ЗАВХАН: 100 жилийн ойн үеэр автозамын таван цэгт хурд хэмжигч ажиллана

151


Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирдог. Мөн тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал эрс ихэсдэг. Тус аймаг энэ жил түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн яаж зохицуулах, цаг үеийн зарим асуудлаар Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Гантулгаас тодруулга авлаа.
-Амралт, аялал зугаалгын улирал айсуй. Энэ зун Завхан аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн хэд хэдэн сумын ой болно. Энэ үеэр ачаалал ихсэх байх. Замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах бэ?
-Сүүлийн жилүүдэд иргэд орон нутгийн аялал зугаалга их хийдэг болсон. Мөн энэ жил Завхан аймгийн болон зарим сумын тэмдэглэлт ой болохтой холбоотойгоор аймгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Тиймээс улсын чанартай хатуу хучилттай авто замд жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байхад анхаарч хоёр цэгт дундаж хурдны хяналтын камерыг ажиллуулна. Таван цэгт зөөврийн хурд хэмжигчийг цагийн менежментээр ажиллуулж хурд хэтрүүлэх, зам тээврийн осол хэргийг бууруулах чиглэлээр жолооч нарт анхааруулга, сэрэмжлүүлэг өгнө. Жолооч нараас хурд хэтрүүлэхгүй байх “Жолоочийн амлалт” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Ингэхэд, орон нутгийн замд хурд хэмжигч ажиллуулах нь ямар давуу талтай байдаг вэ?
-Манай аймгийн хувьд хатуу хучилттай авто зам сүүлийн жилүүдэд ашиглалтад орсон эвдрэл багатай учир жолооч нар хурд хэтрүүлэх хандлагатай байдаг. Хурд хэмжсэнээр зам тээврийн осол буурна гэж үзэж байгаа.
Мөн жолооч нар ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос зам тээврийн осол нэлээдгүй бүртгэгдэх болсон. Учир нь Улаанбаатар хотоос Завхан, Увс аймгийн чиглэлд ихэнхдээ өглөө эрт эсвэл орой гардаг. Ингээд явсаар, Завхан аймгийн нутагт орж ирэхэд өглөө эрт гарсан нь орой эсвэл шөнө, орой гарсан нь өглөөгүүр дамжин өнгөрдөг.

Энэ цаг хугацаа нь хүний амрах цагтай таардаг болохоор жолооч нар нойрмоглох тохиолдол их байна. Иймд иргэд жолооч нартаа зөвлөхөд, хурд хэтрүүлэхгүй, ядарсан нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна. 

-Орон нутгийн замын онцлог гэж байдаг байх?
-Тийм ээ. Орон нутаг руу зорчиж байгаа зарим иргэд маань тухайн зорчиж байгаа замаар байнга явдаггүй учраас автозамын эвдрэл гэмтэл, эргэлт тойруу, даваа гүвээ зэргийг мэдэхгүй. Тооцоолохгүйгээр хурд хэтрүүлэх, олон цагаар тасралтгүй жолоо барьснаас шалтгаалан ядарч, зүүрмэглэх. Мөн батлагдсан зам маршрутаас гарч үер усны аюулд өртөх, төөрөх зэрэг шалтгаанаас болж гэр бүл, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулж байна. 
Тиймээс Замын цагдаагийн газраас болон хөдөлгөөнт эргүүлд ажиллаж буй алба хаагчид, орон нутгийн замд зорчиж буй иргэд, жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй.

Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхэд анхаарах. Үзэгдэх орчин хангалтгүй үед гэрлээ шилжүүлэх. Батлагдсан гүүрэн байгууламж, зам, маршрутаас гарахгүй аялж зугаалахыг байнга сануулж, зөвлөж байна.

Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах, жолооч зорчигч нар хамгаалах малгай, бүсийг тогтмол хэрэглэх.
Зайлшгүй зогсолт хийсэн жолооч зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авах болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, журам, стандартыг мөрдөж, хөдөлгөөндөө дэг журамтай, соёлтой оролцохыг нийт иргэд, жолооч нартаа уриалж, анхааруулж байна. 

“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяны хүрээнд дээрх анхааруулга уриалгыг жолооч, иргэн бүрт сануулж, анхааруулах ажлыг хийнэ. Ер нь авто зам дээр хурдалснаар биш эрүүл аюулгүй явснаар таны жолооны ур чадвар хэмжигддэг юм шүү.

-Ер нь аймгийн хэмжээнд зам тээврийн аюулгүй байдлыг хангахын тулд танайхаас жилд хэчнээн удаа төлөвлөгөөт арга хэмжээг явуулж байна?
-Энэ жил хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах зорилгоор Тээврийн цагдаагийн албаны даргын баталсан календарчилсан төлөвлөгөөний дагуу нэгдсэн 12 арга хэмжээг зохион байгуулна.
Он гарсаар орон нутгийн онцлогт тохируулсан “Орон нутгийн зам-хяналт шалгалт”, төлөвлөгөөний дагуу “Сар шинэ”, “Уусан бол бүү жолоод”, “Автомашины утаа”, “Халтиргаа”, Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал”, Зам, замын байгууламжийн хяналт”, “Мотоцикл ба хамгаалах малгай” зэрэг арга хэмжээг зохион явуулаад байна.


Цаашид урин дулаан цаг ирж иргэд хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн ихсэхтэй уялдуулж “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2023” арга хэмжээг улсын хэмжээнд гурван сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа.  
-Завхан аймагт бүртгэгдсэн зам тээврийн зөрчил, ослын тоог өнгөрсөн жилтэй харьцуулбал?
-Завхан аймгийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн 18 осол, хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч хүний амь нас хохирсон зам тээрийн осол нэг бүртгэгдсэн нь 100 хувь өссөн байна.
-Танд баярлалаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZAVKHAN.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zavkhan.nutag.mn