Завхан аймгийн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

654
-ТАРВАГАН ТАХЛЫН ГОЛОМТТОЙ, ЭРСДЭЛТЭЙ БҮС НУТГУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭНЭ ДОЛОО ХОНОГООС ЭХЛЭН ЭРЧИМЖҮҮЛНЭ
Зоонозын үндэсний төвийн дэд дарга Б.Амгаланбаяртай ярилцлаа.

-Он гарснаас хойш тарваган тахлын сэжигтэй хичнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тарваган тахлын 11 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс гурван тохиолдол нь батлагдсан. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд батлагдсан 15 настай хүү эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаасаа өмнө нас барсан харамсалтай мэдээ байна. Нөгөө хоёр тохиолдол нь Ховд аймагт бүртгэгдсэн. Төвийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдээд гарсан. Мөн энэ сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастайн төвтэй залгаа байдаг Донойн хөндийгөөс найзуудаараа тарвага агнаж идсэн гэсэн өгүүлэмжтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Уг мэдээллийн дагуу тус аймагт манай салбар Зоонозын өвчин судлалын үндэсний төв, аймгийн онцгой комиссын шийдвэрээр хэсэгчилсэн хөл хориог тогтоон ажиллаж байсан.. Дөнгөж сая шинжилгээний хариу гарлаа. Сөрөг гарсан учраас хөл хориог цуцлах шийдвэр гаргах байх.
Иргэдэд анхааруулан мэдээлхэд хууль бус ан агнуурын асуудал маш их байгаатай холбогдуулан бид бүхэн Эрүүл мэндийн сайдын албан даалгавраар аймаг орон нутгуудад ялангуяа тарваган тахлын голомтод эрсдэлтэй бүс нутгуудад хяналт шалгалтын үйл ажиллагааг энэ долоо хоногоос эхлэн эрчимтэй зохион байгуулах гэж байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сэрэмжлүүлэг мэдээлэл гарч байгаа ч хөдөө орон нутгийн иргэдэд төдийлөн сайн хүрэхгүй байна уу гэдэг байдал ажиглагдаж байна?
-Тарвага бол хориотой ан. Энэ ажил хууль бус ан агнуур их байгаа учраас ийнхүү орон нутагт ажиллахаар баг гарч байна. Энэ тарваган тахалтай холбоотой сэжигтэй тохиолдлуудын гарал үүслүүдийг нь судлахаар голомттой бүс нутагт ажиллаж амьдарч байгаа орон нутгийн айл өрхүүдтэй холбоотой гарч байна. Иймээс манай Зоонозын өвчин судлалын үндэсний төв 15 аймагт салбартай, эдгээр салбаруудаар дамжуулж сургалт мэдээллийг ард иргэдэд хүргэхээс гадна тухайн орон нутгуудад цацагддаг хэвлэл мэдээллийн байгууллагууд телевиз, Монголын радио зэрэг сувгуудаар долоо хоногт гурван удаа сэрэмжлүүлэг зөвлөгөө өгөх маягаар ажиллаж байна. Мөн бидний зүгээс дархлаажуулалтыг өргөн хэмжээнд зохион байгуулж байна.одоогоор 45 мянга гаруй иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.
-Вакцинд яг ямар хүмүүс хамрагдаж байгаа вэ?
-Тухайн тарваган тахлын голомтот бүсүүдэд амьдардаг иргэд мөн тухайн бүс нутгуудад хариу арга хэмжээ авч байгаа эрүүл мэндийн төвийн эмч нар, онцгой байдлын албаныхан, ажил мэргэжлийн онцлогоор яваа экологи, геологи, уул уурхайн салбарын хүмүүс хамрагдаж байгаа. Ер нь бол толгой дараалж вакцин хийнэ гэж байхгүй. Улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг. Нөгөө талаар вакцинжуулалт энэ халдварын өдөөлт болж өгдөг тал бий. Тарваганд дуртай хүн би вакцин хийлгэсэн бүрэн хамгаалагдсан учраас тарвага идэж болно гэсэн өдөөлт өгдөг учраас толгой дараалж вакцин хийх боломжгүй.
Манай улс 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой. Сүүлд хийсэн судалгаагаар 10 аймгийн 26 сум тарваган тахлын сэжигтэй буюу хүний өвчлөлийн тохиолдол үүсч болзошгүй аюултай гэсэн үр дүн гараад байгаа.Тэгэхээр иргэд маань хамгийн гол нь тарвага агнахгүй байх, агнасан тарвагыг хүнсэндээ хэрэглэхгүй байх гэсэн хоёр зарчмыг маш сайн санах хэрэгтэй байна. Гаднаас нь хараад тарвагыг халдвартай эсэхийг мэдэх боломжгүй. Хүн B ,C вирустэй гэдгээ заавал лабораторид шинжүлүүлж мэддэгтэй адил тарвагыг гаднаас хараад тахалтай эсэхийг ялган таних боломжгүй.Ер нь ганц тарваган тахлын нян ч гэлтгүй хүнд халдварлах боломжтой олон төрлийн нян, вирус, бичил биетүүд тухайн амьтдад байдаг. Тэгэхээр тарвага хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол өөрсдийгөө маш том эрсдэлд оруулж байна л гэсэн үг. Сүүлийн үеийн эдийн засгийн судалгаагаар, тарваган тахлын нэг тохиолдол орон нутагт гарахад дунджаар 60 орчим сая төгрөг, нийслэлд 100 гаруй сая төгрөгөөр эмчлэх ийм асар өндөр зардалтай өвчин.
-Тарваган тахлаар өвдсөн гэдгээ мэдвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Тарвага агнасан, идээд эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө гэртээ тусгаарлах хэрэгтэй. Эмнэлэгт очиж болохгүй.Гэрээсээ эмнэлгийн байгууллага руу утсаар холбогдож зөвлөгөө аваад эмч дуудах ёстой. Эмнэлэгт маш олон хүн эмчлүүлж байгаа учраас хавьтлын тоо улам өснө гэсэн үг. Гэрээсээ утсаар яриад бүх үнэнээ хэлэх хэрэгтэй. Хаана тарвага агнасан, хаагуур явсан, яаж идсэн, хэдэн хүнтэй уулзсан, биеийн байдалд ямар шинж тэмдэг илэрсэн гээд бүх зүйлээ нэг нэгэнгүй хэлэх хэрэгтэй. Тэгж байж дараа дараагийн шуурхай арга хэмжээг авах юм. Манайд байгаа нэг буруу жишиг нь нууж явсаар байгаад маш олон хүнтэй хавьталд орж, халдвар тараах эрсдэл үүсгэж байна. Нэн ялангуяа уушгины хэлбэрийн тарваган тахал бол маш аюултай. Амьсгалын замаар халддаг учраас бусдад маш хурдан халдах эрсдэлтэй байдаг. Хүнд халддаггүй өвчин байсан бол одоо яая гэсэн. Өөртөө эсрдэлийг үүрээд өнгөрнө. Харин тахал тусаад нууна гэдэг бол улс орноо эрсдэлд оруулах ийм аюултай гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй байна. одоогоор нөхцөл байдал нэлээд хүнд байна. Маш олон хавьталд орсон хүмүүс их байна. Хөл хориог яаж зохион байгуулах уу гээд хуралдаад байж байна даа. Ийм том асуудлуудыг дагуулдаг учраас онцгой анхаараач ээ.
-Судалгаагаар уушгины хэлбэртэй тарваган тахлын халдварын цар хүрээ ямар байдаг вэ. Коронавирустэй харьцуулахад ?
-Коронавирусээс аюултай тахал шүү дээ. Коронавирус бол нас баралт 2.5 хувь байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 100 хүн өвчлөхөд хоёроос гурван хүн нас барна гэсэн тооцоо байдаг. Тарваган тахал өвчин булчирхай хэлбэртээ нас баралт бага. Гэхдээ хүндэрвэл цаашаа үржил хэлбэрт орж бүх эрхтэн, цусандаа тарж үхэлд хүргэдэг. Уушгины хэлбэрт орвол хүнээс хүнд халдаад явчихдаг. Хүнээс хүнд халдвар тарах эрсдэлтэй болбол 100 хүн тутмын 35 нь нас барна. Өөрөөр хэлбэл, коронавирусээс хэд дахин илүү халдварын тархалтаараа ч тэр, нас баралтаараа илүү гэсэн үг. Тарваган тахал XIII зуунаас эхлэлтэй Европын хүн амын тэн хагасыг үхэлд хүргэж байсан ийм аюултай өвчин. Тэгэхээр уушгины тарваган тахал ямар өндөр эрсдэлтэй вэ гэдгийг манай иргэд уг нь мэдэж байгаа. Монголд 1700, 1800 онуудад нэлээд өндөр дэгдэлт гарч, хот тосгонууд тэр чигээрээ сүйрч байсан тохиолдлууд байсан. 1931 оноос хойш судалж, эрчимтэй тэмцэж эхэлснээс хойш халдварын тоо харьцангуй буурсан байгаа. Сүүлийн жилүүдэд гэвэл, хэд хэдэн тохиолдол гарсан. Хамгийн сүүлд манай улсад өнгөрсөн 2019 онд Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр хүн тарваган тахлаар нас барсан. Манай улсын хувьд бүртгэгдэж байга тарваган тахлыг үүсгэгч нь маш өндөр хоруу чанартай, нас баралтын түвшин маш өндөр.
-Тахлаар өвдсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ. Анхны шинж тэмдэг нь яаж илрэх вэ?
-Хамгийн анхны эмнэл зүйн шинж тэмдэг бол халуурдаг. Хэрэв тарвага агнаад хүнсэнд хэрэглэх явцдаа гар хөлөө исгэсэн бол исгэсэн газрын ойролцоох тунгалгийн булчирхай зочдог. Толгой өвдөнө. Удсан тохиолдолд ханиалгах, цустай цэрээр ханиалгах, хордлогын шинж тэмдгүүд илэрнэ. Хамгийн нэгдүгээрт, ямар нэг байдлаар тарвагатай хавьтаад улмаар халуураад эхэлбэл, өөрийгөө тарваган тахлаар өвдсөн байж болзошгүй гэж үзээд шууд өөрийгөө тусгаарлаад эмч дуудах хэрэгтэй.
Б.ДАРИЙМАА
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn