ЗАВХАН: Байгальд халгүй аргаар булаг шандыг хамгаалжээ

83
Эрдэнэхайрхан суманд байгальд халгүй аргаар булаг хашиж хамгаалснаар 21 мянган малыг ундаалах боломжтой болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ нь багасах асуудал юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс ундарга нь татарсан, орчных нь өвс, ургамал халцгайрсан. Усны эх нь малын хөлд гишгэгдэж шаварт дарагдсаны улмаас экологийн доройтолд орсон булаг, бүрдүүдийг хашиж хамгаалах ажлыг төслийн дэмжлэгээр хийж байна.

Тухайлбал Эрдэнэхайрхан сумын Баянзүрхийн булаг нь урд, хойд талаараа олон ундаргатай бөгөөд үүний хоёр нь ширгээд байсан юм. Төслийн хүрээнд тухайн нутгийн 17 өрхийн 21 мянга орчим малыг ундаалдаг булгийн эхийг байгальд халгүй аргаар буюу газар шон суулгахгүйгээр хашиж хамгаалжээ.

-“Уур амьсгал өөрчлөгдөж байна. Зундаа бороо орохоо байгаад, өвөлдөө хүйтрээд ногоо гарахгүй, мал маллахад хүндрэлтэй болж байна. Малын тоо толгой ихсэж бэлчээр их талхлагдаж байна. Бэлчээрийг хамгаалахад аль болох отроор явах, эсвэл хүн нутагладаггүй газарт хариулах, малын тоог багасгах хэрэгтэй юм.  Гэхдээ ус хавччихаад нэг дороо төвлөрдөг болчхоод байна шүү дээ” гэж малчин Ш.Ууганбаяр хэлж байна.

Мөн тэрээр “Миний мэдэхийн энэ хавийн булгууд ерөнхийдөө байхгүй дээ. Наран гээд энэ доогуур сайхан булагтай газар байсан. Одоо ёстой юу ч байхгүй боллоо. Үндсэн булаг одоо манай энд Баянзүрх л үлдэж байх шив дээ. Ерөнхийдөө байгаль, цаг уурын өөрчлөлт, малын даац хэтэрснээс мал бага усанд ихээр шавж булаг ширгэж байгаа болов уу даа. Байгаа булаг шандыг ингэж хашиж хамгаалах нь малчдад дэмтэй төдийгүй малын ундтай болж байгаа нь сайшаалтай юм гэж төслийнхөнд дуулгажээ.  
Эрдэнэхайрхан суманд гэхэдБаянзүрх булаг, Мөсөнгийн булгийг хашиж хамгаалсан аж.

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зорилтот 4 аймагт нийт 36 булаг хашиж хамгаалахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Харин Завхан аймагт өнөөдрийн байдлаар 5 сумын 7 булгийг хашиж хамгаалсан гэжАДАПТтөслийн Завхан дахь зохицуулагч мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn