Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын ажлын гүйцэтгэл 76.5 хувьтaй байна

618
Тус аймгийн төвийг 2021 онд нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбоно.
-“Завхан аймгийн төвийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү төслийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Чайна коммуникэйшн констракшн" ХХК шалгарч 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай 20.9 сая ам долларын төсөвт өртөгтэй гэрээг байгуулсан. Хяналтын зөвлөх үйлчилгээний санхүүжилттэй холбоотойгоор барилга угсралтын ажлыг 2019 оны 6 дугаар сард эхлүүлсэн байна. Барилгын ажлын талбайд өнгөрсөн жил газар шорооны ажил 98 хувьтай, суурийн ажил 70 хувь, асфальт бетон хучилтын ажил 68 хувьтай хийгдсэн байна. Харин хиймэл байгууламж буюу төмөр бетон хоолойн ажил 85 хувь, Загастайн голын гүүрний ажил 95.0 хувь, Хатавчийн голын гүүрний ажил 93.0 хувьтай хийгдсэн байна. Энэхүү авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 76.5 хувьтaй байна.
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн нээсэн бөгөөд үүнээс 40 км авто зам нь асфальт бетон хучилтаар, 24 км авто зам нь хайрган шороон замаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байгаа. Тухайн төслийн гүйцэтгэгч компани барилгын угсралтын ажлыг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр эхлүүлээд байна. Энэ онд үлдсэн 24 км авто замын газар шорооны ажил болон цементээр бэхжүүлсэн суурь, асфальт бетон хучилтыг хийнэ .
Мөн нийт авто замын тоноглол, тэмдэглэгээ, нөхөн сэргээлт, заслын ажлыг хийж гүйцэтгэнэ. Авто замын барилгын ажлыг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна" гэж УИХ-ын гишүүн Б.Баярсайханы ажлын албанаас мэдээлэв.
Ташрамд Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажилтай холбоотой асуулгыг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Ерөнхий сайдад хүргүүлсэн бөгөөд Засгийн газраас асуулгын хариу ирсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn