээ” гээд хөөртэй байна. Босго өндөрсвөл тэдний боломж хаагдана. Сонгуульд орж мөнгө үрж байхаар урьдынх шигээ том намуудад нууцаар хүчин зүтгэсэн нь дээр. Эсвэл Төв талбайд гарч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь илүү том улс төр болно. Иймэрхүү байгаа учраас “...Босгыг хэдээр тогтоох вэ” гэдэг улс төрийн бүх намуудад хамаатай юм.
Хоёрдугаарт, пропорциональ буюу хувь тэнцүүлэн төлөөлөх замаар сонгогдох гишүүд жагсаалтаас тодорно. Тэгэхээр “...Намуудын жагсаалтад хэн хэн багтах вэ” гэдэг маш чухал болно. Юутай ч “хүнд гарууд” урьдных шиг намын жагсаалтын ард нуугдах боломжгүй. Олон нийт жагсаалт нээлттэй байхыг хүсэж байна. АН “...Жагсаалтыг нээлттэй байлгая” гэсэн санал өгсөн харагдсан. Хэрвээ жагсаалтад хэн байгааг нуух, эсвэл түүндээ баахан “луу данс”-тай нөхдийг чихчихвэл босго ямар ч байсан бүдэрч мэднэ. Тиймээс намууд жагсаалтаа хэн хэнээр, хэрхэн бүрдүүлэхээс хувь тэнцүүлэн төлөөлөх хэдэн гишүүнтэй болох нь шалтгаална.
Ер нь бол Үндсэн хуулийн өөрчлөлт одоогоор “...Алаагүй баавгайн арьс” л гэсэн үг. Үр дүн нь ирэх сонгуулийн дараа, түүнээс ч хойш гарна. Гэхдээ дээр хэлсэн хоёр асуудал энэ өөрчлөлт хаашаа эргэхийг өнөөдөртөө тодорхойлох “луужин” болно. Үүнийг хуулиудад сайн хийж өгвөл энэ өөрчлөлт цаашдаа зөв рүү эргэнэ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтийн “сүнс” нь босго, жагсаалт хоёр юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин