Завханы 290 гаруй соёлын биет бус өвийг өвлөн тээгчид өрсөлджээ

946
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт соёлын биет бус өвийн бүтээлийн, өсвөрийн морин хуурчдын VII уралдаанууд амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг хамгаалах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг илрүүлэх, дэмжих, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах, шинэ залуу ардын авьяастныг төрүүлэх зорилгоор Соёлын биет бус өвийн бүтээлийн уралдааныг энэ жил Улиастайд анх удаа зохион байгууллаа. 
Уралдаанд сумдын Соёлын төвүүд соёлын биет бус өвийн таван ай сав болох эх хэл, аман уламжлалын илэрхийллүүд, ардын язгуур урлаг, үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэгээрээ өрсөлджээ.
Мөн монгол зан заншил, уламжлалт арга технологи, ардын уламжлалт гар урлалын нэг төрлийг сонгон авч, 15-25 минутын найруулга бүхий бүтээлээр оролцсон байна. Бүтээлийн уралдаанд монгол наадам, монголчуудын хуримлах, бэр гуйх, эсгий хийх ёс, язгуур урлаг, үлгэр домог, ботго авахуулах зан үйл, хүүхдийн сэвлэг үргээх ёс, хүүхэд угаах зан үйл зэрэг төрлөөр 22 сумын 292 соёлын биет бус өвийг өвлөн тээгч, ардын авьяастан өрсөлджээ.
Соёлын биет бус өвийн бүтээлийн уралдааны тэргүүн байрыг Идэр сумын “Монгол гэр барих ёс” бүтээл, дэд байрыг Улиастай сумын “Монгол хуримын ёс” бүтээл, гутгаар байрт Их-Уул сумын “Монгол ахуй” бүтээл, тусгай байрыг Тосонцэнгэл сумын “Монгол наадам” бүтээл, Отгон сумын “Монголын нэг өдөр” бүтээл тус тус эзэлжээ. 
Мартагдаж устах аюулд орсон нутгийн ардын дууг сэргээн дуулсан нь онцлог байв

Соёлын биет бус өвийн бүтээлийн уралдааныг Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн захирал, дэд профессор, хөгжим судлаач Г.Ганцэцэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөөмийч, СУИС-ийн хүндэт доктор, Монгол хөөмэйн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн Б.Одсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Хөгжмийн зохиолч С.Тараа, СУИС-ийн докторант Б.Баасансүрэн нар хүрэлцэн ирж шүүжээ.
Энэ үеэр шүүгчид: “Дэлхий ертөнц даяарчлагдаж буй 21-р зуунд Монгол үндэстний дархлаа болсон соёлын үнэт өвөө авч үлдэх. Ондооших боломж нь соёлын биет бус өвийн төрөл зүйлүүдээ залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, шавь сургалтыг дэмжих, нутгийн өв соёлын онцлог, өвлөн уламжлагчдыг дэмжих явдал юм.
Мөн соёлын биет бус өвөө хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах талаар зөвлөн туслах юм. Тиймээс энэ удаагийн уралдааны үеэр мартагдаж устах аюулд орсон нутгийн ардын дуу “Богдын өндөр” уртын дууг сэргээн дуулсан Идэр сумын ардын авьяастнууд, Отгон сумын хуурын татлага, хулсан хуур, үлгэр ярьсан ардын авьяастнууд, Тэс сумын урианхай биелгээ, “Жаран цагаан хонь” нутгийн ардын дууг сэргээн дуулсан ардын авьяастнууд, Баянтэс сумын биелээч нарт баяр хүргэж байна. Монгол хүн, монгол үндэстний амин дархлаа болсон монгол өв соёлоо дээдлэх, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх цаг үеэ олсон уралдаан болж буйд талархаж байна” гэв.
Цаашид нутгийн өвөрмөц онцлог, түүхийг харуулсан дуу хуур, бүжиг наадам, нутгийн ардын дууг сэргээн дуулах, хойч үед өвлүүлэн үлдээх, шавь сургалтыг дэмжих, судалгааны эргэлтэд оруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг онцолсон тухай Завхан аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn