Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт тарваган тахал илрэв

298

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт тарваган тахал илэрсэн байна. Тодруулбал, 7-р сарын 7-ны өдрийн 12.20 цагийн үед аймгийн Зоонозын өвчин судлалын төвд тарвага олноороо үхсэн тухай дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг, Мөсөнгийн ам хэмээх газарт ажиллаж, мэрэгч амьтны сэгээс дээж авч, нян судлалын лабораторид шинжилгээ хийсэн байна. Урьдчилсан шинжилгээгээр мэрэгч амьтны сэг болон бөөс, бүүрэгнээс тарваган тахлын нян илэрсэн гэв.
Нян судлалын шинжилгээний бүрэн хугацаа дуусаж, батлагдсан хариу өнөөдөр гарна.
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг. Мэрэгч амьтад, тэдний бөөс бүүргээр дамжин халдварладаг, ихэвчлэн тунгалгийн зангилаа уушгийг хоёрдогчоор гэмтээдэг. Халууралт хурц хордлого бүхий зоонозын хурц халдварт өвчин юм.
Хөдөө, хээр үхсэн, хөдөлгөөн удааширсан тарвага таарвал хүрч болохгүйгээс гадна энэ тухайгаа Зоонозын өвчин судлалын төвийн 7046-2432 дугаарын утсаар яаралтай мэдээлэхийг анхааруулав. Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөхийг зөвлөж байна.
Тарваган тахал өвчний улиралчлалтай холбоотойгоор иргэд голомтот бүс нутагт амралт, аяллаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авахгүй байхыг Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулав.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn