Г.Ариунжаргал: Манай аймаг 2031 он хүртэл томоохон зургаан голын ай сав дагуу 25 сая модыг тарьж ургуулна

395

Тус аймагт Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийн нээлт болж, аймгийн 24 суманд мод тарьж ургуулах ажил идэвхтэй өрнөж буй. Энэ талаарх мэдээллийг аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Ариунжаргалаас авлаа.

-Өдрийн мэнд хүргэе. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд мод тарих ажил ид өрнөж байна. Манай аймаг энэ хөтөлбөрийн хүрээнд хэчнээн мод тарьж ургуулах вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг манай аймаг дэмжиж ажиллаж байгаа.

Ингээд 2021 оны 10 сарын 01-ний өдрийн “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих” тухай  А/368 дугаар захирамж гаргасан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Завхан аймагт 2021-2031 он хүртэл хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор батлуулан ажиллаж байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд Завхан аймаг 2031 он хүртэл Идэр, Тэс, Завхан, Хүнгүй, Богд, Чигэстэй голуудын ай сав дагуу 25 сая, жил бүр 2,5 саяас доошгүй мод сөөг тарих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


-Энэ жил хаврын тариалалтаар хэчнээн модыг тарьж байна вэ. Аж ахуйн нэгж байгууллагууд ч мод тарих ажилд идэвхтэй оролцож байна?

-2022 оны хаврын мод тарилтаар Завхан аймгийн 24 сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд 155 га талбайд 437000 ширхэг мод бут сөөг тарих зорилт тавьж мод тарих, бут сөөг ургуулах ажлыг аймгийн хэмжээнд ид хийж байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 52 ойн мэргэжлийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Идэр голын сав дагуу 493,000 ширхэг мод сөөг тарих хариуцлагын гэрээ байгуулан ажиллаж байгаа.


Түүнчлэн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн Баян-Айраг компани уурхайн мод үржүүлгийн талбайдаа 200,000 ширхэг тарьц суулгац бойжуулж байна. Харин Богдын голын ай сав дагуу Баян-Айраг ХХК,  Шувуун хар уул ХХК, Түүчээ тэрэг ХХК-ууд 12 га талбайд “Цэцэрлэгт хүрээлэн” байгуулж 20000 мод тарих ажлыг хийж байгаа. Улиастай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд, усан халаалтын зуухны 12 аж ахуйн нэгж 6000 ширхэг модыг энэ сард тарилаа.  Энэ жилээс эхлээд иргэн аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн тарьсан модыг арчлан хамгаалах, ургуулах үүргийг хүлээнэ. Тарьсан модных нь арчилгаа тордлогоо,  амьдралтын хувиар нь тооцож, шалгаруулалтыг явуулна.

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ойжуулалтын ажлууд сумдад мөн хийж байгаа гэсэн?  

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Яруу, Тосонцэнгэл сумдын нутагт 100 га талбайд ойжуулалтын ажлыг хийнэ. Энд 250000 модыг тарина. Мөн орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр Идэр голын сав дагууд 12 га талбайд 14000 ширхэг модыг тариад байна. Мөн аймгийн Засаг даргын санаачилгаар сумдын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх, Мод үржүүлгийн газруудын бааз суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилтын хүрээнд 42 ширхэг иж бүрэн хүлэмжийг өнгөрсөн амралтын өдөр олгосон байгаа.



-Тарьц, суулгацыг хаанаас нийлүүлж байна. Танай байгууллагын дэргэдэх мод үржүүлгийн газраас тарьц нийлүүлж байгаа юу?

-Аймгийн хэмжээнд модны тарьц, суулгацыг өөрийн аймгийн мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж нийлүүлж байна. Мөн манай байгууллагын дэргэдэх мод үржүүлгийн газраас тарьцуудыг нийлүүлж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын газрын мод үржүүлгийн талбайд 30.000 ширхэг мөчир, 1000 ширхэг жимсний мод, үрээр 40.000 ширхэг нийт 71.000 ширхэг тарьц, суулгацыг бэлтгэсэн байна. Энэ онд мод үржүүлгийн зөвшөөрөлтэй 21 аж ахуйн нэгж 1600,000 ширхэг тарьц суулгац тарьж үржүүлэхээр бэлтгэж байгаа.  





скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn