ЗАВХАН: Малын нийт хашаа хорооны 80 орчим хувийг засварлажээ
Тус аймгийн хэмжээнд бэлчээрийн даац хэтэрсэн, гандуу байгаа энэ үед өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд, худаг усны асуудлыг бодлогоор анхаарч байна. Аймгийн хэмжээнд бэлчээр болон сумын төвд байрлалтай 616 худаг байдаг. Үүнээс сумын төвд 89, бэлчээрт 397 худаг ажилладаг. 123 худаг ажилладаггүй, засварлах шаардлагатай байгаа. Алдархаан, Дөрвөлжин, Сантмаргац, Ургамал, Идэр, Цэцэн-Уул, Шилүүстэй зэрэг сумдын худаг усны хүртээмж дутмаг буюу 66-85 хувьтай байна.
Харин Малын хашаа хорооны байдал 24 сумын хэмжээнд нийт 12639 хашаа байна. Орон нутаг, малчид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан нийт хашаа, хорооны 80 орчим хувийг засварлаж, дулаалсан байгаа. Говийн бүсийн сумдын малчин өрхийн 40-өөс доош хувьд дулаан хашаатай бол дийлэнх хэсэг нь задгай бор хонд, хуучин чулуун хороонд өвөлжиж байна. Тиймээс эдгээр газруудад малын хашааг засварлах, шинээр барих ажлыг сумууд, малчидтай хамтран зохион байгуулж байгаа. Энэ онд орон нутгийн төсвөөр гурван худаг, улсын төсвөөр таван худаг төлөвлөгдсөн боловч Төрийн хэмнэлтийн тухай хуулиар цуцлагдсан байна гэж аймгийн ХХААГ-аас аймгийн Онцгой комиссын хурлын үеэр мэдээлэв.