Ойгон нуурт живсэн үхрийн сэг зэмийг гаргах ажиллагааг явуулж байна
Завханы Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурт өнгөрсөн 11 дүгээр сард живсэн үхрийг нуураас гаргах ажлыг аймгийн Онцгой байдлын газар, сумын иргэдийн хамтарсан баг хийж байна.
Тухайлбал, Түдэвтэй сумын нутгаар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд цасан шуурганы үеэр нуурын мөс цөмрөн 143 үхэр живжээ. Үхрийн сэг зэмийг нуураас гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхой хугацаагаар хойшлуулсан байсан аж. Түдэвтэй сумын Засаг даргын 2020 оны нэгдүгээр 31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр үхрийн сэг зэмийг татан гаргах хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлснээр нуураас сэг зэмийг гаргах ажиллагааг хийж байна.
Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон нутгийн иргэд нийлж нийт 16 автомашин, 86 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нуурт 40 цооног гаргаж 44 үхрийн сэг зэмийг татан гаргасан байна. Өнөөдөр өглөөний байдлаар нуурын захаас 200-300 метрт цооног гарган өглөөний 09.00 цагаас сэг зэмийг гаргах ажиллагааг дахин эхлүүлээд байна. Ойгон нуурын мөсний зузаан 40-80 см байна хэмээн Завханы Онцгой байдлын газраас өглөө.
Завхан аймагт нийт нутгаар энэ сарын 11-нээс цас орж шуурч эхэлсэн байна.
Харин Түдэвтэй сумын Ойгон нуурын орчимд яг одоо үзэгдэх орчин 1-2 км, цас орж шуурч байна. Салхины хүч 8м сек хурдтай, температур -16 градус байна. Өнөө шөнөдөө эрс хүйтэрнэ хэмээн аймгийн Цаг уур орчин шинжилгээний газраас нэмж мэдээлэл өглөө.