Энэ оны хоёр дахь хамгийн хүчтэй шуурга БНХАУ-д ойртлоо

47

БНХАУ-ын өмнөд бүсэд орших муж болон хотуудад энэ оны хоёр дахь хамгийн хүчтэй хар шуурга болох Яаги ойртож ирсэн байна. Үүний улмаас эрэг дагуух бүсийн сургуулиудын ажиллагааг зогсоож, нислэгүүд цуцлагджээ. Мэргэжилтнүүд Яаги нь сүүлийн хэдэн жил БНХАУ-ыг дайрах хамгийн хүчтэй шуурга болно гэж үзэж байна.
Яаги гэдэг ямаа гэсэн утгатай Япон үг, үүнээс гадна загасны орд мөн домогт гардаг хагас загас хагас ямаа биетэй амьтан юм. Өнгөрсөн долоо хоногт тус далайн хар шуурга Филиппинийг дайрч өнгөрснийхөө дараа хүч нь хоёр дахин нэмэгджээ.
Тус шуурганы төвд нь салхины хурд 209 км/цаг байгаа учир энэ оны хоёр дахь хамгийн хүчтэй шуурга болж буй. Хамгийн хүчтэй нь буюу Берил шуурганы салхины хурд 270 км/цаг хүрсэн билээ. Берил шуурга зургаадугаар сард үүсэж, долоодугаар сарын эхээр зогсож, нийтдээ 6.86 тэрбум ам.доллар хохирол учруулсан юм.
Яаги шуурга Хайнань арал болон Гуандун мужийн газар нутгаар 10-15 км/цаг хурдтай хөдлөх төлөвтэй байна. Тус шуурга өнөөдөр /2024.09.06/ үдээс хойш Хайнанийн Чионхай хот болон Гуандуны Дианбай хотод бууж, илүү хүчтэй болно гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.
Пүрэв гарагт /2024.09.05/ Хайнань мужид галт тэрэг, усан онгоцны тээврийг зогсоожээ. Мөн БНХАУ-ын өмнөд бүс дэх Хонконг, Макао болон бусад байршлуудад сургуулийн үйл ажиллагааг хаасан юм. Хонконг хотын удирдлага хар шуурганы хамгийн өндөр сэрэмжлүүлгээ гаргасан.
Гуандун муж хүчтэй салхины сэрэмжлүүлгээ хамгийн өндөр түвшинд зарласан бол Макао хот ч мөн адил далайн хар шуурганы сэрэмжлүүлгийнхээ түвшийг нэмнэ хэмээжээ.
Цаг уурын өөрчлөлтийн улмаас далайн дундаж температур нэмэгдэж байгаа тул сүүлийн жилүүдэд далайн хар шуурганы хүч нэмэгдэж байгаа гэж эрдэмтэд мэдэгдэж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Шаншан хар шуурга Японыг дайрч өнгөрсөн. Шаншан нь Японд сүүлийн арав гаруй жил тохиогоогүй хүчтэй шуурга байсан тул эрх баригчид сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд зарласан байна.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn