Ж.Батзандан "ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАВХ"-нд байна

0

-Цаг­таа У.Хүрэлсүхэд хүч өгч М.Энхболдыг унагасныхаа хариуд ахыгаа сайд болгож, өөрөө Элчин сайдын зөвлөхөөр томилогдож байсан Ж.Батзандан МАНАН бүлэглэлтэй тэмцэхээр  “цөллөг”-өөсөө ирсэн ч “Ерөнхийлөгчийн хавх”-наас мултарч чадаагүй юм биш биз дээ-

Монголын төрд “ноён” мэт аяглаж, тэр хэрээр хүч нөлөөтэй явсан М.Энхболдыг унагахад У.Хүрэлсүхэд хамгийн их хүч өгсөн хүний нэг бол УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан. Тухайн үед МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхтэй гар барьж, М.Энхболдын эсрэг “Шударгын дүр”-д тоглож явсан Ж.Батзандан эрх ямбаа эдэлж, “гавьяа”-гаа ч үнэлүүлсэн.
Өөрөөр хэлбэл, төрсөн ах Ж.Бат-Эрдэнийгээ Зам тээврийн хөгжлийн сайд болгож, өөрөө 2021 оны арваннэгдүгээр сард Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын зөвлөхөөр томилогдож байлаа.
Гэвч хамтдаа тэмцэж явсан нөхөд нь эх орондоо өндөр албан тушаалд томилогдсонд нь барьцсан, гомдсон эсэхийг мэдэхгүй ч мань эр Элчин сайдын зөвлөх гэх “шагнал”-аа голж, түүнийгээ “цөллөг” хэмээн нэрлэж, дипломат албыг дорд үзсэн ч удалгүй эх орондоо ирсэн юм. Учир нь, түүнтэй хамт М.Энхболдын эсрэг тэмцэж явсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Л.Болд Элчин сайдаар томилогдсон байв.
Тухайн үед УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо ирсэн шалтгаанаа “МАНАН бүлэглэлтэй эхлүүлсэн тэмцлээ дуусгаж, эцсийг нь үзнэ” гэж тайлбарладаг. Хөшигний ард гар барьж, М.Энхболдыг унагах ганцхан зорилгын төлөө нэг нь ил, нөгөө нь далд тэмцсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан нарын хамтрал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Ямартаа ч Ж.Батзандан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үйл ажиллагаа, үг үйлдлийг нь шүүмжилж эхэлсэн билээ.  Энэ нь Ж.Батзандангийн У.Хүрэлсүхэд хандаж “Би У.Хүрэлсүхийг ядарч явахад өмөөрч явсан. Одоо У.Хүрэлсүх Ерөнхийлөгч задарч явна" гэж хэлсэн үгээр нь тодорхой болсон байдаг. 
Тэдний хагарал 2022 оны намар Ж.Батзандангийн төрсөн ах, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын хэрэгт холбогдуулан цагдан хорьсонтой холбоотой юм. Энэхүү үйл явцыг Ж.Батзандан дээрээс өгсөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн даалгавар гэж харддаг. Түүнийгээ ч нуугаагүй юм.
Ямар сайндаа л мань эр “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өө, дүүтэй нь муудчихаад ахыг нь шоронд хийж болохгүй ээ” гэх үгийг ч дайж байлаа.
Хэрэв Ж.Батзандангийн "хард­лага"-ыг үнэн гэж үзвэл нөгөө талд ахынх нь холбогдсон хэргийг Хөгжлийн банкаар үргэлжлүүлсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах, Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банканд 14,964,970 ам.долларын буюу 36,111,684,763 төгрөгийн хохирол учруулсан болохыг нь тогтоож, яллагдагчаар татаж байв.
Түүнчлэн АТГ-аас Ж.Батзан­данг туслах Г.Аюулгүйн хамтаар нь цагдан хорьж ч байлаа. Түүнийг туслахаараа дамжуулан “Капитал банк”-наас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгадаг. “Капитал банк” нь Хөгжлийн банкнаас зээлсэн 227 тэрбум төгрөгийг 90 гаруй аж ахуйн нэгжид дамжуулан зээлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүйн нэр дээр бүртгэлтэй “Азийн бамбар” компаниар хоёр удаа 3-5.7 тэрбум, “Элит цахмаг” компаниар 3.8 тэрбум төгрөгийн зээл авсан нь батлагдсан гэх мэдээлэл ч гарсан байдаг.
Энэ мэт шалтгаанаар цаг­таа У.Хүрэлсүхэд хүч өгч М.Энхболдыг унагасныхаа хариуд ахыгаа сайд болгож, өөрөө Элчин сайдын зөвлөхөөр томилогдож байсан Ж.Батзандан МАНАН бүлэглэлтэй тэмцэхээр  “цөллөг”-өөсөө ирсэн ч “Ерөнхийлөгчийн хавх”-наас мултарч чадаагүй юм биш биз дээ гэх хардлага олон хүнд бий. Эс бөгөөс УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль дөхсөн энэ цаг үед Ж.Батзандан мэтийн "поп", аливааг алдахгүй анаж суудаг улстөрчид хэдийнэ төв талбайгаа тойроод үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлээд эхэлчихсэн баймаар даа.

https://news.zindaa.mn/4sm6
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn