ЗАВХАН: Улирлын томуугийн вакцин нь жилийн турш дархлаа тогтооно
Тус аймагт улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил 81.8 хувьтай байна. Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна.
Мөн вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байгаа бөгөөд жилийн турш дархлаа тогтох юм.
Завхан аймагт нийт 5790 тун вакцин ирснээс аймгийн 24 суманд хүн амын тоонд нь тохируулж хуваарилсан. Дархлаажуулалтыг Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэгээр дамжуулан хийж байна.
Томуугийн вакцинд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2-5 насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, эрүүл мэндийн салбарын ажилтан алба хаагчдад хийж буй юм. Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хандлагатай байдаг тул хүүхдүүдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатай юм гэж аймгийн ЭМГ-аас мэдээлэв.