Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хаа сайгүй л баг хуулагдаж байна…

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Могой жилийн өнгөн дээр Монгол Улсын Ерөнхий сайдтай ярилцаж байна. Сарын шинэдээр сайн үг хэлэлцдэг уламжлалтай учраас улс оронд маань болж бүтэж байгаа сайн мэдээллийг эхэлж сонсмоор байна. Бас тэр бүрийд өргөн хүрээнд нээлттэй ярилцаагүй удсан болохоор хүлээгдэж байгаа олон асуултад хариулт авна гэж найдаж байгаагаа илэрхийлье?
-Сар шинэ улс даяар өргөн боллоо. Миний хувьд төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд, түүхчид, шашны төлөөлөл гээд олон л хүнтэй уулзаж, золголоо.
Амны билгээс ашдын билэг гэдэг. Тэнгэрийн луу жил хүчирхэг өөрчлөлтийн цаг хугацаа байлаа. Олон улсад тогтсон хэм хэмжээ, дэг журам, уламжлалт гадаад харилцаа, үнэт зүйл танигдахын аргагүй өөрчлөгдлөө. Луу жилд 70 гаруй улсад ардчилсан сонгууль болж өнгөрлөө. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, дараа нь өрнөж буй үйл явдлууд луу жилийн яалт ч үгүй л онцлох үйл явдал байлаа.
Луу жил Монгол Улсад ч олон өөрчлөлт авчирсан. Анх удаа холимог тогтолцоогоор бүсчилж, томсгосон тойргоос 126 гишүүнтэй парламенттай боллоо. Хамтарсан засаг байгуулагдаж, олон жил гацсан том төслүүдийг зарлаж, дөрвөн том төслийг нь луу жилдээ багтаан УИХ баталлаа.
Могой жилийн хувьд морь жилийн урьтал суурийг хангадаг, их бүтээн байгуулалт өрнөсөн, хур бороо арвинтай, сайхан жил болно гэж ахмадууд хуучилж байна лээ. Мөн могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, прагматик чиг хандлага руу дэлхий чиглэж байна. Манайд ч энэ уур амьсгал нөлөөлөх нь ойлгомжтой. “Элдэв эрдэнэт” хэмээх могой жил монголчуудын хувьд Үндэсний баялгийн сан элдэв эрдэнээр баяжиж, иргэдийн хадгаламж болсон хуримтлалын сан арвижиж, төрийн үйл хэрэг, түмний санаа нэгэн талдаа гарна гэж бэлгэшээж байгаа.
-Бэлгэдэл ярих мэдээж сайхан. Одоо бодит амьдрал руугаа оръё. Эдийн засгийн өсөлт, тоон үзүүлэлт, том төсөл гэж ярьдаг ч үр өгөөж нь ард иргэд бидэнд ирдэггүй юм шиг, ирэх ч үгүй юм шиг. Ерөөсөө итгэл төрөхгүй байна л даа. Бүр итгэхээ байсан ч юм уу…
-Тийм ээ, санал нэг байна. Уул уурхай тулгууртай эдийн засгийн сул тал нь хүртээмж дээр илэрдэг. Уул уурхайн экспорт өсөхөөр уул уурхайн компани, түүнтэй холбоотой цөөн аж ахуйн нэгжүүд үр ашгийг нь хүртэж, төсвийн орлого нэмэгдсэнээр цалин, тэтгэвэр тэтгэмж өсдөг ч уул уурхайн бус салбарын хувийн хэвшил, баялаг бүтээгчид өрсөлдөх чадвар, хүний нөөцөө алдаж эхэлдэг сул талтай.
Гэхдээ эдийн засгийн өсөлтийг, тоог бас үгүйсгэж болохгүй. Дэлхийн бүх улс л голлох хөгжлийн үзүүлэлтээ тоогоор хэмждэг. Тооны дараа чанар яригдахаас биш тоо байхгүй чанар гэж байхгүй. 2021 онд 43 их наяд байсан дотоодын нийт бүтээгдэхүүн энэ жил 80 их наяд болсон. 40 литрийн бидон, 80 литрийн “поошиг” болох чамлахааргүй үзүүлэлт.
Энэ нь цар тахлаас хойш эдийн засаг тогтмол 5-7 хувиар өссөн гэсэн үг. Энэ өсөлтийн үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн гурван жил дараалан нэмэгдэж, 4,128 ам.доллараас 6,890 ам.доллар болж өслөө. Гэхдээ энэ үзүүлэлт 10,000 ам.долларт хүрч байж илүү мэдрэгддэг. Тиймээс энэ зорилтдоо аль болох хурдан, дахин цаг алдахгүйгээр хүрэх хэрэгтэй. 2012 онд хүрч байсан үр дүнгээсээ бид 12 жил алдаж, одоо л эдийн засгийн үзүүлэлтүүд тогтворжиж, зээлээ төлж, зээлжих зэрэглэлээ ахиулж чадлаа.
Цар тахлаас хойш эдийн засаг нь хурдтай тэлж буй цөөн улсуудын нэг бол манай улс. Өсөлт ч үгүй, хүртээмж ч үгүй байсан үе байсныг мартаж болохгүй. Өнөөдөр өсөлтөө хүртээмж болгох мэтгэлцээн өрнөж буй нь сайн зүйл.
Засгийн газраас зарласан 14 мега төслийн 50 хувь нь хэрэгжиж эхэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүн 200 их наядад хүрэх боломжтой. Их гүрнүүдийн хоорондын худалдааны дайн зэрэг биднээс үл хамаарах хүчин зүйл байгаа ч бид зөв замдаа бас дээд хурдаараа л явж байна. Замаасаа гараад явчихгүй байх нь маш чухал.
-Сүүлийн үед өрнөөд байгаа нэг сэдвээр ярилцлагаа үргэлжлүүлмээр байна. Засгийн газар үндэсний томоохон нэг компанитайгаа үзэлцээд байна гэж хүмүүс харж байна. Нөгөө талаас Ухаа худаг Ж.Оджаргал нарын хүмүүст очихдоо анхнаасаа хуудуутай очжээ гэдэг мэдээлэл бас явж байна. Чухам ямар замаар яаж тэдэнд олгосон талаар цэгцтэй мэдээллийг өгнө үү?
-Хувийн хэвшилтэй зөрчилдсөн биш, хууль зөрчсөн эсэхийг тодруулах асуудал гэдгийг хариултын эхэнд тодотгоё. Тавантолгойн ордод 1940 оноос эхлэн хайгуул хийж эхэлсэн юм билээ. Улсын төсвөөс 1977-1993 онд, тухайлбал, 1978,1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг.
Улсын төсвөөс хайгуул хийгдсэн стратегийн ийм том ордын хувь хэмжээг тогтоосон эрхзүйн актуудад дүн шинжилгээ хийх нь аль ч улсын Засгийн газар, УИХ-д байх л ёстой хэм хэмжээ. Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөр дээрээ авах эрхтэй байсан уу? Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрхзүйн акт мөн үү?
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал байдаг. Тэгвэл УИХ-аар хэлэлцсэн эсэх зэрэг асуудлуудыг тодруулж, нэг талдаа УИХ-аас чиглэл авах шаардлага гарсан, нөгөө талдаа иргэдийн мэдэх эрхийг хангаж нэгдмэл ойлголтод хүрэх нь зөв гэж үзсэн.
Ер нь уул уурхайн томоохон хэмжээний хэлцлүүд дээр ийм асуудлууд гарсан нь хардалт их дагуулдаг. Дубайн гэрээг Засгийн газраар хэлэлцүүлээгүй, Ерөнхий сайд захирамж гаргасан нь асуудал дагуулсан. Эрдэнэтийн 49 хувийг ч мөн адил УИХ-аар оруулаагүй шийдвэрлэсэн нь асуудал болсон.

Түүнээс Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм. Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд баримтуудаа гаргаад ил тод ажлын хэсэгтэйгээ хамтраад ажиллаад явах нь л зөв. Ажлын хэсэг аль нэг талыг барихгүй, хуульд нийцсэн шийдвэрийг УИХ-тай хамтран гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
-Стратегийн орд гэж яригддаг байсан бусад газрууд дээр энэ асуудлыг нягтлах уу. Бас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргачихсан шүү дээ. Нөгөө талд 34 хувийн асуудал баялгийн сангаар дамжуулаад иргэдийн халаасанд ороод ирэхээр хүмүүс ч асуудалд илүү анхаарч байх шиг?
-Тийм ээ, хөрөнгө оруулагчдаа ойлгож байна. Засгийн газар энэ талаар сайн анхаарч байгаа. Тоон үзүүлэлтүүд, том төслүүд ч энэ бодлогын үр дүн. Гэхдээ УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцэхгүйгээр олон улсад ордоо зарчихсаныг ярилцахгүй өнгөрөх улс гэж байхгүй л дээ. Дахин хэлэхэд дэлхийн аль ч улсад ийм хэмжээний хэлцлийг парламент нь нягтлах нь эрхзүйт төрийн хэвийн хэм хэмжээ.
Байгалийн баялгийг хэн ч бүтээж бий болгоогүй. Энэ газар нутгийн маань хөрсөнд байгаа баялаг. Баялагтаа эзэн байх нь ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл. Судалгаагаар байнга 70 хувиас дээш анхаарлын төвд байдаг сэдэв. За, дундын баялгаа ашиглуулдаг юм байж, ядаж иргэдийн сонгож, өөрсдийгөө төлөөлж гаргасан УИХ-аар ил тод хэлэлцчих ээ. Манай улсад, миний амьдрах орчинд, надад, миний үр хүүхдэд яг ямар өгөөжтэй байх юм бэ гэж тэд асууж байгаа нь зүй ёсны л асуулт.
Мэдээж, нөгөө талдаа энэ баялгийг хөрөнгө оруулж байж ашиглах нь ойлгомжтой. Тиймээс бизнесийн хувьд тухайн төсөл ашигтай байх ёстой. Аль ч аж ахуйн нэгж ашгийн төлөө байх нь ойлгомжтой. Энэ хоёр ойлголтын эв нэгдлийн цэг бол Баялгийн сан юм л даа. Олон улсад одоогоор олдсон сайн туршлага энэ болохоос санаанаасаа зохиочихоод байгаа зүйл огт биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд нэгдэж, Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газарт ажиллаж байхдаа энэ хууль дээр өөрөө ажилласан ажлын хэсгийн ахлагч.
Тиймээс ч Үндэсний баялгийн сангийн асуудлыг өргөн агуулгаар харах нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойд үүссэн өр, Тавантолгой тойрсон асуудалд Засгийн газар анхаарал хандуулахгүй байхын аргагүй. Цэгцэрч байгаа учраас ч Үндэсний баялгийн сан бүрдэж эхэлж байна. Таны дурдсанаар, Баялгийн сангийн хуулиар стратегийн ордуудын 34 хувьд ногдох ногдол ашиг иргэдийн хуримтлал болсон. Иргэд E-Mongolia дээр өөрийн нэрийн хуримтлалын дансанд аль, аль стратегийн ордоос хуримтлал үүсч байгааг харах боломжтой болсон. Энэ нь ирээдүйн уул уурхайн олон том төслийг иргэд ойлгон дэмждэг байх шууд харилцаа юм. Тэрнээс төр авна гээд байгаа агуулга огт биш.
Оюутолгойн 34 хувь 2.3 тэрбум ам.долларын өртэй байсан учраас энэ хуулийг баталж чадахгүй байсан. Эрдэнэт дээр 49 хувь ч маргаантай байсан. Тавантолгой тойрсон асуудал ч нэлээд л зүйл болсон. Энэ олон маргаантай асуудлын цаана Үндэсний Баялгийн сангийн хууль батлагдах суурь нөхцөлийг бүрдүүлэх л үндсэн зорилго байсан юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дараа Монгол Францын Ураны хөрөнгө оруулалтын гэрээ батлагдлаа. 34 хувийг АМНАТ-өөр орлуулах хэлцэл хийгдсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь олон давуу талыг үүсгэж байгааг тэмдэглэж байсан.
Харин цаашид АМНАТ буюу роялтиг Баялаг ашигласны төлбөр гэж сонгодог агуулгаар нь хэрэглэх нь зөв гэж үзэж байгаа. 2030 оноос цааш баялаг ашигласны төлбөрийг ирээдүйгээс гадна хуримтлал ба хөгжлийн асуудалд зарцуулахаар төлөвлөж байна.
Дэлхийн улс орнуудад Баялгийн сан анх байгуулагдахад олон асуудал гарч байсныг түүх нотолдог. Манайд ч тодорхой доргилт өгнө. Гэхдээ төр доргилт бүрд цочоод байж болохгүй. Засгийн газар УИХ-аар батлагдсан хуулийг л хэрэгжүүлж байна. Хууль тэгш үйлчлэх Үндсэн хуулийн зарчимтай.
-“MCS” компанийн хууль хамгаалалтын газар төрөөс давсан гүйцэтгэх ажиллагаа хийсэн гэсэн мэдээлэл явсан. Ерөнхий сайд тагнуул хүчнийхний мэдээллийг хамгийн түрүүнд авдаг. Гэхдээ бас арай ч төрөөс давсан гүйцэтгэх ажиллагаа явуулчихна гэж бодохгүй л байна. Дотоодын цэргийн дарга Р.Чингисийг чөлөөлсөн асуудал үүнтэй холбоотой байсан уу. Танд яг ямар мэдээлэл ирснийг хэлж болох уу?
-Таны асуусан асуудал шалгагдаж байгаа. Зөвхөн нэг байгууллага ч биш ийм асуудлууд хэд хэд гарсан. Прокурорын зөвшөөрөлгүй хэн ч хуулиас давж, иргэдийн хувийн мэдээлэлд халдах, тусгай төхөөрөмж ашиглан гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй. Тиймээс цэгцлэх нь зүйтэй. Ийм байдал хэтэрвэл цаашид бие даасан цагдаа, армитай болох хүртлээ өргөжиж, эрх зүйт төрийн хэм хэмжээг давдаг муу жишээ олон бий. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан дарга нар хувийн компанид ажиллах нь хувь хүний сонголт боловч цаашид анхаарах л ёстой асуудал. Төр тэднийг анхаараагүй орхичихдог нь бас алдаа гэж боддог.
-Гэхдээ улс орон үндэсний томоохон компаниуддаа чирэгдэж хөгждөг гэж бүгд л ярьдаг. “MCS” бол томоохон татвар төлөгч, сайн ажил олгогч, шинэлэг инновац хөгжүүлж ирсэн байгууллага. Баялаг бүтээгчдээ төр нь ингээд байхаар яах юм бэ?
-Засгийн газрын байр суурь тодорхой. Хувийн хэвшлээ дэмжинэ, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулна. Төсвийн орон зайг хувийн хэвшилд шилжүүлнэ. Эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгоход чиглүүлнэ.
Энэ тал дээр эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулагдан идэвхтэй ажиллаж байна. Саяхан бид эдийн засгийн хөгжлийн зөвлөл дээр хөрөнгө оруулалт, бизнесийн орчны үнэлгээ, татвар, нийгмийн даатгалын эрхзүйн орчны талаар ярилцсан. Том төслүүд хөдөлж байгаа нь бизнесийн таатай орчныг бүрдүүлэх суурь боломжийг бүрдүүлж байгаа сайн талтай. “MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм.
Бүхэлдээ хувийн хэвшилд жам ёсны бизнесийн эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, хууль тэгш үйлчилдэг эрхзүйн орчин хэрэгтэй. Тэрнээс нэг хэсэг нь хуулиас дээгүүр, нөгөө хэсэг нь төрийн хүнд суртлын дор. Зарим нь төрөөс илүү мэдээлэлтэй, нөгөө хэсэг нь хүсээд ч мэдээлэл авч чадахгүй бол жам ёсны бизнесийн эрүүл өрсөлдөөн үүсэхгүй шүү дээ.
-Гашуун Сухайт-Ганц модтой холбоотойгоор энэ зөрчил үүссэн гэж анзаарагдаж байгаа. Гэрээ байгуулах үед урьд өмнөх асуудлууд ил болсон уу, яг юу болсон юм бэ?
-2004 онд яг одоогийн Засгийн газар хоорондын хэлэлцээр яригдаж байсан байдаг.
-Тэгээд 20 жил гацсан шалтгаан яг юу байсан юм бэ. Алдсан цаг хугацааг бодохоор хайран юм аа?
-Гацсан шалтгаан нөгөө л Тавантолгойг хэн авах вэ гэсэн тэмцэл. Өөр юу ч биш. Мэдээж геополитикийн асуудал байсан. 2004 онд хоёр улсын Засгийн газар хоорондоо, бас орд болон төмөр зам эзэмшигч төрийн өмчийн компаниуд хоорондоо гэрээ байгуулаад хамтран ажиллах энгийн хэлэлцээр яригдаж байсан.
Тэгтэл гэнэт л жижиг Тавантолгой, Ухаа худагийг цогцоор ашиглах нь зөв тухай, Тавантолгой ордын 51 хувийг “MMC” концерциум, Хятадын тал “Шинхуа” 49 хувийг эзэмшинэ гэдэг хэлцэл болж хувирсан. Манай талаас ингэхгүй л бол гэрээ явахгүй гэж тайлбарласан протоколууд нь бүгд бий. Явсан бүрэлдэхүүн ч сонирхолтой. Ингээд 2014 онд Си Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнийг зогсоож байгаад нарийн царигаар төмөр зам тавих гэрээнд гарын үсэг зурчихсан. Гарын үсэг зурагдсанаас хойш БНХАУ-ын тал нэг жилийн дотор Ганцмод талын төмөр замаа ашиглалтад оруулаад, Монголын талыг гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг хүссэн.
-За ингээд нөгөө алдарт өргөн, нарийн царигийн маргаан уу?
-Тийм ээ. Ингээд нарийн царигаар төмөр зам тавих нь улсын төмөр замын нэгдсэн бодлогод нийцэхгүй байна гэж үзсэн. Тавантолгойн хувь эзэмшлийн асуудал ч хөндөгдсөн. УИХ-ын гишүүд нэгдэж Тавантолгой ордын хувь эзэмшилтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж, үндэсний хэмжээний том асуудал болсон.
Энэ том хэмжээний улс төрийн мэтгэлцээн өрнөх нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан.
Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.
Уг нь 2004 онд зүгээр л хоёр улсын Засгийн газар хоорондоо гэрээ байгуулаад, Тавантолгойн нүүрсээрээ төмөр замын тал өртгөө төлнө гээд явсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн аль эрт 10 мянган ам.долларт хүрчих байлаа. Утаа, түгжрэл л лав өнөөдрийн асуудал биш байх байсан. Орон сууцны асуудал ч бүрэн шийдвэрлэгдсэн байх боломжоо алдсан. Алдагдсан боломжийн өртөг гэдэг энэ л дээ. Одоо ирээдүйд боломж алдахгүйн тулд л өнөөдөр шазайгаад байгаа ухаантай. Гэхдээ бас өнгө алагласан олон мэдээлэл дунд зөв буруу олон л ойлголт байдаг юм шиг байгаа юм.
-Сая Шанхайд үндсэндээ 2004 оны нөхцөл дээрээ тохирсон гэв үү. Төсөв энэ тэр гээд дараа нь олон зүйл өрнөлөө…
-Тийм ээ, Шанхайд Засгийн газрын шадар сайдууд, УИХ-ын гишүүдийн төлөөлөл гээд томоохон бүрэлдэхүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Туваан сайд тэргүүтэй олон мэргэжилтэн очсон. Тэнд яригдсан зүйл бол хоёр улсын Засгийн газар хооронд аливаа гурав дахь талыг оруулахгүйгээр шийдвэр гаргах үндсэн зарчмыг ярьсан. Мэдээж, эдийн засгийн хувьд олон жил алдсан асуудал, маргааныг хэрхэн шийдвэрлэх тухай ярьж таарна. Олон жил шийдвэрлэгдээгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр ч зурагдсан. Очсон бүрэлдэхүүн хэрэндээ баяртай. Тэгээд оройдоо гэхэд л Монголд улс төр өрнөж эхэлсэн дээ. Одоо ч өрнөл нь ид явж байна. Гэхдээ нэг сайн зүйл нь тэнд байсан улстөрчид, хэвлэлийнхэн бүгд энэ асуудлыг том утгаар нь ойлгосон.
-“Улс төрийн эрх мэдлийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг томоохон компаниуд хэрээс хэтэрсэн юм байна. Баялагтай улс мөртлөө иргэд нь баялгаа ашиглаад сайхан амьдрах итгэлгүй байгаа нь цөөхөн хэдхэн хүмүүст тэр боломж ирдгээс. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иргэдэд тэр баялгийн үр шим ирж байж л итгэдэг болно” гэж олон жилийн өмнө ярьж байсныг тань санаж байна л даа. Нэг талаас тэр итгэл үнэмшлээрээ энэ бүхнийг өөрчлөх гэж хичээж байгааг нь анзаарч, нөгөө талаас Женко Х.Баттулгын зорилгод тааруулж, энэ бүхэн хийгдээд ч байна уу гэж хардах юм?
-Энэрэл ээ, ингэхэд намайг жүжигчин бүсгүйтэй Солонгост хурим хийсэн гэдэгт чи хэр итгэж байгаа вэ?
-Би уг нь Х.Баттулга гэдэг хүний талаар асуусан л даа. Ерөнхий сайдаас ийм юм асуух тиймхэн ч нөгөө талаас яах аргагүй сэдэв болох хэмжээнд яригдаж байгаа учраас асууна даа гээд бодоод сууж байтал эхлээд дурдчихлаа. Жүжигчин О.Дөлгөөнтэй хамт амьдарч байгаа, ижил бүс энэ тэр гээд л итгэхгүй байхын аргагүй л мэдээлэл явах юм даа…
-Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна.
Яахав эхэлж үүнийг дурддаг нь үндсэн асуултанд чинь хариулах гээд. Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий.
Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой.
Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү.
Манай нам ч, АН ч үндэсний хэмжээний том намууд. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байдаг. Миний ойлгодгоор АН дотроо үндсэрхэг, либерал гэдэг үзэл бодлын зөрүүтэй. Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй. Манай намд ч бас үзэл бодлын зөрүү бий, бий. Хааяа тэр хэсгийн төлөөлөлтэй уулзана аа. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ. (инээв)
Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. Яг бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед нь одоо бүлтрээд байдаг нөхдүүд урт урт хадаг, бурхан барьчихсан л ордонд явж байдаг байсныг санадаг л юм. Гэхдээ хэт наах гээд буруутах тохиолдол байдаг шүү. Германы Социал Демократ намынхан А.Меркелийг муулах гэж байгаад намынхаа үндсэн дэмжигчид дээр наачихаад, дараа нь салгах гэж бөөн юм болсон түүх байдаг шүү.
-Танай гэр бүлийнхэн Англид амьдарч байгаа гэсэн үү?
-Намайг муулах аргаа нэг л олохгүй байх шиг байгаа юм. Данх л гэлээ, гялгар хамартай галч л гэлээ. Одоо бүр овоо дээшлүүлээд энд тэнд амьдруулаад байгаа юм байна. Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй. Ер нь яахав, Эби дарга маань намайг харц, өөрийгөө язгууртан л гэж ойлгуулах гээд байгаа бололтой.
-Галч гэснээс галчийн тухай яриа яг хаанаас гарсан юм бэ. Бэрхийн тамгын газарт ажиллаж байсныг нь мэднэ, гэхдээ галчаар ажиллаж байсан гэж бодоогүй байсан юм байна?
-Оюутан байхдаа Бэрхийн тамгын газарт жижүүр хийж байсан гэж дээр нэг ярьж байсан юм. тэрийг л мушгиж байгаа ухаантай. Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм. Хүнийг арьс өнгө, шашин шүтлэг, хөрөнгө мөнгөөр ялгаварлан гадуурхахгүй гэж ярьдаг байсан биш бил үү?
-Ц.Элбэгдорж гэдэг хүний үед хамаг муу муухай хийгдсэн гэж та хэлдэг. Та хоёрын дуэл хэдэн цувралаар хүмүүст хүрлээ. Тэр хүний сайныг нь асуувал яадаг юм бол гэж бодлоо?
-Баярлалаа, гоё асуулт байна. “Нүүх үү, үлдэх үү” лекц тавьж байх үед би Гэр бүлийн радио 104.5-д ажилладаг байлаа. Манай радиогийн туяа гээд эгчтэй хамт тэр лекцийг СD-д хувилж, ажиллаж байсан залуучууддаа өгч байсан дурсамж байдаг юм. Харвардын Кеннедийн сургуульд очиж суралцах сэдэл ч тэндээс авч байснаа нуухгүй.
Ярьж байсан зүйлээсээ өөр байсан нь асуудал юм л даа. Энэ стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд мань хүний л бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…
-Мартын 8-ны өдөр хоригдож байсан Т.Чимгээг эргэж очиж байсныг санаж байна. Түүнээс хойш үйл явдал хөвөрдөөд явчихсаныг ч хүмүүс мэдэж байгаа. Гэхдээ бүх шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг ингэтэл өөрчлөгдөнө гэхээр. С.Зоригийн хэргийн талаар маш ноцтой асуудал гаргаж тавьсан, тийм итгэлтэй байдгийн шалтгаан юу вэ?
-Ардчилсан нийгэмд нэг хэргийг хаах гэж, нөгөө хүнийг эрүүдэн шүүж зохиомлоор ял тулгана гэдэг байж болохгүй зүйл л дээ. Харамсалтай нь ийм үйлдэл болчихсон. Төр учруулсан хохирлоо нөхөн төлөх үйл явц хуулийн дагуу үргэлжилж байна. Олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах асуудлууд ч гарч байгаа. АНУ-ын Засгийн газартай хамтран ажиллах хэд хэдэн асуудал хуулийн байгууллагуудын хувьд байгаа бөгөөд нааштай шийдвэрлэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Миний хувьд 1998 онд дунд сургуулиа төгсөж байлаа. Нэг үгээр хэлбэл, надад субьектив хандах ямар ч сэдэл байхгүй. Гагцхүү бид ардчилсан нийгэмд ийм ноцтой асуудлыг үнэнээс зугтан үлдээх эс үйлдэл хийж л болохгүй. тухайн үед т.Чимгээ дээр очих үед нэлээд л дайралтад өртөж байсан. Харамсалтай нь энэ олон жил хэсэг хүнийг нүдсээр байгаад үнэн гэж итгүүлээд, бүр нийгмээс тусгаарлачихсан.
-Та Б.Булганыг хэлж байна уу?
-Зөвхөн Б.Булган биш ээ. Маш олон хүний амьдралын цаг хугацааг бүхэлд нь сүйрүүлсэн. Би торлогдчихсон зүрхийг чөлөөлөхийг л хүссэн юм. Ийм том асуудлыг хариуцлагатай ажил хийж, юу болсныг нь мэдчихээд, нүдээ аниад яваад байвал хожим өөрийгөө үзэн ядахаа мэдэж байсан. тэгээд л гаргаж тавьсан. Үндсэндээ тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас нь холдуулж, ахуйн хэрэг байсан гэж хаахын тулд зохиомлоор хийсэн асуудал. Энэ 21-р зууны хамгийн жигшүүрт хэлмэгдүүлэлт гэдгийг хариуцлагатай хэлье. Лхүмбийн хэрэгтэй дүйцэхүйц хэрэг болсон. Цаг хугацаа бүгдийг шүүнэ.
-УИХ-ын гишүүн Г.Лодойсамбуу таныг огцруулах бичиг сэдсэн. Энэ ардчилсан улс оронд болж байдаг л үйл явц. Улс төрийн янз бүрийн л өнцгөөс тайлбарлагдаж байх шиг байна. Түүнийг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн ойрын хүн гэдгийг хүмүүс мэднэ. Өөрсдөө ч хэлж л байсан. Энэ бүх байдлаас их хамтрал задрах нь гэдэг хардалт бас үүссэн?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ид яригдаж байх үед бас нэг иймэрхүү асуудал болж байсан юм. тухайн үед надтай бас ойрхон гэж үзэж болохоор улстөрч Лу.Гантөмөр даргатай холбоотой асуудал гаргаж ирээд, тэр нь бараг л Үндсэн хуулийн өөрчлөлтийг зогсоох хэмжээний улс төрийн асуудал болж хувирч байсан санагдаж байна.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга бидний хувьд түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон.
Олон улсын геополитикийн энэхүү савлагаа, том төслүүд улстөржин гацсан цаг хугацаа, ардчилсан парламентын засаглал, намуудын төлөвшил зэрэг олон зүйлийг харгалзан энэхүү өөрчлөлтийг хийхээр зориглосон. Энэ өөрчлөлт зөв байсан эсэхийг хожим цаг хугацаа түүхийн хатуу шүүлтүүрээр шүүнэ. тиймээс маш том хариуцлага.
Нэг үгээр хэлбэл, бид ийм том агуулгаар хамтарсан Засгийн газар байгуулсан. Угаасаа цаашид дандаа л хамтарсан Засгийн газар байгуулах тогтолцоог сонгосон гэсэн үг. тиймээс Лу.Гантөмөр даргатай холбоотой хардалт бол үндэслэлгүй зүйл.
Ардчилсан нийгэмд гишүүд үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн дагуу бүрэн эрхээ эдлэх өөрийнх нь л бүрэн эрх. Гэхдээ гурван намын хувьд улс төрийн шийдвэр гарган, хамтарч эрх барьж байгаа гэдгээ мартаж болохгүй. Бас тэртээ тэргүй ирж буй цагийн урсгалыг хэт яарч, эсвэл авторлох гэж байгаад цагийн зүүг буцаагаад эргүүлчихсэн олон түүх бий. Голын урсац нэг өөрчлөгдчихвөл “Алтан өргөө” кино дээр гардаг шиг л юм болно.
-Таныг Г.Лодойсамбуу гишүүн өөрийг нь дарамталж байсан гэсэн байна лээ. Тийм зүйл болсон юм уу?
-Би түүнийг гишүүн болохоос нь өмнө уулзаж ч байгаагүй. Утсаар ч харилцаж үзээгүй. УИХ-ын гишүүдэд эргэлзээтэй зүйл байгаа бол уулзчих боломж нь байдаг шүү дээ. Нүүр тулж уулзалгүй улс төрийн дүгнэлт хийнэ гэдэг сайн зүйл биш.
-126 гишүүн бол та нарын үед хийсэн огцом өөрчлөлт. Жагсаалтыг хүйсээр сөөлжлүүлсэн, яаж ч хайрцаглагдах боломжгүй гишүүдийн төлөөлөл гээд ардчилсан дэвшлүүд харагдаж байгаа. Алс хэтдээ үр нөлөө нь харагдах биз. Гэхдээ нөгөө талаас ингэж өөрчлөлгүй хуучнаар нь явуулах боломж, эрх мэдэл ч та нарт байсан байх. Яг хувь хүнийхээ хувьд энэ цагт олгосон боломжоор гишүүн болоод шүүмжилж байгаа гишүүдийг харах гашуун байдаг уу. Жагсаалт дээр гоё харагдуулах гэж хэт хичээсэн алдаа та нарт бий юу?
-Улс төрд шинэ салхи оруулах гэж нийгмийн төлөөллийг оруулсан. Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй хүйсээр 1:1 харьцаагаар хийх гэж бас л нэлээд зүйл өрнөсөн. Үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж шинэ тогтолцоо тодорхой хэмжээнд хордлого өгөх зүйл байлгүй яахав.
Том зургаараа шинэ парламент эхний намрын чуулганаараа гацсан томоохон төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөж чадлаа. Гол үр дүн энэ шүү дээ. Бусад зүйл тэгээд цагийн аясаар өөрчлөгдөнө. Үлдэж хоцрох үр дүн л чухал. Манай намынхны хувьд намын дарга жагсаалтыг тэргүүлэхгүй байна гэдэгт сүүлийн мөч хүртэл итгэхгүй байсан. Зарчмаа танилцуулаад энэ жагсаалт маань дэмжигдэхгүй бол сонгууль удирдаж орох ёс зүйн боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Надад итгэсэн намынхандаа маш их баярладаг. Үнэндээ өмнө нь бараг уулзаж ч үзээгүй хүмүүс шууд гишүүн болсон. Намд нэг ч өдөр байж үзээгүй хүмүүсийг тооноор оруулж ирлээ. Хуучин попуудыг багасгалаа гэсэн чинь шинэ попууд ороод ирлээ гэх хүмүүс ч байна. Шинэчлэлдээ тавтай морил ч гэж даапаалж байгаа хүмүүс байна. Өргөх бичиг ч ахмадуудаас маань ирсэн. Том агуулгаараа зөв зүйл болсонд огт эргэлзэхгүй байгаа. Анх удаа 126 гишүүн сонгогдсон болохоор том хэмжээнд үеийн өөрчлөлт хийгдсэн. Дараа ийм өндөр хувиар дахин шинэчлэгдэхгүй байх.
Шинэ Зеландынхтай төстэй бүтэц. Саяхан Гадаад хэргийн сайдтай нь ярилцахад хоёр бүрэн эрхийн хугацаа өнгөрч байж тогтолцоо илүү төлөвшсөн гэдгийг хэлж байсан. Намууд илүү бодлогоор өрсөлддөг, парламентын мэтгэлцээн өрнөдөг, популизм багатай, бүтээн байгуулалт өрнөдөг гээд давуу талууд бий болно. Бүх зүйлийн суурь бол тогтолцоо шүү дээ. Юутай ч Монголын парламентын түүх 1992-2024, тэгээд 2024 оноос хойш гэж бичигдэнэ. Сайн ба саар байх нь харин бид бүгдээс л хамаарна. Өнөөдрийг дараагийн 30 жилд бодитой дүгнэх биз ээ.
-Ялсан нам байж дангаар засаглаагүй гэж танай нам дотор уур унтуутай байгаа хүмүүс цөөнгүй бий байх. Нэг талаас хөдөлж чадахгүй төслүүдээ хөдөлгөсөн гээд баярлах хүмүүс байх ч яг нам дотроо гал ихтэй байгаа болов уу?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахдаа л ийм шийдвэр гарна гэдгийг миний хувьд УИХ-ын индэр дээрээс зарласан шүү дээ. Урт хугацааны зорилтоо ханган хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллана гээд. Мөн бид анх удаа хамтарч байгаа биш.
Саяхан булангийн орнуудаар айлчлаад “Market price” гэдэг хэлц үгтэй болсон. төлөх л ёстой үнэ цэн. Хамтрах нь хүнд үү гэвэл хүнд. Удаан амьдарсан гэр бүлийн гишүүдийн дунд хүртэл асуудал гардаг байхад өөр өөр үзэл санаа, өөр өөр үнэт зүйл, өөр өөр улс төрийн соёл хамтран ажиллана гэдэг сорилт. Гэхдээ хурдтай хөгжлийн төлөө гаргах ёстой, төлөх л ёстой үнэ цэн.
-Үндсэн хуулийн Цэц дээр Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоосон явдлыг үгүйсгэсэн шийд гарсан. Эрдэнэтэд ер нь юу болж байгаа юм бэ. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн болоод засгийн тооцоо юу болж байгаа юм. Та дуулсан уу, Чилид алтны уурхайн төсөлд ажиллаж, бүр их ашигтай ажиллаж байгаа гэх мэдээлэл байх юм. Эдгээрт хариулж өгөөч?
-УИХ-ын шийдвэрийг алгасах ийм л зардалтай байгаа юм л даа. Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсч байх шиг байна шүү. Д.Эрдэнэбилэг ч Сингапурт сонгуулийн дүн харж зөндөө л удах шиг боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаах санаархал нь хэзээ ч биелэхгүй.
Одоо харин тооцоогоо дуусгах нь зүйтэй. Цэцийн шийдвэртэй цаасаар танилцаагүй байна. Онцгой дэглэм тогтоосон асуудалд хуулийн ямар ч асуудал байхгүй. 1998 онд Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тогтоол цэг таслалын ч зөрүүгүй. Нэг тогтоолд хоёр өөр өнцгөөс хандах боломжгүй.
-Та анх Ерөнхий сайд болохдоо Засгийн газрын дундаж наслалт 1.5 жил байгааг онцолж байсан. Одоо Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллалаа. Энэ таны удирдсан Засгийн газартай холбоотой байна уу, Үндсэн хуулиар хамгаалагдсан боломжтой холбоотой юу?
-Энэ 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой. Гэхдээ Ерөнхий сайд бол сонгодог утгаараа өөрөө мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, өөрөө нэр дэвшилтээ хийж, ард түмнээс олонхийн дэмжлэг авсан хүнийг хэлдэг. Энэ утгаар нь харвал манай гүйцэтгэх засаглалын ажиллаж ирсэн хугацаа их харамсалтай богино явж иржээ.
Манайд Засгийн газрын дундаж нас богино байсан болохоор л дөрвөн жил энэ тэр гэж байна. Олон улсад ингэж яривал онигоо болно. Хөгжингүй улсын дундаж засаглалын хугацаа багадаа найм тэгээд түүнээс дээш байдаг. Скандиновын улсууд, Герман, Англи, Энэтхэг бүгд л тийм. Засаглал тогтворгүйгээр эдийн засаг ч байхгүй, ардчилал ч хөгжихгүй.
-Та Ерөнхий сайдын албыг ковидын онцгой үед авсан. Дараа нь олон улсад дайны нөхцөл бай-дал үүссэн амаргүй үед ажиллаж таарсныг онцолдог. Одоо гэхэд Д.Трамп Ерөнхийлөгч болж, олон улсад тааварлаагүй нөхцөл үүсгэсэн нэн сонирхолтой үед ажиллаж байна. Ер нь Ерөнхий сайдын албыг хамгийн товчоор тодорхойл гэвэл юу гэж хэлэх бол?
-Олон улс, ордон, олон нийт гэсэн гурван динамикийн дундах цэг ч гэх юм уу. Гэхдээ гачлантай нь энэ гурав өөр өөр тийшээ зөрж эргэдэг урвуу хамааралтай.
-Яг одоо дээрх гурвын аль нь хамгийн хүчтэй дарамт болж ирж байна?
-За даа, бараг тэнцүү 33 хувь. Мэдээж цаг үе өөр, улирал ч бас өөр.
-Трамп Ерөнхийлөгчийн сүүлийн үеийн үйлдлүүд олон улсад нэлээд дуулиан тарьж, тогтсон дэг жаягийг өөрчилж байх шиг байна. Манай хөрш орнуудтай холбоотой асуудлууд ч, дайн, тарифаас эхлээд их хөндөгдөж байна?
-Хаа сайгүй л баг хуулагдаж байна. Дэлхийн II дайнаас хойш тогтсон хэм хэмжээ нэлээд өөрчлөгдөж байна. Дэд ерөнхийлөгч Вэнсээс эхлээд гал авч чаддаг итгэл үнэмшилтэй, эрч хүчтэй залуучууд ажиллаж байгаа нь таалагдаж байгаа. Дэлхийг хамарсан дайн зөрчил, худалдааны хориг арга хэмжээнээс хэн ч хожихгүй. Энэ тухай би олон улсын хэвлэлд хангалттай ярьсан даа.
-Вэнс яах аргагүй Ерөнхийлөгч Д.Трампын хувьд түших гол хүн гэж харагдаж байгаа. Манай улс төрд Вэнсүүд байна уу?
-Бодлогын асуудлыг би яримааргүй байна. Зүгээр л Вэнс бол Ерөнхийлөгчдөө хань болж, гал авч чаддаг, итгэл үнэмшилтэй залуу лидер. Ийм хүмүүс улс төрд ер нь амьдралд их цөөхөн байдаг юм аа. Дэлхийд ч цөөхөн. Ихэнх нь лидерээ шимэгчилж, сайхан үед нь хамт байж, саар үед нь шалтаг гарган зугтаж амьдардаг. Би ч тэргүүн эгнээнд гал авах дуртай болоод ч тэр үү, таалагдаад байгаа. Итгэл үнэмшил нь тодорхой хүмүүс худлаа биш үнэн байдаг.
Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг.
-Ерөнхий сайдын хувьд анхаарал тавьж байгаа ажлуудыг маш товчоор хэлж өгөөч?
-Нэгдүгээрт, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсаны дагуу шинэ эдийн засгийн бүтэц бий болгох гурван шилжилт буюу хүний нөөц, AI-хиймэл оюун ухаан, ногоон шилжилтийг бүх салбарт хийх явдал. Хоёрдугаарт, нийслэлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, түгжрэл, агаарын бохирдлыг 50 хувиас доошгүй багасгах, гуравдугаарт, Үндэсний баялгийн сан ба орон сууцжуулалт. Гэр хорооллыг амины орон сууц болгох концепц багтаж байгаа. Дөрөвдүгээрт, бизнесийн, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн ажиллагааг олон улсын жишгээр шинэ түвшинд гаргах, тавдугаарт, бүсчилсэн хөгжил ба хот хөдөөгийн ялгааг багасгах ажлуудыг нэрлэнэ.
Мэдээж, 14 мега төсөл энэ бүгдийн санхүүгийн баталгаа учраас туйлын чухал. Бүх төсөл эцэстээ хүний хөгжилд хүртээмжтэй байх тухай ойлголт юм.
-Дараагийн мега төсөл юу вэ?
-Тавантолгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, мөн хийн хоолой. Эдийн засгийн гол түнш БНХАУ-тай олон томоохон асуудлыг шийдвэрлэж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ бол харилцан итгэлцэл. Ер нь монголчууд бид хөрш оронтойгоо ойлголцож чадахгүй бол хэнтэй ч ойлголцож чадахгүй. Мэдээж ардчилсан улс гэдгээр барууны улс орнуудын жишээг улс төрд ярих дуртай байдаг. Гэхдээ бид мөнхийн хөрш орнуудаа илүүтэй ойлгох учиртай. Энэ утгаараа ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын төслүүд болох хийн хоолойн төсөл, төмөр замын баруун зүүн корридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно.
-Улс төрд байгаа хүмүүсийн тухайн үедээ хийсэн шийдвэр алдаа, оноотой байдаг. Хэн яаж ажилласныг түүх эргээд харуулчихдаг. Тэгвэл таныг их эрх мэдэлтэй байх үеэс ямар сайныг нь магтаж, бас ямар алдааг нь хойч үе шүүж ярина гэж боддог вэ?
-Энэ мэдээж дүгнэгдэх л асуудал. Миний хувьд дүгнэгдэх хугацаа болоогүй байна. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой, төмөр замын холболт, эрчим хүчний үнэ чөлөөлөлт, Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангуудыг ил тод болгож, E-Mongolia-д баялгийн сангийн данс нээж, Үндсэн хуулийн холимог тогтолцоо, бүсчилсэн хөгжил, хамтарсан Засгийн газар, мега төслүүд гээд нэрлэж болно. Энэ бүхэлдээ хүний амьдрал сайжрах, орлогын хэт тэгш бус байдал багасч, нийгэм эв нэгдэлтэй, иргэд нь ирээдүйдээ итгэлтэй болоход л чиглэж байгаа. Мэдээж дунд нь хугацаа авсан сорилтууд байсан. Өнгөрсөн хугацаанд олон л зүйлийг байр байранд нь тавихыг хичээлээ. Бараг л давхарга тогтож, кастын систем рүү орохоо дөхчихсөн байсан. Улс төрд хунтайж нар, бизнесийг өв залгамжлагчид л авч явдаг энэ байдал даамжраад каст руу орчихвол эргэж засагдахгүй.
Тогтолцооны хувьд суурийг тавьсан. Нэгээс хоёр засах суурь зүйл бий. Бүтэн хөрсийг нь өөрчилж, үрийг соёолуулахад хугацаа их орно. Үзэл санааны хувьд эхлүүлсэн л төдий юм. Ард иргэд маань туйлын хэрсүү бас нэгдмэл байж л өдийг хүрсэн нийгмийн ойлголтоо батжуулан бэхжүүлж чадна. Олон зүйл өөрчлөгдсөнийг бараг дасаад мэдрэхээ байчихсан ч байж магад. Алдаа гаргахаас айх цаг одоо биш. Харин эс үйлдэл хийхээс илүү айх учиртай.
-Л.Оюун-Эрдэнийг огцруулах гэж байна гэж үе, үе яригддаг. Тэсээд үлддэг. Зарим нь ч унадаггүй Ерөнхий сайд гэх болсон?
-Ардчилсан улс орон шүү дээ. Хүмүүс үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Бас энэ том төслүүд тус бүрдээ том динамиктай. 14 мега төсөл хөдөлгөнө гэдэг 14 удаа асуудал өргөн баригдах хэмжээнд сэтгэлзүйтэй байх л хэрэгтэй. Улс төр бас тэмцэл шүү дээ.
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн үе үе нэгдэж, нэг хоёроороо тал болдог талаар хэзээнээс яригддаг. Бүр хэзээ ч тэгж хуваагдахгүй байх гэж бодож байсан та гурвын дунд ч ийм яриа гараад удсан. ялангуяа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоорондоо зөрчилтэй байна л гэдэг. Энэ зайлшгүй тулгардаг төрийн зүй тогтол юм уу, эсвэл та нарыг хагаралдуулах гэж ийм яриа гараад байдаг уу?
-За даа, хов нь бодит байдлаас хамаагүй илүү байдаг юм билээ. Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм. Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тухай бичих хүн яах аргагүй би.
-Та хоёр яах аргагүй ойр байсан. Сайн, мууг нь их мэднэ биз?
-Түүний талаар олон зүйлийг ярина. Бичих ч зүйл их бий. Гэхдээ мэдээж цаг нь болохоор…
-Тантай ярилцлага хийж, улс төрийн нөхцөл байдлын талаар санал солилцоогүй их уджээ. Гэхдээ арав гаруй жилийн өмнө ярьж, өөрчлөх ёстой гэж хэлдэг байсан зарчмын зүйлүүдээ хийж байгааг чинь анзаарч, заримдаа ч эрх мэдэлд хүмүүс хүрэхээрээ өөрчлөгддөг болохоор яаж өөрчлөгдөв гэж хардах нь бий?
-Хамгийн анх НАМЗХ-ны ерөнхийлөгч болсны дараа утасдаад ярилцлага авья гэхэд чинь зөвшөөрөхөд чи бараг өөрөө гайхаад байсан биз дээ. “Өдрийн сонин”-оос ярьж байна ш дээ гээд. Хэр өөрчлөгдсөн санагдаж байна. Хувь хүн өөрчлөгддөг гэж би боддоггүй. Харин нийгмийг харах өнцөг өөрчлөгддөг байж мэднэ. Би үзэл бодлоо 25 настайдаа бичээд хэвлэчихсэн хүн шүү дээ. Өөрөөсөө өөрчлөгдөнө гэж юу байхав.
-Тэр үед танай намынхан манай сонинд ярилцлага бараг өгдөггүй байлаа шүү дээ. Сөрөг хүчний хүчтэй дуу хоолой гээд ярилцлага өгдөггүй зугтаадаг байхад зөвшөөрөхөд чинь гайхсан нь үнэн. Тэр үед ярилцлагынхаа дараа “Ийм хүн улс төрд удаан явахад хэцүү. Нэг бол удахгүй хэрчүүлнэ, нэг бол их хол явна даа” гэж хэлж байснаа санаж байна. Тухайн үед улс төрд тэсч үлддэг хүний тухай ойлголт бас өөр байжээ. Тэгэхэд надад алсын харааны тухай ярьж, энэ номоо өгч байсан. Ер нь номын санаа хаанаас төрсөн юм бэ?
-Би чинь ер нь төслийн менежер хүн шүү дээ. Ойрд уулзаагүй олон улсын байгууллагын төсөл дээр ажиллаж байсан найзуудтайгаа сар шинээр уулзах боломж гарч, дур-самжууд нэлээд сэргэлээ. Энэ жилээс л ер нь эртний найзуудтайгаа уулзах боломж гарлаа. Монгол түмнээрээ өргөн ч шинэллээ.
“Дэлхийн зөн”-д ажиллаж байхад олон улсын сургалтууд их болдог байлаа. Нэг удаа Филиппиний их сургуулийн профессор Таяаг гэдэг хүн хичээл орсон юм. Дундуур нь нэг дасгал ажил хийлгэсэн. Нар, байшин, могой, мод гээд баахан зүйл зуруулаад хавтгайн аль хэсэгт зурсныг нь хараад тайлал хийдэг сэтгэлзүйн тест гэх юм уу.
Би ч зураг энэ тэрдээ жаахан муу. Ширээн дээр чихрийн таваг байсныг ашиглаад нэг дугуй зурчихлаа. Тэр хэлсэн зүйлсийг бүгдийг нь тэр дугуйдаа буюу нарандаа багтаачихлаа. Зарим хүн тал нар, зарим нь цацрагийг нь том гээд янз янзаар зурдаг юм байна. Тэгсэн профессор миний зургийг зорилго дотроо бүгдийгээ багтааж гээд их тоолоо. Хүн тэгээд энгийн зүйлээс сэдэл авдаг хойно. Тэр цагаас хойш алсын хараа гэдэг сэдвийг судалдаг боллоо. Улс орон, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлтэй байдаг тухай хичээл заадаг болов. Vision-Becoming, Mission-Doing, Value-Being гээд л. Тэгээд ном бичсэн. Мэдээж 25-тай залуугийн л үзэл бодол. Зөндөө алдаа бий. Гэхдээ засдаггүй, тэр ном оо. Нээрээ, Таяаг багштай олон жилийн хойно саяхан уулзаж ярилцах боломж гарсан.
Харин 35-тай байхдаа улс орны алсын харааны тухай ном бичнэ гэж амлаад тэрэндээ нэлээд шаналсан. Цаг яваад байдаг. Ном явдаггүй ээ. Гэхдээ амжсан. “Азийн хүлэг улс” номоо 2015 онд 35-тай байх үедээ хэвлүүлээд өөртөө тавьсан хатуу шаардлагаасаа гарч байж билээ.
-Дараагийн номын төлөвлөгөө байна уу. Дарма Батбаяр гээд гайхалтай зохиолчийн гарын хэдэн шавийн нэг байсан хүний хувьд өөр төрлийн ном бичих тухай боддог уу?
-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд он солигдохоос өмнө жилийн төлөвлөгөөгөө цаасан дээр буулгадаг. Олон улсын байгууллагын хэвшил юм даа. Саяын шинэ жилээр дэлхийд төрт улс үүссэн орнууд, шашин бүрэлдсэн газар бас хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт газруудтай танилцаж, ном болгож бичих ёстой юм байна гэж эхнэртэйгээ ярилцаж байлаа. Аяллын тухай ном гэх үү дээ. Дарма Батбаяр багшийгаа хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очих үед багш маань “Шүлгийн номоо заавал гаргаарай. Хэрэв чи ичээд байдаг юм бол хоёрхон хувь гаргаад нэгийг нь өөртөө, нөгөөг нь надад өгөөрэй” гэж байсан. Багшдаа амласан ийм өр бас байдаг аа, надад.
-Өөрөө хэвлэлд нээлттэй нэгэн байсан. Гэтэл Ерөнхий сайд болсноосоо хойш юм уу, хэвлэлд хаалттай эрх мэдэлтэн болсон шиг анзаарагдах болсон. Дор хаяж тайлбарлаад өгчих асуудал дээрээ дуугарахгүй. Түүнээсээ болоод огт худлаа мөртлөө домогжсон зүйл олонтой болсон гэж хэлж байна. Нарийн ширийнийг мэдэхгүй ч зарим нэг зүйлийг би санаж байна. Тухайлбал, М.Энхболд даргыг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад дэмжигч нь байгаад эргээд эсэргүүцэгч нь болж өөрчлөгдсөн гэж хүмүүс боддог. Гэхдээ улс төрийн чиглэлээр бичдэг байсан хүний хувьд тэр үед та хоёрын харилцаа асар муу байсныг санаж байна. Намын даргын хувьд дэмжлэг үзүүлэхгүй байсаар та нараас НАМЗХ-г өөр хүмүүст шилжүүлж өгч байсан, та ч Ерөнхийлөгчид нэр дэвшихийг нь дэмжихгүй байсан санагдаж байна?
-Үнэхээр би хэвлэлийнхэнд ч, сошиалд ч идэвхтэй байдаг байсан. Бас ч гэж дажгүй жиргээчин байлаа. Ерөнхий сайд хүн тайлбар тавиад байх биш асуудлыг шийдээд явах ёстой хүн. Гэтэл ковидын үед шууд шийдэгдэх асуудал ховор, дэлхий нийтээр юугаа ч мэдэхээ больсон үед юм хэлэх гэхээр тайлбар нь ихэдчих гээд байдаг байсан.
Ер нь бүх зүйлээ, бүх хөзрөө дэлгээд байж болохгүй албан тушаал. Мега төслүүд дээр ч хамаагүй тайлбар илүү санагддаг. Тэгээд нэг хэсэг устгасан байсан хаягуудаа саяхан сэргээсэн. Аль болох нээлттэй ажиллах болно.
Ерөнхийлөгчийн сонгуульд яахав дээ, тухайн үед нам дотор сунгаа явж байхад бидний хэдэн нөхөд Ц.Нямдорж даргыг дэмжиж байсан юм. Тэгээд намын Бага хурал шийдвэрээ гаргачихаар бүгд л нэгдэж ажиллаж таарна. Ялангуяа салангид харагдсан хэсэг нь дэмжиж ажиллах нь нийтлэг байдаг л асуудал.
Тэгээд Ц.Нямдорж дарга бид хоёр аль аль нь л үүргээ гүйцэтгэсэн. Манай Д.Амарбаясгалан ч сонгууль удирдаж байсныг хэлэх үү. Гэхдээ бид тухайн үед намынхаа нэр дэвшигчийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байсан.
-Ц.Нямдорж гуай тайзан дээр дэмжиж, духан дээр нь үнссэн нь тийм учиртай байж?
-За би тэр том хүний өмнөөс хариулмааргүй байна.
-М.Энхболд даргатай ер нь уулзсан уу. Та хоёрын харилцаа одоо ямар вэ?
-Хэвийн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.
-Ахынхаа алт шиг авьяасыг улс төр шиг жижиг сажиг зүйлд заруулмааргүй гэж нэг ярилцлагадаа дурдаж байсан. Гэхдээ таны ах Херо Б.Баатарыг тайзан дээр гэхээсээ төр улсын тавцанд улс төрийн найруулга хийгээд байна гэж ярьсаар байгаа. Магад өөрийг чинь Ерөнхий сайд болсонтой холбоотой энэ яриа улам хүчийг авсан байх?
-Тийм яриа намайг гишүүн болохоос өмнө л байдаг байсан шүү дээ. Уран бүтээлч байхад нь улстөрчид өөрсдөө л гүйж очоод, улс төрийн нэвтрүүлэг хийлгэдэг болсон байх. Одоо тэгээд өөрсдөө л хол байчихад болно шүү дээ. Мань хүн рүү дайрдаг хүмүүс надад дургүй, над руу дайрдаг хүмүүс ч мань хүнд дургүй. Янз бүрийн асуудал байгааг ойлгодог.
Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ.
-Ерөнхий сайдаас асууж ярих олон зүйл байгаа ч энэ хүргээд ярилцлагаа өндөрлөе. Цаг гарган ярилцсан танд баярлалаа.