Сумын иргэд цар тахлыг даван туулахад зориулж 75 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг хандивлажээ
Их-Уул сумын иргэд коронавиурсний халдварын голомтыг хумих, халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж 35 сая гаруй төгрөгийн мөнгөн хандивыг цуглуулжээ.
-“Их-Уул суманд коронавирусний халдварын тохиолдол батлагдаж, суманд хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цар тахлаас урьдчилан сэргийлэх, даван туулахад нь туслах зорилгоор хандивын аяныг өрнүүлсэн. Энэхүү аяныг “Их-Уул сумын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих холбоо” ТББ-ын тэргүүн П.Ловончамба санаачилж, Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, “Түмэнзул энержи” ХХК-ийн захирал Ц.Энхбаяр, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Батсүх, иргэн Б.Баянжавзан нар хамтран зохион байгууллаа.
Хандивын аянд Их-Уул сумын уугуул суугуул иргэд, тус суманд ажиллаж амьдарч байсан хүмүүс хувиараа болон гэр бүлээрээ, анги хамт олноороо нэгдсэн байна. Нийт 360 гаруй хандивлагч аянд оролцлоо. Ингээд 35,538,291 төгрөг, бараа материал эд зүйл болон эм, эмнэлгийн хэрэгсэл 40,000,000 төгрөгийн үнэ бүхий зүйл цугласан байна. Хандивын 17 сая 684 мянган төгрөгөөр яаралтай эмнэлгийн хэрэгсэл, эм, хамгаалалтын хувцас, оношлуурыг Улаанбаатар хотоос тээвэрлэн Сумын Онцгой комисст хүлээлгэн өгөөд байна. Мөн хандиваар цугларсан бэлэн мөнгийг сумын Онцгой комисст яаралтай үеийн нөөц болгож хүлээлгэн өглөө. Цар тахлын хүнд үед сумынхаа иргэдэд болон эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүд, алба хаагчдадаа бодит дэмжлэгийг үзүүлсэн Их-Уул сумын уугуул иргэддээ талархал илэрхийлж байна гэж хандивыг зохион байгуулагчид хэллээ”.