ЗАВХАН: Отроор өвөлжихдөө малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг онцгой анхааруулав
Тус аймагт улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан Шуурхай бүлэг ажиллаж байна. Шуурхай бүлэг өнөөдөр Завхан аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцан, ажлыг эрчимжүүлэх. Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, хүнс тэжээлийн бэлтгэлийн ажилтай танилцах. Отор нүүдлийн явцтай газар дээр нь танилцаж ган зудын аймгийн эрсдэлийн үнэлгээний төлөвлөгөөг үзэж заавар зөвлөгөө өглөө.
Ялангуяа отор нүүдлийн судалгааг нарийвчлан гаргах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд малчин, орон нутгийн удирдлагууд хамтран ажиллаж хяналтыг сайжруулж хариуцлагатай ажиллах. Жил бүр бэлчээрийг сэлгэх, өнжөөх, бэлчээр хамгаалах ажлыг эрчимжүүлэх, отроор яваа малчдын нарийн судалгааг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнсний хангамжийн хүртээмжийг нэмэх. Отроор яваа малчид болон, сум аймгийн Засаг дарга нар болон салбарын шийдвэр гаргах түвшний хамтын ажиллагааг хариуцлагажуулж удирдлагаар хангахыг ажлын баг зөвлөлөө.
Шуурхай бүлгийн ажлын багт ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Г.Наранчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн улсын ахлах байцаагч Л.Нямхүү, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтэн Г.Пүрэврагчаа, Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн кластерын зохицуулагч С.Жигжидпүрэв нар ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа гэв
Аймгийн Онцгой комиссын хуралд Завхан аймгийн 24 сумын Засаг дарга нар, Онцгой комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.
Завхан аймгийн тухайд 2022-2023 оны өвөл 4.05 сая толгой мал өвөлжих судалгаа гарсан байна. Аймгийн хэмжээнд 2022 онд төллөх насны 1519.3 мянган хээлтэгч малын 89.8 хувь нь төллөж, 1337,2 мянган төл бойжсон. Аймгийн дүнгээр 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 9.1 мянган том мал зүй бусаар хорогдсон ба өнгөрсөн оны мөн үеэс 80.8 хувь буюу 38.2 мянган толгойгоор буурсан үзүүлэлттэй байна.
Тус аймагт зуншлага тааруу байсан. Нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, 40 орчим хувь нь дунд буюу гандуу намартай золгосон. Нийт нутгаар бэлчээрийн ургамал ургах хугацаа буюу 5-8 дугаар сарын агаарын дундаж температурыг олон жилийн дундаж нормтой харьцуулахад тав, зургаадугаар сард олон жилийн дунджаас дулаан, долоо, наймдугаар сард олон жилийн дунджийн орчим дулаан байсан. Хур тунадасны хувьд 5-8 дугаар сард олон жилийн дунджаас бага хур тунадас орсон.
Тиймээс цаг агаарт зориуд нөлөөлөх үйл ажиллагааг 12 удаа явуулсан ба нийт 30,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ өвөл, ирэх хавар өвөлжилт, хаваржилт нийт нутгаар хүндрэх төлөвтэй байгаа.
Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар бэлчээрийн даац 33 хувь нь хүрэлцээтэй буюу нөөцтэй, 41 хувь нь нэгээс гурав дахин хэтэрсэн, найман хувь нь гурваас тав дахин хэтэрсэн, 18 хувь нь олон дахин хэтэрсэн дүнтэй гарсан байна.
Өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа учраас малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай.
Завхан аймаг 2022-2023 онд хүнсний хэрэгцээнд224,181толгой мал, зах зээлд нийлүүлэх746,423 толгой мал худалдан борлуулахаар судалгаа гарсан байна. Харин төв суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээнд 128,5 тн мах нөөцлөх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тиймээс мал, махны экспорт, Улаанбаатар хотод худалдан борлуулах шаардлагатай байгааг Шуурхай бүлэгт дуулгав.
Сумдын аюулгүй нөөцийн тэжээл бэлтгэл 7.8 хувьтай байна
Аймгийн 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах хүрээнд аймгийн Онцгой комиссыг хоёр удаа хуралдуулж, аймгийн Засаг даргын албан даалгавар нэг, албан мэдэгдэл хоёр, албан бичиг гурав, төлөвлөгөө нэг гарч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Мөн аймгийн Засаг даргын 2022 оны А/419 тоот “Өвөлжилтийн бэлтгэл хангах, ажлын баг байгуулах тухай” захирамжаар хөдөө аж ахуйн салбарын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын багийг байгуулсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах хүрээнд хоёр ажлын баг 24 суманд ажиллажээ. Түүнчлэн аймгийн малчдын зөвлөгөөнийг өнгөрсөн сард зохион байгуулж, 24 сумын 200 малчин, мал бүхий иргэдэд 2022-2023 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын мэдээлэл, сургалтыг хийжээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүйн нөөцөд 266 тн өвс бэлтгэсэн. Малын тэжээл бэлтгэхээр аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд 100 сая төгрөг, ИТХ-аар 190 сая төгрөг нэмж төсөвлөн худалдан авалт хийхээр ажиллаж байна. Сумдын аюулгүйн нөөцөд өвс бэлтгэл 11.7 хувь, тэжээл бэлтгэл 7.8 хувьтай байгаа.
Энэ жил аймгийн хэмжээнд бэлчээр хамгаалах ажлыг тодорхой хэмжээнд хийсэн. Тухайлбал, аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 65,2 сая төгрөгөөр үлийн цагаан оготнотой тэмцэх тоног төхөөрөмжийг авч 21 суманд хүлээлгэн өгсөн. Ингээд зургаан суманд буюу Түдэвтэй, Баянтэс, Отгон, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу суманд бэлчээр хамгаалах арга хэмжээг явуулж, нийт 317 хүн, техник хэрэгсэл оролцож, 5517 га талбайд оготно устгалын ажлыг хийгээд байгаа гэв.