“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Завхан аймагт хэрэгжиж байна

189

Цусны даралт ихсэх өвчнийг ойшоолгүй өнгөрөөж огт болохгүй гэдгийг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжсэн долоон жилийн хугацаанд эмч мэргэжилтнүүд анхааруулж, сануулсаар ирсэн. Учир нь даралт ихсэхөвчин бусад олон өвчний суурь болоод зогсохгүйхүндэрвэл зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр. Нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин бичигдэж байгаа нь ч үүнтэй холбоотой. 
Иргэд, олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургаснаар хүн амын өвчлөл, нас баралтын тоог бууруулах боломжтой гэж үздэг. Иймээс хувь хүн бүр эрүүл мэнддээ хяналт тавих боломжтойг иргэд олон нийтэд ойлгуулж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулж, мэдээлэл зөвлөмж хүргэх зорилгоор “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) хамтран уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн билээ.  
 
 
Өнөө жил 6-р сард тус аяныг Дундговь, Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжүүлсэн бол өнөөдөр Завхан аймгийн төв, Улиастай хотын төв талбайд аяны нээлтийг хийлээ. Завхан аймгийн хувьд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт зүрх судасны тогтолцооны эмгэг ордог бөгөөд 2022 оны байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторид зүрх судасны тогтолцооны өвчлөл 10,000 хүн ам тутамд 2806 тохиолдол бүртгэгдсэн нь улс, аймгуудын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Аяны үеэр НЭМҮТ-ийн мэргэжилтэн, судлаачид цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт, мэдээлэл зөвлөгөө өгч, цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг хийж, эрсдэлийг нь үнэлэн, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийдэгуламжлалтай. Харин Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг тухайн аймгийн нэгдсэн эмнэлэгт тухайлсан зорилтот бүлгийн иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн үзлэгоношилгоо хийдэг. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд мөн аяны багийнхан цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулдгаараа онцлогтой.
Завхан аймагт тус аян энэ сарын 22-ныг дуустал үргэлжилж, аяны багийн бүрэлдэхүүн энэ сарын 23-26-ныг дуустал Говь-Алтай аймагт ажиллана. 
Цусны даралт ихсэх өвчтэйгөө мэдэхгүй явах нь эрсдэл дагуулаад байна
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Батгэрэл
“Цусны даралтын эсрэг аян” хэрэгжиж байгаа 15 дахь аймаг Завханы хувьд бусад аймгуудтай харьцуулахад зүрх судасны өвчний үзүүлэлтүүд нь өндөрт тооцогддог. Иргэдийн дунд цусны даралтаа хэмжүүлж үзээгүй, цусны даралтын талаар ойлголт мэдлэг төдийлэн бага байна. Судалгаагаар хүн амын дунд гурван хүн тутмын нэг нь цусны даралт ихсэлтээ хэмжүүлж мэдэхгүй байна. Эрэгтэйчүүд ялангуяа энэ тал дээр мэдлэг, хандлага хангалтгүй байна. 
Энэ өвчнийг хүмүүст таниулан ойлгуулах, цусны даралтаа хэмжиж сургахад энэ аяны гол зорилго, ач холбогдолоршиж байна. Цусны даралт ихсэлтийг тоолгүй явснааснас баралтын шалтгаан болж байгаа юм. Өндөр даралттай, тоохгүй, таваас дээш жил явахад зүрхачаалсаар байгаад томордог. Томроод ирэхээрээ цусаа шахаж чадахаа болиод хүндэрч, тархины харвалт, зүрхний шигдээс, дутагдал болох эрсдэлд хүрдэг. Даралт ихэсдэг болоод тэр дороо нас барна гэж байхгүй, харин тоолгүй даамжруулснаас л ийм байдалд хүрдэг. Тэгэхээр цусны даралтаа тоолгүй, хяналтгүй орхих нь хамгийн аюултай гэсэн үг.
Ер нь бол дэлхий нийтэд тодорхойлохдоо дээд даралт 130, доод даралт 80-аас дээш бол цусны даралт ихсэх өвчин гэж үздэг. Даралт нь ихэсчихсэн, 130/80-тай, өөрт нь зовиургүй мэдэгдэхгүй бол хүмүүс мэдэхгүй яваад байдаг. Тиймээс таних арга, өөрөөр хэлбэл, цусны даралт ихсэх өвчтэй болсон эсэхээ мэдэх нь хамгийн чухал. Өөрсдөө гэртээ цусны даралтаа тогтмол хэмжиж, хянадаг болох нь чухал. 
Хүн амын өвчлөлийн 1-рт бичигддэг байсан зүрх судасны өвчин 3-4-р байранд орж хойшилсон нь аяны нэг том үр дүн
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан
 
 
Зүрх судасны өвчлөлөөс шалтгаалах нас баралтыг 10 мянган хүн амд ногдох тохиолдлын тоо 17.45 байгааг 16 болгох, хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах, тохиолдлын тоог багасгах тухай хоёр гол заалт Тогтвортой хөгжлийн зорилго 2030-д туссан. Энэ зорилтыг бид тавиад ажиллаж байгаа. Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгааны талаар судалгааны ажлыг 20 жил дараалаад хийхэд нийт хүн амын 4-хөн хувь нь л эрсдэлгүй, 96 хувь нь ямар нэгэн эрсдэлтэйд тооцогдож байна.
Архи тамхины хэрэглээ, цусны даралт өндөр байх,таргалалт, стресс зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Ийм эрсдэлтэй байгаа юм чинь бид яах аргагүй энэ ажлыг эрчимжүүлж, нийтийн эрүүл мэндийн асуудлыг тэргүүн зэрэгт тавихгүй бол болохгүй. Өнөөдөр Монгол Улсад хүн амын таван хүний нэг нь  тамхи татаж, гурван хүний нэг нь архи ууж байна. Үүнтэй холбоотой өвчлөл, нас баралтын тоо өсөөд байна. Тийм учраас бид энэ аяныг 2017 оноос хамтран хэрэгжүүлж ирсэн. Тухайн үеийн судалгаагаар хүн амын дунд зүрх судасны өвчлөл, энэ өвчний шалтгаант нас баралтын тоо маш өндөр байсан.
Зүрх судасны өвчин нийт өвчлөлийн нэгдүгээр байрыг эзэлж байсан. “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”хэрэгжиж эхэлснээс хойш долоон жилийн дараах тоо баримтаас харахад эрт илрүүлгийн анализ хийгээд үзэхэд зүрх судасны  өвчлөл буурч, нийт өвчлөлийн гурваас дөрөвдүгээр байр руу орсон. Тиймээс энэ бол яах аргагүй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы үр дүн гарч байна гэж үзэж байна. 
Аяны хүрээнд 25 мянга гаруй иргэнийг цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан
ХААН Банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмар:
Монгол Улсын Toп-100 аж ахуйн нэгжийн 2-рт эрэмбэлэгддэг, үндэсний хэмжээний хамгийн том банкныхувьд манай ХААН Банк нийгмийн хариуцлагын чиглэлээр улс орон, хүн ардынхаа сайн сайхны төлөө нийгэмд тустай олон ажил санаачлан, тууштай, тогтвортой зохион байгуулдгийн нэг нь өнөөдөр Улиастай хотноо нээлтээ хийж байгаа “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” юм.
Тус аяныг өмнө нь 14 аймагт хэрэгжүүлж, 25,300 орчим иргэнийг цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулан, эрүүл мэндийн боловсрол олгон, амьдралын зөв дадал хэвшилд суралцахад туслах зөвлөгөө мэдээлэл хүргэн ажилласан.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-нд ХААН Банк санхүүжилт, бүх талын дэмжлэг үзүүлэхээс гадна орон нутгийн салбарын ажилтнууд маань энэхүү аяныг хэрэгжих бүхий л үйл явцад зохион байгуулалтыг нь бүрэн ханган ажилладаг. 
ХААН Банк 2007 оноос хойш нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан бид 500 гаруй төсөл хөтөлбөрийг, 9.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулан ажилласан байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn