Мөнгөн тэмдэгтийн зөв хэрэглээг уриалсан аяныг ууланд аялагчид дэмжиж байна

33

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймагт “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аян үр дүнтэй өрнөж байна.

Аяны хүрээнд Завхан дахь салбар, арилжааны банкнууд хамтран иргэдэд мөнгөн тэмдэгтийн соёлтой, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал долоо хоног бүрийн амралтын өдрөөр уулын аялагчдын клубүүдтэй хамтран явган аялал зохион байгуулж уул, овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Учир нь судалгаагаар Монгол төгрөгийн насжилт дундаар 3.8 жил байгаа нь дэлхийн бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг. Түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн насжилтыг багасгах үндсэн шалтгаан болж байна. Иймд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг улс үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, үнэт цаасных нь хувьд зүй зохистой ашиглахыг уриалж, олон нийтэд сурталчлан таниулах олон талын ажлыг хийж буй юм. Түүний нэг нь уул овоонд өргөсөн мөнгөн тэмдэгтийг цэвэрлэх ажил юм. Бид өмнө нь Улиастай хотын төвд байрлах Жавхлант толгой дээрх сүсэгтэн олны мөргөж залбирдаг суваргын мөнгөн тэмдэгтийг цэвэрлэж, цуглуулж төв банканд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын үеэр зохион байгуулсан аяллын, цэг болсон Таван булгийн хяр, Жинст хайрхан. Даян хайрхны шүтээнд бэлэн мөнгө төдийлөн байхгүй боловч хадаг яндар их байна. Энэ долоо хоногийн аяллыг энэ сарын 26-ны өдрийн бямба гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ аялал Их, Бага Даян хайрхныхаа тэргүүн цохион дахь хүний гараар бүтсэн бохирдлыг цэвэрлэх буяны үйлтэй хамтатган зохион байгуулж байгаа гэж аймгийн Монгол банкнаас мэдээлэв.

Уул овоо цэвэрлэх буяны аялал явуулна

Энэ амралтын өдөр зохион байгуулагдах буяны үйл, уулын аяллыг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтын захиргаа, Төгс буянт Жавхлант хийд, Завхан аймаг дахь Монгол банкны салбар зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулна.

Аймгийн төв Улиастайгаас Их, Бага Даяаны доод бэл, Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтын захиргааны харуулын цэг хүртэл 45 км, тэнд хүрэхдээ аялагчид машинаар очно. Цэвэрлэгээ хийхэд өөрсдийн хувийн бэлтгэл хангах хэрэгтэй. Өдрийн цай, хүнсээ базаасан байх. Оролцохоор илэрхийлсэн хүмүүс урьдчилан мэдэгдсэн байна. Нэгдсэн тээвэрлэлт хийхгүй. Буяны үйлд сайн дурын үндсэн дээр хамрагдана. Бид энэ аяллын үеэр эмх замбараагүй орхисон мөнгөн дэвсгэрт, уул овоонд өргөсөн өргөлийн хог, хадгийг цэвэрлэнэ. Мөн үеэр Төгс буянт Жавхлант хийдийн лам хуврагууд маань хангай дэлхийгээ аргадаж ном хурж, цэвэрлэгээнд хамтран оролцох юм. Түүнчлэн уул, овооноос гарсан хогийг ачиж тээвэрлэх ажлыг Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтын захиргаа хариуцаж ажиллах юм. Одоогийн байдлаар энэхүү буяны их цэвэрлээ, аялалд оролцохоор 20 орчим хүн саналаа ирүүлээд байгаа. Манай ууланд аялагчдын клубүүдын аялал бүр утга агуулга, зорилго бүхий байдаг. Энэ удаагийн аяллаар бид шүтээн хайрхныхаа орой дээрх хогийг цэвэрлэснээр байгальд иргэн бүрийг аялахдаа хогоо тарихгүй байх. Сүсэг бишрэлээ зөв явуулах, эко зөв дадал хэвшлийг уриалж байна гэж аяллыг санаачлагч аймгийн ГБХЗХГ-ын дарга Г.Мягмарсүрэн мэдээлэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn