Цахим орчинд “соёл”-ыг сонирхолтой хэлбэрээр хүргэжээ

388



Тус аймгийн Тосонцэнгэл сумын Соёлын төвөөс цахим орчинд соёл түгээе нэртэй аяныг сонирхолтой хэлбэрээр явуулж байна.

Аяны хүрээнд Тосонцэнгэл сумаас төрөн гарсан яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучдыг цахимаар иргэддээ ая дууг нь өргүүлэх, сумынхаа газар нутаг, уул усны тухай дууны түүхийг цувралаар цахим орчинд түгээж буй ажээ. Тус Соёлын төвийн энэхүү сонирхолтой цуврал дуу хөгжим, домог түүхийг өгүүлсэн цахим орчин дахь мэдээллүүд нь хандалт их төдийгүй. Хүүхэд залуучууд болон иргэдэд нутаг усныхаа үүх түүх домгийг мэдэж авах том боломжийг олгоод байна. Соёл түгээнэ гэдэг дуучид, хөгжимчид, бүжигчид уран бүтээлээ толилуулаад өнгөрөх биш. Тухайн уран бүтээлийн үүх түүх, домгийг давхар танин мэдэхүй талаас нь хүргэж буй нь сайшаалтай гэж иргэд ам сайтай байна. Тухайлбал Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Лутбаярын үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Марз” хайрхан дууг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин У.Далантай, У.Сансар нар цахим орчинд дуулж үзэгчдэдээ толилуулсан. Энэ үеэрээ дуунд өгүүлэх Марз хайрхан уулын домгийг цахимаар хүргэсэн нь маш их хандалтыг авсан гэж Тосонцэнгэл сумын Соёлын төвөөс мэдээлэв. Ташрамд тус Соёлын төв цахим орчинд соёл түгээе аяны хүрээнд 20 гаруй уран бүтээлчидтэй хамтран иргэддээ соёл түгээжээ.


Марз бол Жамсран бурхны орон

Цахим орчинд соёл түгээх аяны хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутагт орших Марз хайрхан уулын домог яриаг нутгийн ахмад Л.Дарамрагчаа гуайн хуучилснаар хүргэжээ.

Завхан аймгийн Булнай сумын төвөөс урагш 77 км зайд орших 3000 гаруй метрийн өндөр өргөгдсөн Марз уул нь байгалийн гайхамшиг цогцолсон газрын нэг юм. Элсэн тал нь эгц босоо, ар талдаа булуу царам, хормойгоороо модоор хүрээлэгдсэн, олон нуур цөөрөм бүхий ар биед нь Хожуулын эхний хоёр ч халуун рашаан, эмийн ургамал, ялангуяа ховордсон эмийн ургамал, ан амьтан элбэгтэй. Энэ уулыг нутгийн ард олон үе дамжин хайрлан хамгаалж шүтэн биширч ирсэн тул олон сайхан домог үлдээжээ. Жамсран бурхны орон ч гэж нэрлэж байсан удаатай гэдэг.


Марз уулыг тахих болсон тухайд


Хожуулын голд Очирын дуган гэж байжээ. Энэ дуганд Жамсран зайсан гэгч нэг лам байх үед “Пунцаг зуу” гэдэг газраас нэг лам морилж иржээ.

Тэр лам “Пунцаг зуу гэдэг газар бол Эрдэнэзуугийн хавьд байдаг бөгөөд манай хийдийг Марз уулын савдаг харж байдаг учир уг уултай биечлэн танилцах ажилтай явж ирлээ” гэж айлдсан юм гэнэ лээ. Ийнхүү хол нутгаас зорьж ирсэн ламд Жамсран зайсан газарчилж Марз уулаа танилцуулж өгчээ. Үзэж танилцсаны дараа Жамсран зайсан уул усны талаар асууж лавлахад тэр лам ингэж ярьсан гэдэг. Марз уулын савдаг бол улаан зүстэй, улаан морьтой юм. Элгэнд нь байгаа эхний нуур бол Бадамхундага, доод гурван нуур нь Охий гурван нуур, адгийн Долоон тахил, мөн элгэн биед нь байгаа хүрхрээ нь Нанчидын рашаан, эргэн тойрондоо эмийн олон рашаантай, ойролцоох зуун хүнхэл нуур нь эмийн манхаг нь юм, хамаг эмээ хамгаалан сүрлэг хад нь шөрмөсөн чулуу элбэгтэй юм.

..."Эвтэй гамтай хэрэглэвэл  

Эмтэн олон ургамал байна

Хайрлаж хамгаалж явбал

Хамаг бүхэнд тусална

Тайж тахиж явбал

Таалал бүхэн бүтэх юм

Цагаан нууртай холбогдсон нь

Цагаан идээний орон болно

Аргадаж шүтэж явбал аяганы ам зуулгах

Ачлал төгс баян Марз хайрхан" юм гэж шинжсэн гэдэг домогтой. Эрдэнэзуугийн дэргэдэх Пунцаг зуу хийдээс ирсэн тэр ламын зохиосон гэх Марз уулын сан /Марзын сан/ одоо хүртэл нутагтаа хадгалагдаж байдаг. Марзад болсон онгоцны ослын дараа төвөөс лам нар урьж уг уулыг тахиулахад ахалж ирсэн ламтан: -“Бид Богд Очирвааний санг авч ирсэн уулын сан байна уу?” гэж сураглахад өндөр настан Л.Дарамрагчаа гуай баринтагтай жижиг ном гарган үзүүлэхэд уншиж үзээд ихэд таашаан хүлээн авч билээ.

Марз уулын домог эртний домог уу? Гэвэл төдий л эртний биш бололтой. Учир нь Жамсран ловонгийн хүү Гонгор унзад, Гонгор унзадын хүү Гомбосүрэн гэвш буюу нутгийнхны өргөмжилсөн нэрээр Амбаа гэж байжээ. Гомбосүрэн гавж хилс хэргээр 10 жилийн ял эдэлсэн ч төв Гандан хийдэд олон жил сууж байгаад нэлээд хэдэн жилийн урд 1973 онд орон нутагтаа ирж таалал төгсжээ.

Марз уулын Гэзэг нуурын учир

Эрт цагт нэгэн өвгөн эмгэн хоёр Марз уулын ард орших Гэзэг нуурын хөвөөгөөр зуслантай, Их цохио гэдэг газар өвөлждөг байжээ.

Өвгөний алдар мартагдсан бололтой. Эмгэний нэрийг Цэрэнжав гэдэг гэнэ. Энэ айл Пүрэвцогт гэдэг ганц өргөмөл хүүтэй байжээ. Амьдралын хувьд хэдэн цөөн үхрээс өөр мал эд хөрөнгөгүй байсан тул айлын бух гуйж үнээгээ бухад гаргадаг байсан юмсанж. Зуны нэгэн шөнө гадаа бух үнээ ээрээд байгаа бололтой чимээ гараад байж гэнэ. Цэрэнжав эмгэн уг чимээг чагнасаар үүр хаяарах үед гараад хартал үхэр дотор нь нэг том бух байхыг хараад өвгөндөө мэдэгдэж хоёул гарч харжээ. Гэтэл өнөөх бух Гэзэг нуур руу давхин орох үед нуурын ус их болж зэлний эх хүрээд далд орох үед нуур хуучин хэвдээ орсон гэнэ. Түүнээс хойш энэ айл олон бор үхэртэй болжээ. Хүү Пүрэвцогт нь ядарсан хүмүүст ганц нэг үхэр өгчихдөг, мөн худалдаж борлуулдаг байсан ч анзаардаггүй байжээ. Энэ айлыг Хожуулын баруун эхэнд байхад Рашаан орохоор яваа хүмүүсийн замыг бор үхэр хаачихдаг байсан гэх домгийг өвөг дээдэс ярьдаг байжээ. Уг нуурын ойролцоо явахдаа хүмүүс байнга нүд тавьж явдаг гэнэ. Учир нь хэрэв тэр нуурт үхрийн баас үзэгдвэл үзсэн айлын үхэр өсдөг гэсэн домогтой юм байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn