Шилдгээр шалгарсан Их-Уул сумын Соёлын төвд фургон автомашин гардуулжээ

451



Завхан/МОНЦАМЭ/.Иргэдийг соён гэгээрүүлэх үйлсийг эрчимжүүлэх, соёлын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээг олон төрөл, шинэлэг хэлбэрээр хүргэх зорилгоор манлай соёлын төвүүдээ шалгаруулжээ.

Манлай соёлын төвүүдийг шалгаруулах уралдааныг өнгөрсөн жилийн 9 дүгээр сараас эхлүүлж энэ жилийн зургаадугаар сард шалгаруулж урамшуулжээ. Уралдаанд тус аймгийн 24 сумын соёлын төвүүд идэвхтэй оролцож, соёлын ажилтан, уран бүтээлчдийн идэвх санаачилга сайжирч соёлын бүхий л талын үйлчилгээ шинэлэг хэлбэрээр сум бүрд өрнөжээ.


Уралдааныг дүгнэхдээ соёлын байгууллагад ажиллаж буй ажиллагсдын ажлын үр дүнг үнэлж, шилдэг хамт олон, шилдэг соёлын ажилтныг шалгаруулж фургон автомашины болзолтой урамшуулсан.  

Уралдааны үр дүнд аймгийн 23 суманд соёлын үйлчилгээг цар тахлын үеийн хөл хориотой уялдуулж шинэлэг хэлбэрээр зохион байгуулсан байгаа. Тухайлбал соёлын төвүүд онлайнаар соёлын үйлчилгээг иргэдэд хүргэсэн байгаа. Түүнчлэн соёлын байгууллагууд гадна, дотор талынхаа тохижилт бүтээн байгуулалтын ажлыг өөрсдийн хүчээр засаж янзалж иргэдэд нээлттэй хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх олон талын үйлчилгээг бий болгосон нь уралдааны үр дүн юм.

Уралдааныг үндсэн таван үзүүлэлтээр дүгнэсэн бөгөөд соёлын байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажил, иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр хийсэн ажлуудаар нь дүгнэж оноо өгсөн.

Мөн иргэдийн зүгээс өгч буй үнэлгээ, хамт олны багийн үйл ажиллагааг тооцож, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Төв номын сан, Музейгээс ажлын хэсэг гарч сар бүр үнэлгээ хийсэн. Уралдааны явцад аймгийн Засаг даргын “Ард иргэдээ  сонсох аян”-ы үнэлгээ болон хэрэглэгчийн үнэлгээг дөрвөн удаа хийж, Соёлын төвүүдэд зөвлөн тусалж, уралдааны хэрэгжилттэй тухай бүр танилцаж байсан. Уралдааныг бага онооны системээр дүгнэсэн ба номын сангийн уншигчдын тоо, бүтээлч ажил, уралдааны үеийн орлого, соён гэгээрүүлэх ажлын тайлан мэдээлэлд хяналт үнэлгээг хийсэн байгаа хэмээн аймгийн Боловсрол соёл урлагийн газраас мэдээлэв.


Уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар сайжирчээ


Манлай соёлын төвүүдийг шалгаруулах уралдааныг дүгнэж шилдэг соёлын төвөөр Их-Уул сумын соёлын төв шалгарч УАЗ фургон маркийн автомашинаар шагнуулжээ.   

Харин дэд байранд Асгат сумын Соёлын төв шалгарч зөөврийн компьютероор, гуравдугаар байранд Идэр сумын Соёлын төв шалгарч суурин компьютероор тус тус шагнуулсан байна. Тусгай байрд Түдэвтэй, Тэс, Нөмрөг, Баянхайрхан, Тосонцэнгэл, Сантмаргаз сумууд шалгарч тус бүр Өргөмжлөл 500 мянган төгрөгөөр шагнууллаа. Шилдэг соёлын төвийн эрхлэгчээр Тэс сумын соёлын төвийн эрхлэгч С.Мартбаяр, шилдэг музейн ажилтнаар Сонгино сумын Соёлын төвийн музейн ажилтан Н.Цэрэн-Очир, шилдэг номын санчаар Дөрвөлжин сумын Соёлын төвийн номын санч Р.Өлзийжаргал нар шалгарчээ.

Харин шилдэг хөгжмийн багшаар Шилүүстэй сумын Соёлын төвийн хөгжмийн багш Б.Одонхүү, шилдэг үйлчилгээний ажилтнаар Цагаанхайрхан сумын Соёлын төвийн үйлчлэгч Б.Дашжаргал нар шалгарлаа. 

Шилдгээр шалгарсан Соёлын төвүүд нь угтах үйлчилгээ, хог ангилан ялгах сав, бэлтгэл өрөөний тохижилт, ус ариун цэврийн байгууламжийн шинэчлэлт зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна. Завхан аймгийн 23 сумын Соёлын төвүүдийн дунд анх удаа фургон авто машины болзолтойгоор зохион байгуулсан энэхүү уралдааны үр дүнд сумын Соёлын төвүүдийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарсан. Хөдөөгийн иргэдийг соён гэгээрүүлэх шинэлэг ажлууд нэмэгдсэн, соёлын ажилтан, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадвар, багаар ажиллах чадвар ч сайжирсан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.




Сумын номын сан жилдээ 900 гаруй уншигчид байнгын үйлчилдэг гэв


Манлай соёлын төв шалгаруулах уралдаанд идэвхтэй оролцсон Цагаанчулуут сумын номын сан фондоо арвижуулж иргэдийг хүссэн номоо гэрээр уншихад нь тусалж байна.

Тус номын сан COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийг номын санд ирж үйлчлүүлэх бус гэрээр хүссэн номоо захиалан унших боломжийг олгожээ. Хорио цээрийн үед ном уншиж мэдлэг мэдээллээ тэлэх, гар утас, компьютерын дэлгэцээс хол байж нүдээ хамгаалахыг мөн уриалжээ.

Тус номын сан 170 гаруй түүхэн болон уран зохиолын номоор фондоо арвижуулжээ. Харин төсвийн хөрөнгөөр жилд 100,0 мянган төгрөгөөр шинэ ном худалдан авдаг бол бусад төсөл хөтөлбөрийн шугамаар шинэ ном байнга нийлүүлдэг байна. Өнгөрсөн онд л гэхэд 2537,0 төгрөгийн шинэ ном иржээ. Мөн эднийд ховор ном олон байдаг ажээ. Тухайлбал уйгуржин монгол бичгээр бичсэн 20 гаруй судар байдаг аж. Номын сангаар нэг ээлжид 35 уншигч үйлчлүүлдэг бөгөөд 1000 гаруй байнгын үйлчлүүлэгч байдаг. Жилдээ 922 уншигч байнгын харилцаатай байдаг тухай Цагаанчулуут сумын номын сангаас мэдээлэв. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn