АЙЛЧЛАЛ: Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

35

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 9 дүгээр сарын 15-ны өдөр болов. Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ. Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.

Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо. Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.

Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.

“Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын газарзүйн байршлын онцлогт тулгуурлан олон улсын транзит тээврийг хөгжүүлэх, энэ хүрээнд гурван улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрт тусгасан төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь чухал байгааг онцлов. Түүнчлэн дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг гурван улсын хүчин чармайлтыг нэгтгэж, байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг уялдуулан, Монгол Улсад хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлэв.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд эдийн засгийн үр өгөөж өндөртэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь Монгол Улсад чухал буйг онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Эгийн голын усан цахилгаан станц” байгуулах төслүүдэд хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллах саналаа илэрхийлсэн бөгөөд энэ чиглэлд шинжээчдийн түвшинд ажиллахаар болов.

Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгасан томоохон төслүүд хэрэгжиж эхлээд байгаа энэ үед 2018 онд тохиролцож байсны дагуу Хөрөнгө оруулалтын хамтарсан төвийг Улаанбаатар хотноо байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.

Үүнээс гадна шинжлэх ухаан, соёл, боловсрол, хүмүүнлэг, аялал жуулчлал, гамшигтай тэмцэх зэрэг гурван улсын хамтын ажиллагааны бусад салбарт анхаарал хандуулах хэрэгтэйг онцоллоо. Талууд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт амжилттай болж, хамтын ажиллагааны олон асуудлаар санал нэгдсэн гэдгээ дүгнэн тэмдэглэв.

Монгол Улс 2012 оноос эхлэн ОХУ, БНХАУ-тай гурван талаар эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит коридор байгуулах саналыг дипломат шугамаар илэрхийлж ирсний үр дүнд гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтыг зохион байгуулах болж, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан болно.

Стратегийн түнш, хөрш орнуудын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх зорилго бүхий энэхүү уулзалтыг 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойш “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг байгуулж, хэрэгжүүлэх чиглэлд гурван талаас томилсон Ажлын хэсгийн дарга нарын уулзалт болон шинжээчдийн түвшний уулзалтыг тогтмол зохион байгуулж ирлээ. Гурван талт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах хүрээнд гурван улсын дэд сайд нарын уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалт нь КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс үүдэн 2019 оноос хойш түр хугацаанд завсардаад байв.

Энэ жилийн Төрийн тэргүүн нарын уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин даргалсан бөгөөд ирэх жилийн уулзалтыг БНХАУ-ын дарга, үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч даргална.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn