Д.Амарбаясгалангийн “Авлигал” хороололтой холбоотой хэлсэн үг хэнийг онилсон бэ?

109

Ээлжит бус чуулганы үеэр ноцтой зүйлүүд нэлээд хөндөгдсөн. Нэг нь “Авлигал” хороололтой холбоотой асуудал юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням голлож ярьсан.
Чуулганы сүүлийн өдөр тус хорооллын газрын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьсан. Түүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганы индэр дээрээс “Авлигал” хорооллын талаар үг хэлсэн нь анхаарал татав. Тэрбээр “...Засгийн газар, Хотын удирдлагууд очихоороо олон нийтэд зориулан “Авлигал” хорооллыг нураана гэсэн попорсон мэдээллийг өгдөг. Тэгсэн мөртлөө Г.Дамдинням гишүүний хөндөж байгаа асуудлыг логикийн хувьд бодоод үзээрэй. Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн байна, олон нийт үерийн эрсдэлтэй байх нөхцөлийг үүсгэсэн байна, нураана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш зөвшөөрөл өгсөн байдлыг шалга гэдгийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням шаардаад байгаа юм. Энэ асуудалд Засгийн газрын гишүүд, хотын удирдлага бодитой ажил хийснээ УИХ-д долоо хоногийн дотор мэдээлэл ирүүлэх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ үйл явцыг шалгах ёстой. Ингэснээр нийгэмд шударга ёс гэж байдаг юм уу гэдгийг нотлох зүйл учраас үүнд онцгой анхаарч ажиллана.
Түүнээс ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн асуулт асууж, тухайн цагт янз бүрээр тайлбар хэлж, хариулсан болдгийг таслан зогсоох учиртай. Г.Дамдинням гишүүн энэ асуудалд анхаарч, салбарын сайд, хотын удирдлагууд бодитой ажлаа хий. Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгосон зөвшөөрлийг хэн, ямар эрх ашгаар өгсөн бэ гэдгийг тодорхой болгож, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой. Төрийн хууль гурав хоног хэрэгждэг гэх яриа бий. Албан тушаалтнууд хууль бол хууль гэж ажиллах ёстой. Журмын зохицуулалтыг хязгаарлахаар ажиллаж байна. Журмаар зохицуулж байгаа нь албан тушаалтан эрхээ хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэж байгаа учраас цөөлнө” гэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын гаргаж тавьсан мэдээлэлтэй холбогдуулж  УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “…Ерөнхий сайд ажилласан өдрөөс хойш олгосон зөвшөөрлийг хэн, ямар эрх ашгаар өгсөн бэ гэдгийг тодорхой болгож, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ёстой” гэсэн нь “...Тус хорооллын газрын зөвшөөрлийг хэн, хэзээ олгосон бэ гэдэгт илүүтэй анхаарал тавьж, тухайн этгээдэд хариуцлага тооцох ёстой” гэж уншигдаж байна.
Энэ өнцгөөр нь харвал, 2022 онд Хотын дарга Д.Сумьяабазар А/17 тоот захирамж гаргаж, “Эм Энд Жи констракшн” ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээн олгосон. Ингэхдээ газрын зориулалтыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц” гэж өөрчилж, эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ. Тэгэхээр УИХ-ын даргын үг Хотын экс даргыг “онилсон” харагдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn