Тендерийн хуулийн өөрчлөлтөд УИХ-ын бүрэн эрхэд халдсан заалтууд байгаа учир буцаахаар шийдлээ

142

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /08.26/ хуралдаан 79 хувийн ирцтэйгээр эхэллээ. Өнгөрсөн баасан гарагийн хуралдааны үеэр МАН-ын бүлэг Тендерийн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар завсарлага авсан.  Тэгвэл өнөөдрийн  хуралдаанаар ямар шийдэлд хүрснийг  МАН-ын бүлгийн  дарга Л.Мөнхбаатар танилцууллаа. 
Тэрээр "МАН-ын бүлэг хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь төсвийн төлөвлөлт, хяналт, хариуцлага, эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт олон асуудлыг хөндсөн өөрчлөлт хийгдэхээр орж ирсэн. Тиймээс бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ агуулгаар завсарлагаа сунгаж, уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцүүлэх зүйтэй гэж үзсэн. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг зохицуулсан харилцааг оруулж ирсэн.Улсын төсвийг тухайн жилийнхээ есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлдэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг он сарыг аравдугаар сарын 1-нд өргөн барихаар өөрчилж өргөн мэдүүлсэн байна.  Үүнийг МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс хуучнаар буюу есдүгээр сарын 1-нд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлтийг гаргуулж авдаг. УИХ-ын гишүүд танилцах, олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг хугацааг олгох хэрэгтэй учраас уг хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзлээ.  Гурав дахь асуудал бол төсвийн тодотголтой хамт дагалдуулан орж ирсэн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах хууль буюу тендерийн хууль юм. Энэ хуулийн төсөлд хуульд нийцээгүй зүйл орж ирсэн байна. Улсын төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий. Энэ бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалтууд байгаа учраас эргэн харах ёстой. Тухайлбал чадавхад суурилсан хэлэлцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан. Энэ нь улсын төсөв батлахад халдсан зүйл байж болзошгүй. Хэрэв энэ байдлаар тендер шалгаруулалт нь эхэлчихвэл түүний өртөг, арга хэмжээний санхүүжилтийг УИХ батлахаас өөр аргагүй. Нөгөөтэйгүүр тодорхой төсөлд зориулж тендерийн хуулийг өөрчлөх биш томоохон төсөл хөтөлбөрийг түргэн шуурхай явуулах боломжийг хуульд нийцүүлж оруулж ирье. Тендерийн тухай хууль тогтоомжид бүрэн шинэчилсэн найруулга хийх хэрэгтэй байна. Учир нь олон нийтийн оролцоотой, хиймэл оюун буюу хүнээс үл хамаарсан байдлаар зохион байгуулах шаардлагад нийцүүлэн шинэчлэн найруулах нь зөв гэж үзэн хууль санаачлагчид хуулийн төслийг буцаахаар МАН-ын бүлэг шийдлээ. Мөн Төр хувийн хэвшлийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ нь тодорхой хууль, тогтоомжуудыг зөрчиж байна. 2023 онд концессын тухай хуульд хүчингүй болсон. Гэтэл концессын тухай хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах тухай заасан нь холбогдох хууль тогтоомжтой нийцэхгүй байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг бүлгээрээ үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлага байна. Тиймээс манай бүлэгт нэг хоногийн завсарлага өгөхийг хүсэж байна" гэв. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn