"ОЮУ ТОЛГОЙ"-Н ХЭЛЭЛЦЭЭ: Татвар, зардлын хувь, зээлийн хүүг бууруулна

450

Олон жилийн дараа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хэлэлцээний ширээний ард хоёр тал өнөөдөр албан ёсоор суулаа. Өөрөөр хэлбэл, хоёр тал өнөөдөр хэлэлцээг эхлүүлж байна.
Рио Тинто компанийг төлөөлж тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд толгойлон оролцоно. Монгол Улсын талыг төлөөлж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж буй.
Харин хэлэлцээрийн явцад ямар асуудал хөндөгдөх нь анхаарал татаж буй. Хамгийн түрүүнд маргаан дагуулах асуудал гэвэл татварын асуудал хэмээн Рио Тинто талаас үзэж буй гэх. Гэхдээ энэ асуудал Лондоны Арбитрын шүүхээр шийдэгдээд явах учраас онцгойлох анхаарах шаардлагагүй аж.
Харин гол зүйл бол менежментийн зардлын хувь, зээлийн хүүг хэрхэн буулгах тухай асуудал голлож яригдана. Мөн Монголын талын ногдол ашигтай холбоотой сэдэв ч томоохон байр суурь эзэлж таарна.
Манай талаас тодорхой асуудлуудыг ингэнэ, тэгнэ гэсэн байр сууриа илэрхийлээгүй байгаа аж.
Энэ асуудлаар Зэсийн группийн захирал Б.Болдын хэвлэлд онцолсноор “Гүний уурхайн уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудал ярилцах ёстой зүйлсийн эхэнд жагсаж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт 80-90 хувийн биелэлттэй яваа гээд харахаар ихэнх хөрөнгө оруулалт нь хийгдэж, гол ажлуудаа нугалчихсан гэсэн үг. Ирэх жилээс гүний уурхайн олборлолт эхэлнэ. Тэр үеийн шинэ гэрээ ямар байх вэ гэдэгт анхааръя гэж байна.
 Мэдээж гүний уурхайн хөрөнгө оруулалт дахиад хийгдэж, бүтээн байгуулалт нь үргэлжлээд явна. Тэр үед ямар эрсдэл гарах вэ гэдгээ ярилцаж таарах байх. Нэг том эрсдэл бол зардал. Бизнес учраас зардал нь дээш доош болж хэлбэлзэх нь тодорхой. Бизнес хийж байгаа хамтрагчид гэдэг утгаараа аль аль талдаа эрсдлээ ойлгоод цааш явах байх” гэжээ.
"Рио Тинто"-оос танилцуулсан шинэчилсэн ТЭЗҮ-ээр Монгол Улсын Засгийн газар ногдол ашиг хэзээ ч авахгүй, цаашлаад 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоолол гарсан бөгөөд "Оюутолгой" ХХК ашгийн татвар буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2051 он хүртэл зөвхөн 4 жилийн хугацаанд Монгол Улсад төлөхөөр байгаа нь эдийн засгийн үр ашгийн хувьд ихээхэн эргэлзээ үүсгэж байгааг Засгийн газар мэдээлсэн. Тийм ч учраас шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг зогсооно гэсэн байр сууриа Монгол Улсын Засгийн газар удаа дараа мэдэгдээд буй.
Ямартай ч "Туркойз Хилл Ресурс" болон "Рио Тинто" компани Оюутолгой төслийн далд урхайн бүтээн байгуулалтыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийг хийх хувилбар дээр нэгдсэн шийдэлд хүрсэн тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Шинэчилсэн тооцооллоор Оюутолгойн далд уурхай 2022 оны аравдугаар сараас тогтвортой үйлдвэрлэл явуулж эхлэх ба гүний уурхайн бүтээн байгуулалтын нийт өртгийг 6.75 тэрбум ам.доллар хэмээн тооцоолоод буй. Анх 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана хэмээн тооцоолж байсан дүнгээс 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болно гэсэн үг. 
Эх сурвалж: shuurhai.mn 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn