Улаанбаатар хотоос 4200 гаруй иргэнийг татан авах бэлтгэлийг хангаж байна

565



Тус аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж Улаанбаатар хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтыг хэрхэн хийх талаарх мэдээллийг өглөө.

-“Нийслэлээс Завхан аймагт ирэхээр нийт 4269 иргэн хүсэлтээ илэрхийлсэн байна. Үүнээс 2812 иргэн нийтийн тээврийн хэрэгслээр, 1457 иргэн хувийн тээврийн хэрэгслээр, 51 иргэн онгоцоор ирнэ. Улаанбаатар-Улиастай, Улаанбаатар-Тосонцэнгэл, Улаанбаатар-Тэс гэсэн гурван чиглэлд явах нийт 35 автобусыг 42 болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэж хоёр удаагийн татан авалт хийхээр төлөвлөлөө.

Нэгдүгээр ээлжийн 42 автобус маргааш буюу 12 дугаар сарын 1-ний өдрийн 12:00 цагт, хоёрдугаар ээлжийн автобусууд 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөлнө. Эхний ээлжийн татан авалтаар 42 автобусаар 1640 иргэн ирнэ.

Иргэдийг хүлээж авахаар Улиастай суманд таван бүлэг, Тосонцэнгэл, Тэс суманд тус бүр нэг бүлэг байгуулаад байна. Иргэдийг сум суманд нь хүргэх зорилгоор тойргийн сумдаас тусгай машинууд бэлтгэхээр шийдвэрлэлээ. Харин Улиастай, Тосонцэнгэл, Тэс сумын иргэдийг баг, багийнх нь гадаа буулгаж гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг 14 хоног гэрийн тусгаарлалтад байх хугацаанд хяналт тавих ажлын хэсгийг сум, баг тус бүрт нь зохион байгуулж ажиллана.

Иймд Улаанбаатар хотоос ирэх иргэд 119.mn сайтад бүртгүүлж, шинжилгээгээ өгсөн байх. Автобусны тасалбараа захиалсан байх. Нэг сумын харьяат иргэд аль болох нэг автобусаар ирэхийг зоривол сум, сум руу нь хүргэж өгөхөд илүү дөхөм болно” гэж мэдээлэв.


Тусгаарлагдсан иргэний гэр бүл хамтдаа тусгаарлагдана


Улаанбаатар хотоос иргэдийг татан авч буйтай холбогдуулан аймгийн Шуурхай штабаас иргэдийг гэртээ өөрийгөө тусгаарлах түр журмыг батлаад байна.

Тиймээс Улаанбаатар хотоос өөрийн харъяа сумдад очиж буй иргэд энэхүү журмыг сайтар дагаж мөрдөхийг хүсьe. Журамд зааснаар иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлана. Тусгаарлагдсан хүн биеийн халуунаа өдөрт гурван удаа хэмжиж харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид болон аймгийн ЭМГ-ын 70462146 тоот утсанд болон цахимаар мэдээлнэ. Тусгаарлагдсан иргэн гэр бүлийн гишүүдээс 14 хоногийн хугацаанд тусдаа байна. Хэрэв хамт байгаа бол хамтдаа 14 хоногийн тусгаарлалтад байна. Тиймээс 14 хоногийн хүнс, эмийн хэрэгцээ, ариутг,алын бодис бусад ахуйн хэрэгслийнхээ нөөцийг эрт бүрдүүлж байх нь чухал юм. Тусгаарлалтад байх хугацаанд холбогдох байгууллагууд байнга хяналт тавина. Иргэд тусгаарлалтын журмын дагуу гэр бүлдээ ариутгал халдваргүйтгэлийг чанд сахихыг хүсэж байна гэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn